Шударга мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудаг хүндэтгэн бараалхаж, өдрийн зоог барив. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Талууд хоёр улсын худалдааны нийт эргэлт 2022 онд түүхэн дээд хэмжээнд буюу 100 орчим сая ам.долларт хүрч, сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэнийг онцолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, урт, дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн бүтээн байгуулалт, экспортыг тэтгэсэн томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Тээвэр логистикийн асуудал чухлаар тавигдаж байгаа өнөө үед "Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" байгуулсныг сайшааж, энэ хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Ази-Европыг холбосон тээврийг хөнгөвчлөх, худалдааны эргэлтийг өсгөхөд таатай нөхцөл бүрдэж байгааг тэмдэглэв.
Мөн хоёр улс геологи, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодит ахиц гаргаж ажиллахаар тохиролцлоо.
Шударга мэдээ
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор боллоо
Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд өөрчлөлт орууллаа.
Өмнөх журмын хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохгүй гэсэн заалт нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байна гэх гомдол удаа дараа гарч байсан.
Тиймээс 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 2.3.7 дахь заалтыг “жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа, хүүхдээ асрах чөлөөтэй байсан эхний нэг жил /12 сар/ хүртэлх хугацаа” гэж өөрчлөн найруулахаар тогтов.
Салбарын хэмжээнд нийт 92,000 орчим албан хаагч ажиллаж байгаагаас нэг жилд дунджаар 1,300 орчим албан хаагч хүүхдээ асрах чөлөө авч байна. Журам өөрчлөгдсөнөөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын 2024 оны төсөвт нөлөө үзүүлэхгүй бөгөөд бусад нийгмийн салбарт ажиллагсадтай ижил, тэгш боломжийг бүрдүүллээ гэж БШУЯ-наас мэдээллээ.
Шударга мэдээ
Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Энэ долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт 9 дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
2024 оны гуравугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махныг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Шударга мэдээ
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн засварлана
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм.
Хоёрдугаар хэсэгт /Төмөр замын гармаас Улиастайн гүүр/ хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл