Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Булган аймгийн иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан саналаа илэрхийллээ

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авах үүрэгтэй. Энэ дагуу УИХ-ын гишүүд ажиллаж байна.

Булган аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан саналаа илэрхийллээ

УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Баяннуур, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдад ажиллаж, тойргийн иргэд сонгочдодоо Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг холбогдох судалгаа мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Төслөөр иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар танилцуулж, холбогдох судалгаа, мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Уулзалтад оролцсон иргэд дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан иргэдийн байр суурийг сонсож, саналаа илэрхийлж байв. Үргэлжлүүлэн тэрбээр энэ сарын 12-ны өдөр Булган аймгийн Сайхан, Баян-Агт суманд, 13-ны өдөр Тэшиг, Булган суманд, 14-ний өдөр Бугат суманд тус тус ажиллаж, иргэдэд төслийн талаар танилцуулж, саналыг авч ажиллана.

Хөвсгөл аймгийн иргэдэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулав

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр Тариалан суманд ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ. Иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар танилцуулж, холбогдох судалгаа, мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан иргэдийн байр суурийг сонсож, саналыг авав. Үргэлжлүүлэн тэрбээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Их-Уул, Мөрөн сум болон Хатгал тосгонд ажиллахаар төлөвлөсөн байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт ажиллаж байна

УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар Завхан аймгийн иргэдэд танилцуулж, иргэдийн саналыг авах уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан зохион байгуулж байна. Тэрбээр энэ өдрүүдэд Их-Уул, Тэлмэн, Идэр, Түдэвтэй суманд ажиллажээ. Төсөл дэх УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоотой болгох өөрчлөлт, төлөөллийн чадавхийг бэхжүүлэх үүднээс нийгмийн бүлгүүд, салбарын төлөөллийг багтаах агуулгаар парламентыг өргөтгөж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхтэй холбогдуулан иргэд саналаа илэрхийлсэн байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Архангай аймгийн иргэдэд танилцуулж, саналыг нь авав

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймагт ажиллаж, иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тэрбээр Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн иргэдтэй уулзаж улс орны нийгэм, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Уулзалтад оролцсон иргэдийн зарим нь УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөхтэй холбоотой төслийн зохицуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Сэлэнгэ аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан саналаа илэрхийллээ

УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Түнхэл, Хэрх, Бугант тосгон, Ерөө, Хүдэр, Жавхлант сумдад ажиллан иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг холбогдох судалгаа мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Төсөл батлагдсанаар иргэдийн төлөөлөх эрх нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл багасах ач холбогдолтой гэдгийг Ж.Эрдэнэбат гишүүн тайлбарласан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, судалгаа мэдээллийг танилцуулсны дараа уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд төслийн талаар байр сууриа илэрхийлж, тодорхой саналуудыг хэлсэн байна.

Дорноговь аймагт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ажиллаж байна

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймагт ажиллаж байна. УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу тус аймгийн Айраг суманд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахад 132 иргэн оролцож 70 орчим хувь нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Алтанширээ суманд болсон уулзалтад 100 гаруй иргэн оролцож, 90 хувь нь төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайхандулаан, Хөвсгөл, Хатанбулаг сумдад ажиллаж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, холбогдох саналыг нь авч ажилласан байна. Үргэлжүүлэн Дорноговь аймгийн Улаанбадрах, Эрдэнэ, Өргөн сумдад ажиллана.

Нийслэлийн зарим дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулав

УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар тойрогтоо буюу нийслэлийн Чингэлтэй дүүрэгт ажиллаж, улс орны нийгэм, эдийн засаг цаг үеийн нөхцөл байдлын талаар иргэд, сонгогчдодоо мэдээлэл өгөхийн хамт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж саналыг нь хүлээн авч ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар тойрогтоо буюу нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллаж байна. Гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авч ажиллаж байгаа юм. Иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дэмжиж, хуульд иргэн бүрийн саналыг тусгах хэрэгтэй талаар хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүрэгт ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, иргэдийн саналыг авч байна. Тэрбээр 2023 оны тавдугаар сарын 08-ны өдрөөс иргэд, сонгогчдынхоо уулзалтыг хийж эхэлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн 7-14 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцооны талаар байр суурийг нь сонсож, санал хүсэлтийг нь авч байгаа аж.

Уулзалтад оролцсон иргэд Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон, нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулж өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй гэдэг байр суурь илэрхийлж байжээ. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн Я.Раднаа гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэн байна. Иргэн Г.Оргилмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж санал хэлэхдээ гишүүдийн тоог нэмэхээр бол төрд дуу хоолойгоо хүргэх эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулах нь зүйтэй гэжээ. 10 дугаар хорооны иргэн Д.Жамбал сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн тоог 152 болгохыг дэмжиж байгаагаа илэрхийслэн бол мөн хорооны иргэн Д.Туяа Засгийн газраас өргөн өргөн барьсан төсөл дэх 152 гишүүнтэй болгох гэсэн судалгааны үндэслэлтэй тоог дэмжиж байна гэжээ.

УИХ-ын гишүүд тойрогтоо 7 хоногийн хугацаатай ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулан, иргэдийн байр суурийг сонсож, холбогдох саналыг авч, нэгтгэнэ. Ийнхүү нэгтгэсэн тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх бөгөөд тус Байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын 87.2 км-ийн үндсэн ажил дуусжээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны наймдугаар сарын 13-ны өдөр  стратегийн ач холбогдолтой Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын ажлын явцыг шалгаж, үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан. Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлийн далан, гүүр, хоолой, төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна. Туул гол дээгүүр 476 метр, Монголын хамгийн урт төмөр замын гүүр барьж байгаа аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 ААН, 4.000 гаруй монгол инженер, ажилчин оролцож байна. Ашиглалтад орсны дараа 1,000 орчим байнгын ажлын байр бий болно. Мөн барилгын ажилд шаардлагатай бараа материал, үйлчилгээг орон нутгийн болон үндэсний бусад нийлүүлэгчээс худалдан авч байгаа хэмээлээ. 

Богд уулын урдуур явах дээрх төмөр замаар шатахуун, 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх, химийн аюултай ачаа болон станцуудын нүүрсийг тээвэрлэх юм. Эхний үед жилд 3.5 сая тонн, цаашдаа 20 сая тонн хүртэл ачааг Улаанбаатарын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэнэ. Өдөрт 316-1,800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах боломжтой бүрдэх юм. Ингэснээр гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 2 цаг авто замын хөдөлгөөн хаадаг хугацаа 90 хувь буурах аж. Мөн нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулна. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “Манай  Засгийн газар мухар байсан төмөр замыг Эмээлт зөрлөгтэй холбож мухардлын асуудлыг шийдвэрлэсэн. Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ. Зарим газраа доошоо 54 метр ухаж, зарим газраа уул толгодыг нүхэлж, 476 метр төмөр бетонон гүүрийн ажлыг та бид нүдээрээ харлаа. 2024 онд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний аминд хүрэх шахсан харамсалтай осол гарч байсан. Энэхүү цагираг хэлбэрээр баригдаж буй төмөр замаар тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй, химийн аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх юм. Засгийн газар шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж ажиллана. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бүх хүнд талархлаа илэрхийлье. Та бүхнээр бахархаж байна” гэлээ. 

Цаашдын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорац (IFC), Монгол Улсын Хөгжлийн банктай санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Бүтээн байгуулалтын үр дүнд, 

-Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болох давуу талтай. 

-Хүн амын төвлөрлийг сааруулж, Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотуудыг барьж байгуулах үндэс суурь болно. 

-Төсөл 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай, урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. 

Ерөнхий сайд төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулах хүрээнд дараах үүрэг даалгаврыг албаныханд өглөө. 

Үүнд: 

-Төмөр замын зурвас газартай давхцаж буй иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;

-Төмөр замын зурвас газартай давхцаж байгаа цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад; 

-Нүүлгэн шилжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд;

-Бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2026 оны 09 дүгээр сард багтаан туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;

-Төмөр замыг үр ашигтай ажиллуулах, Улаанбаатар хотоос логистик төвүүдийг гаргахтай холбогдуулан Хөшигийн хөндийд Тээвэр логистикийн төв байгуулах ажил эрчимжүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нарт даалгав.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Огноо:

,

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно.

Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав. 

Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ. Энэхүү атлас нь 1991-2025 оны мэдээ, мэдээлэлд тулгуурласан цөлжилт, газрын доройтлын 6 дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ юм. Өмнөх бүртгэлд хамрагдаагүй усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг анх удаа хамруулжээ. 

Үнэлгээний дүнгээр, 

-Монгол орны жилийн дундаж агаарын температур 2.5 хэм нэмэгдсэн 

-Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдсэн 

-Нийт газар нутгийн 54.8 хувь нь ус, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх өндөр эрсдэлтэй 

-Нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурсан 

-Ургамлын бүтээмж 22.3 хувьд буурсан, нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэх судалгаа гарчээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт болон гишүүдийн төлөөлөл бүтээн байгуулалтын талбайн бэлэн байдал, зохион байгуулалттай танилцлаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир хурлын талбайн бэлтгэл, шалган нэвтрүүлэх болон шуурхай штабын зохион байгуулалт зэрэг холбогдох мэдээллүүдийг өгөв.

Хурлын талбайг өнөөдрөөс эхлэн тусгай хамгаалалтад авсан.

Зохион байгуулалтын 97 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох