Шударга мэдээ
Үйлдвэрийн гудамж, Гачуурт-Шархад чиглэлийн замын ажил 50 гаруй хувьтай байна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд авто зам тавих, өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж, мөн Гачууртаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам, гүүрний ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Тодруулбал, Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км урт, дөрвөн эгнээ авто зам, 33 метр урт гүүрний ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хэрэгжилт 52 хувьтай байна. Үүнээс гүүрний явах ангийн цутгалт дуусаж, хучилтын ажил хийхэд бэлэн болсон. Наймдугаар сарын сүүлч гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Авто замын хувьд далангийн дүүргэлт, борооны ус зайлуулах шугам, хашлага суурилуулах үргэлжилж байна. Авто замын трассын нөлөөлөлд өртсөн нэг нэгж талбар буюу “Эрэл групп” ХХК-ийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлсөн боловч тус компанийнхан ажил хийхэд саад учруулсаар байгаа юм.

Замын ажлыг гүйцэтгэгч “Тотал-Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр:

-Говийн замыг Мишээл экспотой холбосон гүүрний ажлыг гүйцэтгэж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж ашиглалтад орох хугацаанд өөрчлөлт орж магадгүй. Өнгөрсөн сард орсон борооны улмаас 20 гаруй хоног алдлаа. Гэхдээ нөөц бололцоогоороо ажлаа шахаад хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. Гүүрийг наймдугаар сарын 20-н гэхэд, замын ажлыг аравдугаар сард дуусгахаар ажиллаж буй гэлээ.

Түүнчлэн Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын 97.3 метр урт төмөр бетон гүүрний ажил үргэлжилж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн энэ бүтээн байгуулалт 53 хувьтай байгаа юм. Тодруулбал, гүүрний ажлын хүрээнд нийт найман дам нурууг тавиад буй. Гүүрэн байгууламжийн хувьд нэг нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдээгүй, үүнээс УСУГ-ын харьяа 449 дугаартай цэвэр усны худаг шилжүүлэх шаардлагатай байна.
Хотын дарга Д.Сумъяабазар:

-Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд холбоос замууд дээр онцгой анхаарч байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал нөлөөтэй учир эдгээр замын ажлыг яаравчлах, хугацаанд нь ашиглалтад оруулах нь нэн чухал. Газар чөлөөлөлт болон зарим нэг зургийн алдаанаас үүдсэн асуудал гарч байна. Үүнийг шийдэхэд нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана. Түүнчлэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор ажлууд хойшилсон. Гэхдээ нөөц бололцоогоо дайчлаад төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нөгөө талаас иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс замын бүтээн байгуулалтыг далангийн байгууламжтайгаа уялдуулах шаардлагатай. Энэ тал дээр анхаарч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болголоо хэмээлээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Одбаяр:

-Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн гол буюу Улиастай, Гачууртын зам, Зайсангийн гүүр, Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрэн зам, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын замтай холбох замын ажил үргэлжилж байна. Нийтийн тээврийн чиглэлүүдийг хөгжүүлэх зорилгоор эдгээр замыг дөрвөн эгнээ тавьж байгаа. Тухайлбал, Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Гачууртын замын ачаалал 50 хувь буурах юм гэлээ.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Шударга мэдээ
Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөгийн санамж бичиг байгууллаа
Улаанбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээний нээлт болон эдийн засгийн танилцуулга уулзалт боллоо. Энэ үеэр Хөх хот, Улаанбаатар хотын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 20 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.


Энэхүү санамж бичиг нь хоёр хотын аж ахуйн нэгжүүдийн холбоог бэхжүүлэх, экспорт, импортын худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжуудыг бий болгох зорилготой юм.


Эдийн засгийн танилцуулга уулзалтад Хөх хотын 40 гаруй, Улаанбаатар хотын 28 аж ахуйн нэгж оролцсон юм. Мөн уулзалтын үеэр Монгол орын онцлогийг шингээсэн, дотоодын түүхийн эдийн нөөцөд тулгуурлан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Энэхүү арга хэмжээ нь хоёр хотын 35 жилийн найрсаг харилцааг, эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаар баяжуулж, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл, түншлэл, боломж нээх чухал алхам болсныг оролцогчид онцолж байлаа.





-
Улстөр нийгэм2026/06/16
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И бараалхав
-
Цаг үе2026/06/05
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
-
Цаг үе2025/09/12
Маргааш болох "Автомашингүй өдөр"-өөр 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өө...
-
Цаг үе2020/05/27
ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны хяналтын алба элсэлтийн ерөнхий шалгалтын товыг...
