Улстөр нийгэм
ХЗБХ: Байнгын хорооны тогтоолуудыг батлав
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав.
Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.
Дээрх хугацаанд тус Байнгын хороо Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар зарим асуудлыг тодруулж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжиж, “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” тогтоол батлагдав.
Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжснээр “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа.
Улстөр нийгэм
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Улстөр нийгэм
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.
