Үзэл бодол
УНТЭ: Эрт илрүүлгийг эрчимжүүлэх эмч нарын багийн түрүүч замд гарлаа
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн сарын 17-ны А/256 тоот тушаал гаргаж эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх үүргийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад өгсөн.
Уг тушаалаар хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамрагдалтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, хүн амын тоо, алслагдсан байдал зэргийг харгалзан эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг хамруулахыг орон нутгийн эрүүл мэндийн салбарынханд үүрэг болгосноос гадна орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулан, мэргэжлийн арга зүйгээр хангах төрөлжсөн мэргшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын багийг аймгуудад ажиллуулахаар болсон бил. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын эхний баг өнөөдөр орон нутгийг зорилоо.
Тус эмнэлэг Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт ажиллах бөгөөд эхний ээлжийн баг Сэлэнгэ, Дархан-Уулын иргэдэд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношлогоо хийх юм. Энэ талаар УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргалаас тодрууллаа.

-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлэх Эрүүл мэндийн сайдын тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд УНТЭ хариуцаж авсан аймгуудынхаа Эрүүл мэндийн газруудтай холбогдож эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг дэмжиж ажиллахаар эхний багаа өнөөдрөөс замд гаргалаа. Манай эмч нарын явуулын баг энэ удаа Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумаар тойрч ажиллах юм. Ирэх есдүгээр сараас өмнө хариуцсан долоон аймгаа бүрэн тойрч орон нутгийн эмнэлгүүдийг хүний нөөц, багаж төхөөрөмжөөр дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-Танай эмнэлэгт эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хэр эрчимтэй явж байгаа вэ?
-Манай эмнэлэгт орон нутгийн болон нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн таван хорооны иргэд эрт илрүүлэгт хамрагдаж байгаа. Хамрагдалт өндөр хувьтай, эрт илрүүлэгт хамрагдая гэсэн байгууллага, хувь хүмүүс олон байна. Үүнийг аль болох дэмжиж урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа.
-Аль насны хүмүүс эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдаж байна?
-Эрт илрүүлэгт өндөр настнууд идэвхтэй хамрагдаж, залуучууд ажлын зав чөлөө болон бусад шалтгаанаар хойрго хандаж байна уу гэж харагдаж байгаа.
-Танайх эрт илрүүлэг, үзлэг, оношлогооны багаж тоног төхөөрөмж, хүний нөөц хэр хангалттай вэ. Иргэдэд хүлээх, цаг олдохгүй байх зэрэг хүндрэл гарч байна уу?
-УНТЭ-ийн хувьд Эрүүл мэндийг дэмжих төв дээрээ эрт илрүүлэг, үзлэгийг зохион байгуулдаг. Хүний нөөц, оношлогоо, шинжилгээний багаж, тоног төхөөрөмж бүрэн хангагдсан. Бид өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэгт зориулж ходоодны дуран хоёр ширхэг, ЭХО, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, нэмэлт хэрэгслийг эмнэлгийн нөөц боломжоор худалдаж авснаа ашиглаж байна. Иргэдийг аль болохоор чирэгдүүлэхгүй үйлчлэхэд анхаарч байна.
-Танай эмнэлгийн хариуцах аймгуудад эрт илрүүлэгт шаардлагатай хүн хүч, тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байдаг гэнэ. Нарийн мэргэжлийн эмч нар очоод ажиллахад боломжтой эсэхийг судалж үзэв үү?
-Орон нутагт улсын эмнэлгүүдтэй харьцуулахад хүний нөөц, тоног төхөөрөмж дутагдалтай байдаг ч өнгөрсөн жил ЭМЯ-аас бүх аймгийг нэгдсэн стандартын дагуу Эрүүл мэндийг дэмжих төвтэй болгосон. Тэдгээр төвүүдэд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг явагдаж байгаа. Орон нутгийн нэг дутагдалтай зүйл нь алслагдсан сум, багийн малчид эрт илрүүлэгтээ муу хамрагдаж байгаа статистик тоо гарсан. Тийм учраас сайд тушаал гаргаад нэгдсэн эмнэлгүүд, аймгууд хүн амыг эрт илрүүлэгт хамрагдахыг дэмжиж ажиллах чиглэл өгсний дагуу бид аймгуудтай холбогдож эмч нараа илгээж байна.
Эрт илрүүлэгт иргэд маш сайн хамрагдах ёстой. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлогын маш том ажил юм. Өмнө нь бүх хүнийг үзлэгт хамруулж байсан түүх байхгүй. Аливаа өвчнийг хүндрэхээс нь өмнө эрт оношлох, эрүүл мэндийн байдлыг нь үнэлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гэх мэт давуу талтай. Тиймээс иргэд өөрсдийн эрүүл мэндийн төлөө эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2026/05/25
“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
-
Улстөр нийгэм2022/12/23
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Ренчиндоржийн Онончимэг сонгогдлоо
-
Цаг үе2021/05/19
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Цаг үе2022/08/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
