Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ГХ-ны сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын сайд нарын уулзалтад оролцож байна

Огноо:

,

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Сайд нарын уулзалтаар ЕАБХАБ-ын 2019 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс, бүс нутагт тулгамдаад байгаа улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэн зөвлөлдөж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Бүгд хуралдаанд  бүс нутгийн аюулгүй байдлын  асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр, тухайлбал, терроризм, хүний наймаа, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ЕАБХАБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Мөн тэрбээр ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг онцлов.

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын хэргийн сайд М.Лайчак-тай уулзаж, “Хамтын ажиллагааны тухай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Словак Улсын Гадаад болон Европын хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар талууд ярилцаж, 2020 оны эхний хагаст зөвлөлдөх уулзалт, бизнес форум зохион байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцов.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж их байгааг сайд М.Лайчак  онцолж, Улаанбаатарт ЭСЯ-аа аль болох ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй байдгаа илэрхийлэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЕАБХАБ-ЫН ЕНБД ТОМАС ГРЕМИНГЕРТЭЙ УУЛЗАВ

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй уулзав.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид үндэстэн дамнасан аюул заналхийлэл, тэр дундаа терроризм, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэх, хүний наймаа, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагаагаа тэлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Аюулгүй байдлыг хангахад залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх үүднээс “Peacebook форум” зохион байгуулснаа сайд Д.Цогтбаатар дурдаж, энэ чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв.

Хоёр талын хамтын ажиллагааг үр дүнтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ЕНБД мөн тэмдэглэж, цаашид сайн засаглалыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог улам бүр боловсронгуй болгох, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр Монгол Улсад бодит дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЧИНГИЗ АЙДАРБЕКОВ-ТОЙ УУЛЗАВ

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Чингиз Айдарбеков-той уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр талууд санал солилцож, Засгийн газар хоорондын комиссын хурал, өндөр түвшний айлчлалыг ирэх 2020 онд хэрэгжүүлэхээр тохиролцов.Мөн Улаанбаатар хотноо тус улсын дипломат төлөөлөгчийн газрыг нээх, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт 2020 онд хийх талаар мөн ярилцаж, Киргизийн Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урив.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ ПОРТУГАЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ТЕРЕЗА РИБЭЙРО-ТОЙ УУЛЗАВ

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Португал Улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Тереза Рибэйро-той уулзав. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, баяжуулах чиглэлээрх ажлаа эрчимжүүлж, зөвлөлдөх уулзалт, айлчлал хэрэгжүүлэх асуудлаар ярилцав. Тухайлбал, эдийн засаг, санхүүгийн салбарт хамтран ажиллаж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг онцлов.

Португал улс Мөнгө угаахтай тэмцэхэд санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага(FATF)-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагын хүрээнд мөн хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг манай тал хүсэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Огноо:

,

Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран, ХААН Банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ.

Энэ жил тус аян улс орон даяар 16 дахь жилдээ, Сэлэнгэ аймагт 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг сайжруулах, мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Аяны хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Сэлэнгэ аймагт ажиллаж, иргэдэд:

- Хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх,

- Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулах,

- Орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт, дадлага явуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.


Судалгаагаар Сэлэнгэ аймагт 2025 онд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа оношлогдсон байна. Иймээс иргэдийг эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” нь 2026 оны зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 3-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төв ажиллаж байна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төвийг Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд ажиллуулж байна.

Явуулын мэдээллийн төвийг 2026 оны 6 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд ажиллуулах бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох нэгжүүд, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Парламентын номын сан хамтран оролцож, иргэд, олон нийтэд зориулсан олон талт мэдээлэл, зөвлөгөө, танилцуулгыг хүргэж байна.

Энэ үеэр иргэдэд парламентын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, хууль тогтоох ажиллагаанд хэрхэн оролцох, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслүүдтэй танилцах, санал өгөх боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулах юм.

Тухайлбал, https://d.parliament.mn/ болон https://petition.parliament.mn/ цахим системийг ашиглан нийтийн өргөдөл, гомдол хэрхэн санаачлах, бодлогын шийдвэр гаргах үйл явцад санал, байр сууриа илэрхийлэх, иргэдийн оролцоог хангах цахим үйлчилгээний талаар арга зүйн зөвлөгөө өгч байна.

Үүний зэрэгцээ Парламентын номын сангаас Үндсэн хууль, парламентын ардчилал, хүний эрхийн боловсролтой холбоотой ном, эмхэтгэл, судалгааны бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн олон нийтэд толилуулж байгаа юм.

Өнөөдөр (2026.06.29) Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцах аялалд оролцсон иргэд явуулын мэдээллийн төвөөр зочлон парламентын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, Монгол Улсын парламентын түүхэн хөгжлийг харуулсан “Нээлттэй парламент” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

 

 Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын индэр, Улсын Их Хурлын гишүүний ширээ, сандлын загвар бүхий дурсгалын асарт зургаа авхуулсан иргэдийн тоо цөөнгүй байв. “УИХ-ын үйл ажиллагааг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт, хариултын “АХА” тэмцээнд иргэд идэвхтэй оролцож, тэргүүн байр эзэлсэн оролцогчдод дурсгалын зүйл гардууллаа.

  
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын албан хаагчид Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аяллын зохион байгуулалтыг танилцуулж, “Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол Улсын Их Хурал”, “Төрийн ордон”, “Парламентын боловсрол”, “Төрийн ордон дахь урлагийн бүтээл” зэрэг ном, гарын авлага, танилцуулгыг иргэдэд хүргэн, сонирхсон асуултад нь хариулж, санал хүсэлтийг нь сонсон эргэх холбоог бүрдүүлэн ажиллаж байна.

 

Парламентын засаглалтай, парламентат ёсыг төлөвшүүлж байгаа улс орнуудын хувьд жил бүрийн бүрийн зургаадугаар сарын 30-ны өдөр чухал тэмдэглэлт өдөр байдаг билээ.

Одоогоос 137 жилийн өмнө буюу 1889 онд Олон улсын парламентын холбоо үүсгэн байгуулагдсан энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 онд “Олон улсын парламентын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Энэ жил Олон улсын парламентын өдрийг дэлхий нийтээр “Bring human rights into focus” буюу “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны X дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн хүрээнд уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар хамтарсан хяналт шалгалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж зарим аймаг, сумдад ажиллалаа.

Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж 11 сумын 38 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, байгаль орчны холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу, ашигт малтмал ашиглахдаа нийтлэг үүргээ биелүүлээгүй найман аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох торгуулыг ногдуулаад байна. Төв аймгийн Заамар суманд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Орон нутгийн хэмжээнд Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Завхан, Дорнод, Архангай, Говь-Алтай аймагт нийт 141 аж ахуйн нэгжид шалгалт хийж, 281 зөрчил илрүүлэн улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлж, 44.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. 

Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 130 аж ахуйн нэгжийг хамруулан шалгалаа. 65 нь үйл ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч, зургаан аж ахуйн нэгжид 25.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, найман аж ахуйн нэгжид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Одоогийн байдлаар нийт 134 аж ахуйн нэгж, объектод хамтарсан хяналт шалгалт хийж, байгаль орчны чиглэлээр 168, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 516, хэмжил зүйн чиглэлээр 199 буюу нийт 883 зөрчил илрүүлэн, гэмт хэргийн шинжтэй 17 үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлж, 14 аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагааг түр болон хэсэгчлэн зогсоож, улсын байцаагчийн акт, албан шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Хамтарсан хяналт шалгалт нь үйлдвэрлэлийн осол, эндэгдэл, байгаль орчны доройтол, хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе10 цаг 1 минут

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Цаг үе10 цаг 4 минут

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Шударга мэдээ10 цаг 15 минут

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Шударга мэдээ10 цаг 21 минут

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Цаг үе10 цаг 34 минут

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Цаг үе10 цаг 40 минут

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Улстөр нийгэм10 цаг 43 минут

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Улстөр нийгэм14 цаг 31 минут

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Цаг үе2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Цаг үе2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Санал болгох