Урлаг спорт
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын нээлтийн ёслол боллоо

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Энэ нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой.
Наадмын нээлт наймдугаар сарын 16-ны 20:23 цагт эхлэх байсан боловч цаг агаарын нөхцөл байдлын улмаас 24 цагаар хойшлон, энэ Пүрэв гарагт тус цагт нээлтээ хийлээ. Наадам Монгол Улсын Төрийн далбааг залах ёслолоор эхэлсэн юм.
Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 870 гаруй тамирчин 11 спортын 12 төрлөөр өрсөлдөж буй. Нээлтийн арга хэмжээ улс орнуудын үндэсний хорооны тамирчдын жагсаалаар үргэлжилж, Зүүн Азийн олимпын хорооны туг мандуулах ёслол болж, мөн наадмын сүлд дууг дуулсан юм.
Наадмыг нээж “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо”-ны дэд дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө:
-Улаанбаатар хот энэ наадмыг зохион байгуулснаар цаашдаа тив, дэлхийн наадмуудыг зохион байгуулах үүд хаалгаа нээж буй. Хурд хүч, авхаалж самбаагаа сорин, найман хоногийн турш өрсөлдөх Зүүн Азийн өсөх ирээдүйтэй, шилдэг залуучуудын тэмцээнийг улаанбаатарчууд төдийгүй дэлхийн олон орны иргэд сэтгэл догдлон, шимтэн үзэхээр хүлээж байгаа. Түүнчлэн энэхүү наадмаас ирээдүйн тив дэлхий, олимпын аваргууд тодорч, Монголын төдийгүй бүс нутгийн спортын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт итгэл төгс байна хэмээлээ.
Зүүн Азийн олимпын хорооны ерөнхийлөгч Ян Шуан:
-Монголын ард түмэн биднийг маш зочломтгой угтаж авлаа. Та бүхний хичээл зүтгэлээр энэ наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Зүүн Азийн олимпын хороодын нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, зохион байгуулагч нар, сайн дурынханд гүн талархал илэрхийлье. Мөн тамирчдадаа амжилт хүсье гэсэн юм.
Монголын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг:
-Өнөөдөр бол түүхэн өдөр. Энэ наадам манай улсын хувьд шударга өрсөлдөөн, амжилт, эв нэгдлээр түүчээлсэн түүхэн үйл явдал болж байгааг цохон тэмдэглэе. Залуучуудын наадам бол нөхөрлөл, эв нэгдлийн илэрхийлэл. Өөр хэлээр ярьдаг, өөр газраас ирсэн, өөр соёл заншилтай ч биднийг спорт, хүндлэл нэгтгэдэг хэмээв.
Үүний дараа тамирчид, шүүгчдийн төлөөлөл тангараг өргөсөн юм. Наадамд хамгийн олон буюу БНХАУ-аас 400 гаруй тамирчин оролцож байгаа бол Монголын 255 тамирчин оролцож байна. Манай тамирчид тус наадмын спортын бүх төрөлд өрсөлдөж буй.
Наадмын нээлт өнгөрсөн, одоо, ирээдүйг илэрхийлсэн урлагийн үзүүлбэрүүдээр үргэлжилж байна.
Ташрамд, тэмцээний тасалбарыг www.ticket.mn веб сайтаас захиалах, мөн борлуулалтын цэгүүдээс худалдан авах боломжтой. Наадмын хаалт наймдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайд болно.
Урлаг спорт
О.Зулхүү хувийн амжилтаа шинэчлэв
“Ханжоу 2022” Азийн наадам үргэлжилж байна. Хөнгөний атлетикийн төрөлд эрэгтэй, эмэгтэй 200 метрийн уралдаанд манай дөрвөн тамирчин хурд сорилоо. Эрэгтэйчүүдийн 200 метрийн зайд нийт 32 гүйгч замд гарсанаас О.Зулхүү 22.04 секундэд замаа дуусгаж, 22-т, Э.Төртогтох 23.21 секундэд барианд орсноор 30-д жагслаа.
Харин эмэгтэйчүүдийн 200 метрийн зайд Б.Солонго 26.01 секунд, О.Мөнхтүмэн 26.41 секундээр замаа дуусгав гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Урлаг спорт
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.
Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.
М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долоодугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.
Мөн тус хурлаар Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож Улсын начин, Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож Улсын харцага, Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож Улсын заан, Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож Улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.
Мөн улсын аварга Оргихын Хангайд “Үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.
Урлаг спорт
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүд эхний хожлоо авлаа
“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. 3х3 сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны залуучуудын баг энэ удаагийн Азийн Наадамд оролцож буй. Ө.Индра, Ц.Болорцэцэг, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг "D" хэсгийн эхний тоглолтоо Хонконгийн эсрэг хийж, 21:15-аар яллаа.
3х3-ын эмэгтэйчүүд хэсэгтээ Йордан, Филиппин, Хонконгийн багтай өрсөлдөх байсан ч тодорхой шалтгааны улмаас Филиппиний баг хасагдсан юм. Хэсэг тус бүрээ тэргүүлсэн дөрвөн баг шөвгийн наймд шалгарах эрхээ шууд өвөртлөх бол дараагийн дөрвөн эрхийн төлөө үлдсэн найман баг нэмэлт тоглолт хийх юм.
Монголын эмэгтэй 3х3 багийн дараагийн тоглолтоо энэ сарын 27-нд Йорданы эсрэг хийх болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
-
Улстөр нийгэм2021/09/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно
-
Цаг үе2022/10/12
Гэрлэлтийн дундаж нас 25-29 байна
-
Цаг үе2020/04/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Урлаг спорт2020/02/21
Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ түмэн олондоо шууд дамжуулан хүргэнэ
Сэтгэгдэл