Үзэл бодол
Д.Мөнх-Эрдэнэ: Зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болсон
Бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг нийслэлийн зүгээс хэрхэн дэмжиж, яаж хамтран ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тухайлбал, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог байсан 74 төрлийн зөвшөөрлийг 2022 оны босгон дээр хүчингүй болгосон нь иргэд, аж ахуйн нэгжид том нөлөө үзүүлсэн. Тэгвэл өдгөө энэ тоо 134 болж, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илүү хөнгөвчлөөд буй.
-Нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж байна вэ гэдгээс яриагаа эхэлье. Энэ чиглэлд ямар ажлуудыг хийж байна вэ?
-Улаанбаатар хотод манай улсын эдийн засгийн талаас илүү орчим нь төвлөрч байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 60-70 хувь нь Улаанбаатарт байна гэсэн үг. Энэ утгаараа бизнес эрхлэгчдийг нийслэлээс дэмжих нь хотын ч, улсын эдийн засагт ч чухал нөлөөтэй. Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх бодлогын хүрээнд бизнес эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээл, хүндрэлийг хэрхэн арилгах вэ, хүнд суртал, дарамтыг яаж үгүй болгох вэ гэдэгт төвлөрч ажиллаж байна. Тухайлбал, 2021-2022 онд нийслэлээс 74 төрлийн зөвшөөрлийг цуцалсан нь худалдаа, үйлчилгээ эрхлэгч, бизнесийн байгууллагуудад маш том дэмжлэг болсон. Тусгай зөвшөөрлөө жил бүр сунгана гэдэг ярвигтай ажил байлаа. Бүрдүүлэх бичиг баримт, албан тушаалтнуудын гарын үсэг цуглуулах үйл явц, үүнд зарцуулж байгаа цаг зав, зардал гээд бизнес эрхлэгчдэд дарамт учирч байсан. Нөгөө талаас үүнийг дагаад авлига, хүнд суртлын асуудал яригддаг. Тэгэхээр энэ үйл явц байхгүй болсон нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18600 гаруй аж ахуйн нэгжид шууд нөлөөлсөн.
-Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад илүү амар болсон байх нь?
-Тийм. Ерөөс стандарт, хууль дүрэмд заасан шаардлагаа хангаж л байвал үйл ажиллагаагаа саадгүй, шуурхай явуулах боломж бүрдсэн гэж хэлж болно. Нөгөө талаас бизнес эрхлэгчдийг дэмжих бас нэг чухал алхам нь цагийн хязгаарлалтыг хүчингүй болгосон. Бизнес эрхэлж байгаа хэн бүхний хувьд цаг хамгийн чухал. Бизнесийн үйл ажиллагаа бол зах зээлийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцээд хуваарийнхаа дагуу өрнөж байдаг. Үүнийг төрөөс зохицуулаад, тэр тусмаа хязгаарлалт тавиад ирэхээр нөгөө л хүнд суртал, авлигын асуудал гарч ирдэг. Албан тушаалтнууд очиж шалгана, хязгаарласан цаг хэтэрсэн бол мөн түвэг чирэгдэл үүснэ. Нөгөө талаас баар, зоогийн газарт согтууруулах ундаа худалдахгүй зэрэг хязгаарлалт нь утгагүй. Тиймээс Хотын дарга эдгээр хязгаарлалтыг хүчингүй болгосон.
-Энэ асуудлын нөгөө талд архидан согтуурахтай тэмцэхэд асуудал гарч ирнэ гэсэн байр суурь бас бий?
-Хязгаарлалт, хориг тавиад архидан согтуурахтай тэмцэх нь үр дүнтэй арга мөн үү гэдэг чухал асуулт. “Хуурай” хууль батлахад ахуйн архидалт, согтууруулах ундааны хууль бус наймаа буюу шагийн худалдаа гаардаг. Үүнээс болоод хүмүүс амиа алдсан тохиолдол ч гардаг шүү дээ. Архидалтын үндсэн шалтгаантай нь тэмцэж байж л үр дүнд хүрнэ. Тухайлбал, согтууруулах ундааны зохистой хэрэглээг дэмжих, хатуулгийн хэмжээг бууруулах, соён гэгээрүүлэх аян явуулах байж болно. Нөгөө талаас, ажилгүйдэл, нийгмийн стресс, хүчирхийлэл гээд архидалтын суурь шалтгаан нь том. Тиймээс захиргааны аргаар тэмцэхийн оронд том зургаар харах хэрэгтэй. Ил тод, хяналттай, соёлтой үйлчилгээний газраар үйлчлүүлж байна гэдэг өөр.
Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийг дэмжихээр нийслэлийн зүгээс хийж буй бас нэг том ажил бол төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх юм.
-Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх гэж ойлгож болох уу?
-Тийм. Төр бүхнийг хийх шаардлагагүй. Хот, нийтийн аж ахуйд ч, бүтээн байгуулалтад ч, тохижилт, үйлчилгээнд ч хувийн хэвшлээр гүйцэтгүүлээд явах ажил хангалттай олон байна. Нөгөө талаас, хувийн хэвшлүүдэд ч стандарт, шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах, ашигтай ажиллах, ажлын байр бий болгох боломж юм. Тухайлбал, 50 байршил дахь 2400 гаруй автомашины зогсоолын үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалт зарлаад байна.
-Зогсоолын менежментийг хувьд шилжүүлнэ гэсэн үг үү?
-Тийм. Нийслэлийн авто зогсоолуудыг олон улсын стандартад нийцүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай. Өнгө үзэмж, зохион байгуулалт, менежментээс эхлээд төлбөр тооцоо хийх арга нь ч хүмүүсийн цаг завыг хэмнэсэн, ухаалаг байх ёстой. Орчин цагт нэг бүхээгт суучихаад бэлэн мөнгөөр тооцоо хийдэг, сул зай байгаа, эсэх нь тодорхойгүй зогсоол байж таарахгүй. Тэгэхээр энэ бүхнийг илүү ухаалаг, иргэдийн хэрэгцээнд нийцсэн болгох ажлыг хувийн хэвшил хийх бүрэн боломжтой. Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодын хяналтыг автоматжуулсан шүү дээ. Үүний үр дүнд хүмүүс цаг заваа хэмнэж байна, төлбөр тооцоогоо хялбар хийж байна, нөгөө талаас хураамжийн орлого ч нэмэгдсэн. Үүнтэй л адилхан юм.
-Энэ ташрамд, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн талаар лавлаж асууя. Тэнд ямар, ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Иргэдэд амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнд тохижилт, ногоон байгууламж бий болгох ажлуудыг төлөвлөсөн. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх юм. Тодруулбал, Рио Тинто Монгол компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд паркт тохижилт хийнэ. Гэхдээ барилга байгууламж гэхээс илүү мод бут тарих, зүлэгжүүлэх, амарч тухлах орчин бий болгохоор ажиллаж байгаа. Мөн тохижуулсан талбайгаа арчлаад, үргэлжлүүлэн сайжруулаад явах ажил бас бий. Энэ бүхнийг мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх юм.
-Авто зогсоолын тухай ярилаа. Тэгвэл явган хүний замыг сайжруулахад нийслэлээс ямар ажлууд хийх вэ?
-Өнгөрсөн онд бид 100 мянган ам метр явган замыг шинэчилж, засаж тохижуулсан. Энэ жилийн хувьд 50 мянган ам метр замыг мөн шинэчлэхээр төлөвлөж байна. Улаанбаатарын хувьд явган хүний замд онцгойлон анхаарч засаж байсан үе ховор. Үнэндээ томоохон авто замын засварын үед бонус маягаар явган замд хандсаар иржээ. Гэтэл иргэдийн хувьд явган зорчих зам талбай маш чухал. Үүнийг аль аль талдаа ойлгоод, стандартын дагуу, аюулгүй, тухтай замыг бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд төсөв мөнгө зарцуулж, явган зам хариуцсан хэлтэс хүртэл байгуулсан. Дээр нь явган замын стандартыг баталлаа. Тэгэхээр ямар хавтангаар хийх вэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэрхэн зорчих вэ, хэдэн метрийн өргөнтэй байх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн гэсэн үг. Энэ бол өнгө үзэмж, тав тух талаасаа ч, аюулгүй байдал талаасаа ч маш чухал шийдвэр юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Үзэл бодол
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр болов. Энэ оны наймдугаар сарын 14-ний Засгийн газрын 34 дүгээр тогтоолоор тус зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэн баталж, 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас боловсруулан парламентад өргөн барьсантай холбогдуулж тус зөвлөлийн хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдааныг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр бүсчилсэн хөгжлийг “хөдөлгөх”, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх анхны төсвийг Засгийн газраас боловсруулж өргөн барьсан. Хамтарсан Засгийн газрын онцлог, давуу талыг улс орны хөгжлийг хурдтай урагшлуулахад ашиглах цаг үе учраас Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Цаашид төсвийн төсөлтэй холбоотой олон хэлэлцүүлэг болно. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 36 их наяд төгрөг байсан, 75 их наяд болж тэлээд байна. Ирэх онд үүнийг 95 их наядад хүргэх замаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 7500 ам.доллар болгох боломжтой. Энэ үзүүлэлтийг богино хугацаанд 10 мянган ам.долларт хүргэхийн төлөө Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэхээ Ерөнхий сайд илэрхийлэв.
Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт” сэдвийн дор 2025 оны төсвийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ төсвийн онцлог нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж байгаа анхны төсөв. Дэд бүтцийн томоохон 38 төслийг санхүүжүүлнэ. Олон жил гацсан, улстөржсөн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийг зорьсон. Нийслэлийн тулгамдсан асуудлыг зоригтой шийдэх санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан. Олон жил яригдсан иргэдээ орон сууцжуулах асуудлыг Үндэсний баялгийн сантай уялдуулж цогцоор нь шийдэхийг зорьсон. Эрчим хүчний салбарын реформыг эрчимжүүлэхээр тусгасан. 2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж байгааг онцоллоо.
Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Монголын эдийн засаг, санхүү, бизнесийн салбар болон төр, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл хуралдааны үеэр 2025 оны төсвийн төсөлд байр сууриа илэрхийлэв.
Үзэл бодол
Н.Мандуул: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсын Элчин сайдын яам болон “Лэтс Травел” ХХК хамтран “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 12 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээгээр дамжуулан Япон орны хэл соёл, өв уламжлал, тэр дундаа Япон үндэсний урлагтай ойроос танилцах боломжтой.
Тус арга хэмжээг НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул нээж, хэлсэн үгэндээ "Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьж, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг дэлхийд сурталчлах том амбицтай ажлыг эхлүүлсэн бөгөөд Аялал жуулчлалын салбар ч энэхүү ажлаас хойш суухгүй, хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна. Алхаж ч байгаа гэж харж байна. Монгол, Япон хоёр орны ард түмний соёлын хэлхээ холбоог бататгаж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг зузаатгах нь чухал ач холбогдолтой бөгөөд бидний зохион байгуулж буй Япон соёл, аялал жуулчлалын өдөрлөг нь үүний нэгэн илэрхийлэл юм" гэдгийг онцлов.
“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024" арга хэмжээний үеэр Япон үндэсний хөгжмийн "Этосэтора” хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээний шалгарсан оролцогчдын тоглолт болох юм. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармагт оролцох боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Үзэл бодол
Ц.Баатархүү: E-Mongolia -д байгаа төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү "И-Монгол академи" УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон үүрэг чиглэлийнхээ хүрээнд маш сайн ажилласан. Цаашид орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх, зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэх, e-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийг цахим үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг онцоллоо.
Дашрамд мэдээллэхэд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам И-Монгол академи нь Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.