Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ч.Болорцэцэг: ААН-ийн орлого 50 сая төгрөгнөөс доош бол хялбаршуулсан горимоор тайлан өгнө

Огноо:

,

Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой тайлангийн журамд орсон өөрчлөлтийн талаар  ТЕГ-ын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ч.Болорцэцэгтэй ярилцлаа.

-Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой ААН-үүдийн тайлан илгээх журамд ямар өөрчлөлт орсон бэ?

-2019 оны 03 дугаар сарын 22-нд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын  хууль, Хүн амын орлогын албан татварын хууль  батлагдсан. Үүнтэй холбоотойгоор татвар төлөгчтэй холбоотой нийтээр дагаж мөрдөх 35 журмын төслийг татвар төлөгчөөр хэлэлцүүлэн санал  авах ажлыг Татварын албанаас 11 дүгээр  сарын 11-22-нд зохион байгуулж байна.  Үүний нэг нь “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх” журам юм. Татварын хуулиуд шинэчлэгдэн батлагдсантай холбоотой дээрх журамд хэд хэдэн чухал өөрчлөлт орсон. Үүнд:

  1. Тухайн төрлийн татварын хуульд заасан тайлан тушаах хугацаанд  татвар төлөгч цахимаар тайлан үйлдэж, тушаах үед болон тухайн төрлийн тайлан тушаах хуулийн хугацаа дуусмагц цахимаар тушаасан тайланг татварын алба цахим системээр хянан,  боловсруулалт хийж хүлээн авна.
  2. Тайланд залруулга хийх үйлдлийг хуульчилсан. Өмнө нь тайланд залруулга хийх үйлдэл нь журмаар зохицуулагдаж байсан бол одоо Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд тайланд залруулга хийх тухай бүлэг заалт тусгагдсан.
  3. Татвар төлөгч хялбаршуулсан горимоор татварын тайланг тушаах  боломжтой.
  4. Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж эзэмшиж буй тусгай зөвшөөрөл тус бүрээр  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргаж, татварын тооцоо хийхээр байна.

-Хялбаршуулсан горимоор тайлан өгнө гэдгийг энгийнээр тайлбарлавал?

-Энэ нь өмнөх тайлант жилийн борлуулалтын орлогоос хамаарах ба татвар төлөгчийн үйл ажиллагааны нийт орлогын дүн 50 сая төгрөгөөс бага байх, мөн хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэггүй, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй ААН, хувь хүн хялбаршуулсан горимоор тайлан тушааж болно. Хялбаршуулсан тайлан тушааж байгаа татвар төлөгчийн тухайн жилийн үйл ажиллагааны нийт борлуулалтын орлогод нэг хувиар албан татвар ногдуулна. Хялбаршуулсан горимоор тайлан өгөх хүсэлтийг  цахим системээр татварын албанд ирүүлж бүртгүүлснээр жилийн эцэст нэг л удаа тайлан тушаана гэсэн үг.

-Хялбаршуулсан тайлан тушаахад юуг анхаарах вэ?

-Татвар төлөгчийн борлуулалтын орлого цахим төлбөрийн баримтын систем /ebarimt,mn/-д заавал бүртгэгдсэн байх шаардлагатай. Хялбаршуулсан горимоор тайлан тушаахад өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй, ямар нэгэн зардал хасахгүйгээр зөвхөн л нийт орлогын дүнд 1 хувиар татвар ногдуулж тайлагнана.

-Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн тайлангийн талаар?

-Өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд хайгуулын болон ашиглалтын хичнээн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буйгаас  үл хамааран нэгдсэн тайлан өгдөг байсан бол одоо эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг гаргах ба албан татварын тооцоог тус тусад нь хийхээр хуульчлагдсан. Ашигтай ажилласан ордын татвар ногдуулах орлогоос хайгуулийн зардлыг хасаж тооцохгүй л гэсэн үг юм.  Тэгэхээр одоо шинэ хуулиар ашигтай бол ашигтай, алдагдалтай бол алдагдалтайгаар нь тусгай зөвшөөрөл тус бүрээрээ  тайлан гаргаж ирүүлнэ.   

-Тайланд хянан боловсруулалт хийх талаар тодруулбал?

-Тухайн төрлийн тайлан тушаах хуулийн хугацаанд татвар төлөгч тайлангаа үйлдэж тушаах үед, мөн хуулийн хугацаа дуусмагц татварын алба тайланг хүлээж авах үед 2 удаа хянан боловсруулалтыг хийж байгаа. Бид хууль шинэчлэгдэн батлагдахаас өмнө буюу 2016 оны жилийн эцсийн тайланг хүлээн авахаас эхлэн татвар төлөгчийг эрсдэлээс хамгаалах зорилгоор хянан боловсруулалт хийж тайланг хүлээн авч эхэлсэн. Хянан боловсруулалт хийнэ гэдэг нь энгийнээр хэлбэл татвар төлөгчийн тушаасан тайлангийн мэдээллийг холбогдох бусад тайлан, бусад байгууллагаас ирүүлсэн хөндлөнгийн мэдээлэлтэй системийн аргаар харьцуулан шалгаж, хүлээн авч буй үйл ажиллагаа юм. Жишээ нь: ААНОАТ-ын тайлангийн борлуулалтын орлогыг и баримтын систем дэх борлуулалтын орлоготой харьцуулах, өмнөх сар, улирлын тайланг ирүүлсэн эсэх, өссөн дүнгээр тайлагнасан эсэх гэх мэт. Бид хянан боловсруулалт хийгээд зөрүүгүй тайланг хүлээн авна, хэрэв зөрүү илэрвэл зөрүүг залруулж тайлан тушаах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ. Тайлан залруулах шаардлага хүлээн авсан татвар төлөгч шаардлага хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан тайланг залруулж ирүүлэх эсвэл тайланг залруулах шаардлагагүй бол тайлбараа ирүүлж болно. Татвар төлөгчийн цахимаар ирүүлсэн тайлан болон хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар тухай бүр татвар төлөгчид мэдэгдэнэ.

-Хянан боловсруулалт хийгээд татвар төлөгчид мэдэгдэнэ гэлээ. Хэрхэн яаж мэдэгдэх вэ?

-Өмнө нь бид татвар төлөгчийн тайлан болон хүсэлтийн шийдвэрлэлтийн мэдээллийг зөвхөн цахим системийн мэдэгдлээр хүргүүлдэг байсан бол одоо татварын албанд бүртгэлтэй цахим шуудангийн хаяг, гар утсаар нь давхар хүргүүлдэг болсон. Шинээр бүртгүүлж байгаа татвар төлөгч цахим татварын системд анх нэвтэрч орохдоо мэдээлэл хүлээн авах цахим шуудангийн хаяг, гар утсаа баталгаажуулдаг болсон. Мөн хуучин бүртгэлтэй байсан татвар төлөгчид ч холбоо барих мэдээллээ хянах, шинэчлэн баталгаажуулах боломжтой байгаа. Иймд татвар төлөгчид маань хэрвээ холбоо барих хаяг, утсаа өөрчилж байгаа бол тухай бүртээ мэдээллээ шинэчилж баталгаажуулж байх шаардлагатай. Ингэснээр татварын тайлангийн мэдээлэл цаашлаад татварын албаны үйл ажиллагааны хөгжил, системийн өөрчлөлт гэх мэт татвар төлөгчид шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой юм.

-Тайлан тушаах хугацааны хувьд өөрчлөгдсөн зүйл байгаа юу?

-ААНОАТ-ын тайлан тушаах хугацаанд өөрчлөлт орсон. Энэ нь өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлогоос хамаараад жилд 1 удаа, 2 удаа, 4 удаа тайлагнахаар байгаа. Бусад тайланд өөрчлөлт ороогүй. Энд нэг зүйлийг нэмж тодруулахад зөрүүтэй тайлан залруулах, татвар төлөгчийн хүсэлтээр тайлан залруулах, хоцорсон тайлан тушаах тохиолдолд татварын алба тайлан тушаах боломж олгосноос хойш ажлын 3 өдөрт багтаан тайланг тушаахаар журамлагдсан. Өмнө нь татварын алба тайлан засварлах, хоцорсон тайланг тушаах хүсэлтийг зөвшөөрсний дараа татвар төлөгч өөрөө хуулийн хугацааг эхлүүлж тайланг шивдэг байсан бөгөөд хуулийн хугацааг эхлүүлтэл хэдэн ч өдөр болсон “Хуулийн хугацааг эхлүүлнэ үү” гэсэн төлөвтэйгөөр хүсэлт хадгалагддаг байсан бол одоо ажлын 3 өдөр өнгөрөхөд хүсэлт хүчингүй болж тайлан засварлах боломж хаагдана. Иймээс татвар төлөгчид маань хуульд заасан хугацаандаа амжиж залруулсан болон хоцорсон тайлангаа тушаахыг анхаарах хэрэгтэй байна.

-Хэрвээ хуулийн хугацаандаа амжиж тайлангаа ирүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээх үү?

-Татварын ерөнхий хуульд “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг тодорхойлж өгсөн байгаа. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантайгаар татварын тайланг тушаагаагүй бол татварын албанд тайлан тушаах хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлнэ. Татварын алба хүсэлтийг хянаж, тайлан тушаах боломжийг олгоно. Харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тайланг тушаагаагүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцуулснаар тайлан тушаах боломжтой болно.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох