Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах саналыг тавилаа
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Тяньжин хотод ажиллаж, Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
Ерөнхий сайд Тяньжин боомтод ажилласан нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг авто зам, төмөр замаар холбох төдийгүй Монгол Улс далайд гарцтай болох зорилттой холбоотой юм.
Монгол Улс Тяньжин боомтод 10 га газар эзэмшдэг бөгөөд энэхүү газрыг тээвэр логистикийн төв болгож манай улс далайд гарцтай болох боломжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавилаа.
Монгол Улсын Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Бичигт зэрэг боомтын ачаа тээврийн 90 гаруй хувь нь тус боомтоор нэвтэрдэг. Манай улс Тяньжин боомт дахь газраа ашиглалтад оруулснаар чингэлэг тээврийн гацаа арилж, бараа эргэлт хурдасч, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний инфляц буурч, дэлхийн 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэнэ.
Тяньжин порт группийн удирдлагын онцолсноор, далайн тээвэр нь өртөг зардлын хувьд агаарын тээврийн зууны нэг, төмөр замын аравны нэг, авто тээврийн гуравны нэгтэй тэнцэж, цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, олон улсын зах зээлд нэвтрэх үүд хаалга юм.
Чингэлэг тээвэрт автоматжуулалт, ухаалаг системийг дэлхийд анх удаа нэвтрүүлсэн тус боомтод 1200 гаруй хүний ажлын байрыг 200 хүн гүйцэтгэж, эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангадаг.
Дэлхийд долдугаарт эрэмбэлэгддэг уг боомтоор 2022 онд нийт 471 сая тонн бараа, 21 сая ширхэг стандарт чингэлэг нэвтрүүлсэн бол 2023 оны тоон мэдээллээр 653 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл