Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Мах экспортлох бичиг баримт бүрдүүлэлтийг цахимжуулжээ

Огноо:

,

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр Хөдөө аж ахуйн салбарыг тодорхойлж, хүнс экспортлогч орон болох тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасан.

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махыг нэг цонхны бодлогоор экспортлох боломжийг судалж, нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, мах, махан бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаанд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн экспортын нэг цонхны системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөө аж ахуйн бирж зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, тухайн байгууллагуудын мэдээллийн системүүдийг хөдөө аж ахуйн экспортын нэг цонхны системд нэгтгэсэн.

Энэхүү системийг нэвтрүүлснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, экспортлогч аж ахуй нэгжүүдэд тулгардаг бэрхшээлийг арилгах, цаг хугацаа, зардал мөнгийг бууруулах, экспортын гэрчилгээг олгоход бүрдүүлдэг баримт бичиг, шат дамжлагыг багасгаж, төрийн хүнд суртлыг бууруулж цахимаар шийдэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн оролцогч төрийн болон төрийн бус байгууллагын ажлын уялдаа холбоо сайжрах ач холбогдолтой. Тухайлбал, мах экспортлоход 26 нэр төрлийн 50 гаруй давхардсан баримт бичиг бүрдүүлдэг байсан бол 15 болж, зарцуулах хугацаа 316 цаг буюу 13 хоногийг 96 цаг буюу 4 хоног хүртэл багасаж байна.

Системийг туршилтын 2 сарын хугацаанд нийт 71 компанийн бүртгэлийг үүсгэсэн ба үүнээс 29 компани экспортын эрхтэй төлөөлөх хүнээ сонгон оролцуулснаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн “Экспортын нэг цонхны систем"-ын үйл ажиллагаа 2023 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэвтрэхэд бэлэн болоод байна.

“Экспортын нэг цонхны систем”-д одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлож байгаа ч цаашид хөдөө аж ахуйн биржээр арилждаг бүтээгдэхүүний нэр төрөл болох ноолуур, ноос, арьс шир, тосны ургамал зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүх бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагааг "Нэг цонхны систем"-д нэвтрүүлэх юм. Мөн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр нэн шаардлагатай 10 гаруй үйлчилгээнээс ноос, ноолуурыг нэмэхээр бэлтгэл хангасан байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

АТГ: Сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлагыг гаргалаа

Огноо:

,

Авлигын эсрэг хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд үүсгэн, бүртгэх, мөн http://xacxom.iaac.mn цахим сүлжээнд нээлттэй байршуулж олон нийтэд мэдээлэх үүргийг Авлигатай тэмцэх газар хүлээдэг.

Энэ хүрээнд уг сонгуульд нэр дэвшигч нараас Хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлж, баталгаажуулах талаарх гарын авлагыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран гаргалаа. Гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.

Хэрэв нэр дэвшигч нь 2023 оны мэдүүлгээ өмнө нь тус газрын https://meduuleg.iaac.mn мэдүүлгийн цахим системд 2024 онд мэдүүлсэн бол дахин гаргах шаардлагагүй юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.

Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.

Нийслэлийн  50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг  эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүний авч хэрэгжүүлэх арга хэмжээг энэ иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Товч мэдээ

·Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.

·БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

·Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай шийтгэх тогтоол 123 хуудас, Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн магадлал 71 хуудас, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох  тогтоол 56 хуудас, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгов.

·Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Мандалбаатарын Маргад-Эрдэнийг томиллоо. М.Маргад-Эрдэнэ тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байна.

·Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэнэ. Түүхэн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан Энэ оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгалаа.

·Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дунд хугацааны явцын тайланг хэлэлцэн дэмжээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох