Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийгмийн даатгалын асуудлаар Япон Улсын туршлагыг судлах уулзалт зохион байгууллаа

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буйтай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр Япон Улсаас туршлага судлах уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, “ЖАЙКА”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш 28 жилийн хугацаанд 30 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч нийгэм, эдийн засгийн харилцаа, хүн амын насжилт өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, даатгалын шимтгэлийн бодит хуримтлалыг бий болгох, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай ил тод болгож цахимжуулах зэрэг арга хэмжээг хуульчлах асуудлууд тулгарч байгаа тул энэхүү хуульд шинэчлэл хийхээр төслийг Засгийн газраас боловсруулсан гэдгийг Байнгын хорооны дарга П.Анужин уулзалтын эхэнд тодотголоо.

Элчин сайд Кобаяши Хироюки 1990-ээд оны эхэн үед Монгол Улс чөлөөт ардчилсан зах зээлийн эдийн засагт шилжсэн явдал нь өнөөгийн хөгжилд ихээхэн түлхэц болсон хэмээгээд, социализмын үеэс ялгаатай нь иргэн тус бүрийн өөрийн хүчин чармайлт нь амьдралын үндэс тулгуур болох бөгөөд нөгөөтэйгүүр өвчин эмгэг, ажилгүйдэл, өндөр насжилт зэрэг амьдралд тохиолдох төрөл бүрийн бэрхшээлээс ард иргэдийг хамгаалж, эмнэлгийн болон сувилахуйн тусламж үйлчилгээг эдлэхүйц тогтвортой нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал гэдгийг онцолж байсан юм.

Япон Улсын нийт хүн амын 28.9 хувийг 65-аас дээш насныхан эзэлдэг бөгөөд дэлхийд хамгийн өндөр насжилттай улс юм. Урт наслалтын хувь нь сайн үзүүлэлт хэдий ч дараах асуудлуудыг дагуулж байгаа аж. Эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл болох ажиллах хүчний тоо буурчээ. Түүнчлэн нэг ахмад настанд ногдох хөдөлмөрийн насны хүний тоо 1960 онд 11.2 хүн байсан бол 1990 онд 7.4 хүн, 2014 онд 2.4 хүн болж буурч, нэг хүнд ногдох нийгмийн хамгааллын зардлын ачаалал нэмэгдэж байгаа нь асуудал үүсгэж байгаа аж.

Уулзалтын үеэр “ЖАЙКА” олон улсын байгууллагын Нийгмийн хамгааллын ахлах зөвлөх Шинтаро Накамура “Японы нийгмийн хамгааллын тойм, Японы нийгэмд гарч буй өөрчлөлт, нийгмийн хамгаалалд үзүүлэх нөлөөлөл, Японы нийгмийн хамгаалал нь өөрчлөлтөд хэрхэн уялдах талаар тайлах нь, Ирээдүйд өндөр насжилтын асуудалтай тулгарах улс орнууд японы жишээнээс хэрхэн санаа авах нь зэрэг сэдвүүдийн хүрээнд “Нийгэм-Эдийн засгийн өөрчлөлт ба нийгмийн даатгал: Японы туршлагаас суралцахуй” илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.

Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох