Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын тусгай олимпын зуны их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

​Уулзалтад Oлон улсын тусгай олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Фергуссон, тус хорооны ТУЗ-ийн гишүүн Луйс Бэнгино Алфредо Галлегос Чирибога, бүсийн ерөнхийлөгч Фрийда М.Фунг, зүүн бүсийн хөгжлийн дэд ерөнхийлөгч Чау Ийжү Дэйсси нарын төлөөлөгчид оролцлоо. 

Тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Олон улсын тусгай олимпын хорооны санаачилгаар “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн эвсэл”-ийг үүсгэн байгуулж байгааг хэлэв. Монгол Улсын Засгийн газар энэхүү санаачилгыг дэмжин хамтран ажиллахаа хэллээ. Ерөнхий сайд “Дэлхийн тавцанд үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, спортоор дамжуулан баяр баясал, эв нэгдэл, нөхөрлөлийг бий болгож, хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлж буй тусгай олимпын хөдөлгөөнийг өрнүүлэгч та бүхэнд онцгойлон талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг саадгүй авах, төрөөс тэдэнд үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, хамгийн гол нь хандлагаа бүх түвшинд өөрчлөхийн төлөө ажиллаж байна” гэв.

Дэлхийн тусгай олимпын зуны их наадам энэ оны зургадугаар сарын 17-25-нд  ХБНГУ-ын Берлин хотноо болно. Энэ наадамд 190 гаруй орны 7000 орчим тамирчин спортын 26 төрлөөр өрсөлдөнө.

Монгол Улс тус наадамд волейбол, сагсан бөмбөг 3x3, хөлбөмбөг, бадминтон, бочи, жудо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис гэсэн есөн төрлөөр Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв , Хөвсгөл, Ховд аймгийн нийт 44 тамирчин оролцохоор бэлтгэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хорооноос олимпод оролцох баг тамирчдаа дэмжиж тус бүр 50 сая төгрөг, МИАТ компани  нислэгийн тийзний 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Зардалд шаардлагатай 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдад амжилт хүсэж,  батламж гардуулав.

Oлон улсын тусгай олимпын хороо дөрвөн жил тутамд зуны болон өвлийн наадам зохион байгуулдаг, манай улс зуны хоёр наадам, өвлийн нэг наадамд 56 тамирчныг амжилттай оролцуулж 50 гаруй медаль авчээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Огноо:

,

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламжийг гардууллаа.  
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд хүүхэд, залууст үлгэр дууриал, итгэл найдвар, хүч өгч, дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийллээ.
Сагсан бөмбөгийн 3x3 үндэсний шигшээ баг  тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.
 
Өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элч өргөмжлөлийг өмнө нь АНУ-ын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шарамжамцын Энхийн-Од, Хүннү рок “The Hu” хамтлаг, Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ганбаатарын Ариунбаатар нарт хүртээж байсан юм.

 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Хот мандал- нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Любляна хотноо болов

Огноо:

,

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Чойжин Ламын сүм музей болон Бүгд Найрамдах Словени Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар хамтран Чойжин Ламын сүм музейн “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Словени Улсын нийслэл Любляна хотын “Галлерей Бажато”-д нээв.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсыг хавсран суугаа Элчин сайд М.Цэнгэг, Монгол Улсын Өргөмжит консул Матей Чер нар оролцож, үг хэлэв. Арга хэмжээнд Словенийн Гадаад хэргийн яам, Любляна дахь Дипломат төлөөлөгчийн газрууд болон Монгол Улстай хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд өргөнөөр оролцов.

Тус Гэрэл зургийн үзэсгэлэн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл Любляна хотын иргэд, жуулчид, олон түмэнд нээлттэй байна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Парис-2024” зуны олимпын наадмын 10, паралимпын дөрвөн эрх баталгаажаад байна

Огноо:

,

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хуралдаан боллоо.

Хуралдаанаар “Парис-2024” зуны олимпын наадмын талаарх танилцуулга мэдээлэл болон шигшээ багийн бэлтгэл ажлын явц, олимпын хотхонд эх орноо сурталчлах “Mongolia house” төслийн танилцуулга, Монгол Улсын багийн бүрэлдэхүүний ёслолын болон спорт хувцасны сонголт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд 45, паралимпын наадамд 12 эрх авч оролцох зорилт тавиад байна.

Одоогоор зуны олимпын зургаан төрөлд 10, паралимпын гурван төрөлд дөрвөнэрх баталгаажжээ.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүний Олимп, паралимпын наадамд өмсөх ёслолын болон спорт хувцасны сонгон шалгаруулалт хийж байна. 10 мянга орчим иргэнээс санал асуулга авчээ.

“ADIDAS”, “KELME”, “MIZUNO” брэндийг эхний шатанд шалгаруулснаас хамгийн өндөр оноо авсан “MIZUNO” брэндийн компанийг спортын хувцасны нийлүүлэгчээр албан ёсоор сонгож гэрээ байгуулах, хувцасны бүрдлийг тодорхойлох, өнгө, загварыг сонгож байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох