Цаг үе
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна.
2023 оны тавдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.
2023 оны тавдугаар сарын 13-наас
2023 оны тавдугаар сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-наас ихэнх нутгаар сэрүүснэ.
Цаг үе
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Цаг үе
Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ
Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.
Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн. Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэлээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл