Урлаг спорт
Ц.Жамбалдорж: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тогтвортой хөгжлийг хурдасгах хөшүүрэг гэдгийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.
Энэхүү уулзалтын талаар УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржоос тодрууллаа.
-Та энэхүү чуулга уулзалтын тухай ерөнхий мэдээллээ өгнө үү?
-НҮБ-ын бүх гишүүн орнууд Тогтвортой хөгжлийн төлөө 2030 он хүртэл ажиллах мөрийн хөтөлбөр буюу Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2015 онд Ерөнхий ассамблейн 70-р чуулганаар баталсан. Үндсэндээ Шинэ мянганы эхэн дээр зарлаж байсан Мянганы хөгжлийн зорилтуудын үргэлжлэл болгож энэ хөтөлбөрийг баталсан. НҮБ-ын гишүүн 193 улс хамтран дэлхий даяар хамгийн өргөн хүрээг хамарсан зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ирэх 15 жилийн хугацаанд буюу 2030 он гэхэд улс орнууд хамтдаа хөгжилд хүрэхийн төлөөх зорилтуудаа тодорхойлсон юм. Ядуурлыг арилгахаас эхлээд зорилгуудаа хэрэгжүүлэх хамтын ажиллагаа хүртэлх нийт 17 зорилгыг ямар нэгэн эрэмбэ дараалалгүйгээр зарласан байдаг. Монгол Улс мөн ялгаагүй тогтвортой хөгжлийн зорилгуудаа тодорхойлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд тасралтгүй ажиллаж байна. 2016 онд Монголын тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан байдаг.
Энэ зорилгуудыг хэрэгжүүлэхэд зөвхөн төр засгийн түвшинд ярилцаж, үүрэг хүлээх биш иргэн бүр, аж ахуй нэгжүүд, ТББ-ууд, эрдэмтэн судлаачид, институтууд гээд бүхий л оролцогч талуудын хүчин чармайлт, оролцоо нэн чухал гэдгийг хэлсээр ирсэн. Энэ ч утгаараа дэлхийд нэр хүндтэй Стэнфордын их сургууль тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх, хүрэх үйл явцыг түргэтгэх ажилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ агуулгын хүрээнд өнгөрсөн онд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг Бан Гы Мун сантай хамтран БНСУ-д зохион байгуулсан. Тус чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцож байсан. Харин энэ жилийн Азийн бүсийн тогтвортой байдлын яриа хэлэлцээг УБ хотноо энэ сарын 13-14 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
-“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” хэмээн энэ удаагийн чуулга уулзалтын сэдвийг сонгосон байна. Энэ тухай тайлбарлаж өгнө үү?
-Өнгөрсөн жилийн БНСУ-д болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт уур амьсгалын өөрлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүд боловсруулах, залуу үеийнхний оролцоо гэсэн агуулгын хүрээнд өрнөсөн бол энэ жилийн чуулга уулзалт зохион байгуулж буй бүс нутгийн онцлог, оролцох улс орнуудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс шалтгаалан хэлэлцэх сэдэв, чуулга уулзалтын зорилтоо тодорхойлж байгаа юм. Тэр дундаа Тогтвортой хөгжлийн зорилгын 5-р зорилго болох жендэрийн эрх тэгш байдлыг хангах агуулгыг онцолж, тогтвортой хөгжлийг хурдасгах хөшүүрэг гэж энэ удаагийн чуулганаар тухайлан хэлэлцэх болно.
Өөрөөр хэлбэл, тогтвортой нийгэм, ирээдүйг бүтээхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч гэж үзэж байна. Дэлхийн олон улс оронд жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байсаар байна. Монгол Улсад шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар байр суурь хүчтэй яригдаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдийн жагсаалтад эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх бодлогыг улстөрийн намууд баримталж байгаа. Энэ бүх тохироо нөхцөл бүрэлдсэн цаг үед олон улсын чуулга уулзалтыг яг энэ сэдвийн дагуу зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж байгаа бол эмэгтэйчүүдийн манлайллын замналд ахиц дэвшил гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.
Үүний зэрэгцээ Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар салбар хуралдаан болж, Алтай дамнасан орнуудын соёл, түүх, уламжлал, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэнэ.
-Чуулга уулзалтад хүрэлцэн ирэх хүндэт зочдыг танилцуулахгүй юу?
-БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын нийт 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирнэ. Олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.
-Итгэлийн сэдвүүдийн талаар товч танилцуулбал?
-Чуулга уулзалтын 13-ны өдөр гол илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлгүүд өрнөнө. Тухайлбал, Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка боловсролын салбар дахь жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавина. Мөн Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун Шил Ким тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллана. Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид болон бусад улс орнуудын эрдэмтэд Жендерт суурилсан хүчирхийлэл, Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцож илтгэгч, чиглүүлэгчээр оролцох юм. Энэ бүхнээс бодлогын шийдлүүдийг гаргах нь чуулганы эцсийн зорилго юм. Манай улстөрийн намууд, иргэний нийгэм, төрийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл болон Элчин сайдууд, Алтай судлалын эрдэмтэд зэрэг гадна, дотны 200 гаруй хүн оролцоно гэж төлөвлөж байна.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Урлаг спорт
“BRAVO CIRCUS-3" олон улсын циркийн тоглолт болно
“BRAVO CIRCUS-3" циркийн тоглолт 2023 оны аравдугаар сард тоглогдох гэж байна. Уг тоглолтод Олон Улсын шилдгийн шилдэг цоо шинэ үзүүлбэрүүд болон Монгол Улсын шилдэг шинэ үзүүлбэрүүд тоглогдох аж. Тодруулбал, энэ удаа "Шидэт Нинжануудыг" “BRAVO CIRCUS онцолж буй бөгөөд авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг маш олон төрлийн амьтад авьяасаа үзүүлэх ажээ.
Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз мөн Монгол Улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ-ийн шоу уралдааны одод хүүхэд багачуудыг баярлуулах юм байна.
“BRAVO CIRCUS-3” тоглолт аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 10 сарын 22-ыг дуустал өдөр бүр Монгол Бөхийн Өргөөнд тоглогдох бөгөөд тоглолтын тасалбар 30 мянган төгрөг байх аж.
Урлаг спорт
"Улаанбаатарын үдэш" дууг хятадаар дуулж 250 сая хүнд хүргэсэн ээж, хүү хоёрыг хүлээн авч уулзлаа
Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёрын хамтран дуулсан уран бүтээлүүд олон сая үзэгчдийн хандалтыг авч, Хятад Улсын цахим сүлжээнд төдийгүй дэлхий нийтийн хүртээл болоод байгаа.
Тэд анх Өвөр Монгол уран бүтээлчийн саналаар “Улаанбаатарын үдэш” дууг дуулсан бөгөөд #douyin抖音, Tiktok зэрэг цахим орчинд 250 сая үзэлттэй, шилдэг хандалттай дуугаар шалгараад байгаа юм.
БНХАУ-ын Чинхай мужийн Гүйнань хотын Ээж Гензанг Жуама, хүү Данжен нар гэр бүлийн хамтлаг болон дуулдаг бөгөөд Монгол улсад ирж дууныхаа клипийг хийж байгаа бөгөөд тэдний ирсэн тухай мэдээлэл БНХАУ-д цахим орчинд цацагдсан даруйд 20 сая гаруй хүн үзэж, Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Монгол орны байгаль, соёл урлагийг сурталчлан таниулж буй ээж хүү хоёрын хамтлаг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах саналуудаа хэлэлцлээ. Цаашид Монгол Улсын аялал жуулчлалын элч болон уран бүтээлдээ Монгол орны сайхан байгаль, зан заншил өв уламжлалыг тусган ажиллахаар боллоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Урлаг спорт
Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагаа өвлийн цагийн хуваарьт шилжлээ
Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагаа өвлийн цагийн хуваарьт шилжлээ. Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 15-наас 2024 оны тавдугаар сарын 14 хүртэл 9-17 цагийн хооронд ажиллаж байх юм гэж Чингис хаан Үндэсний музейн захиргаанаас мэдээллээ.
Сэтгэгдэл