Урлаг спорт
П.Сэр-Од, О.Есүгэн нар олимпын наадмын нээлтэд төрийн далбааг зална
Хүн төрөлхтний их цэнгэл наадам Зуны олимпын XXXIII наадам “хөшиг”- өө нээхэд 4 хоног үлдлээ. Монгол Улсын шигшээ баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулсан цагаас хойш 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна.
Энэ удаагийн олимпын наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэж Монголчууд итгэл тээсээр, баг тамирчид бэлтгэлээ чамбайруулсаар. Олимпын наадамд эрхээ хүртэж өрсөлдөнө гэдэг тамирчин хүн бүрийн мөрөөдөл, зорилго.
Тэр дундаа улсынхаа далбааг нээлтийн үйл ажиллагаанд залж тугчаар орно гэдэг тамирчин бүрд олдоод байхгүй их хувь тохиол. “Парис-2024”- зуны олимпын наадамд Монгол Улсын тугчаар өдгөө 6 дахь олимпын наадамдаа өрсөлдөх гэж буй шилдэг марафонч, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэр-Од, анхны олимпын наадамдаа өрсөлдөх “тийз”-ээ захиалсан боксын спортын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн нар томилогдсон.
Тэр дундаа П.Сэр-Одын хувьд өмнө 2012 оны Лондоны олимпын наадамд Монгол Улсын тугчаар сонгогдож байсан. Монголын олимпын түүхэнд хоёр удаа тугчаар сонгогдсон анхны мөн дэлхийд ч ховор тохиолын нэг юм. Монгол Улс түүхэндээ анх удаагаа 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцож эхэлсэн. Тухайн үеийн олимпын наадмын Монгол Улсын тугчаар Хөнгөн атлетикийн дасгалжуулагч Ё.Найдан сонгогдож байв. Ингэснээр Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн төлөөлөл 3 олимпын наадамд хариуцлагатай үүрэг хүлээсэн түүх үлдэж байна.
Харин боксын спортын төрлөөс анх удаа тугчаар сонгогдсон тохиолдол нь ОУХМ О.Есүгэн юм. Монголын спортод өнөөдрийг хүртэл олимпын наадмын тугчаар хамгийн олон удаа сонгогдсон спортын төрөл нь чөлөөт бөх. 1968 онд Монгол Улсын анхны медалийг хүртэж байсан баг тамирчдаас зуны олимпын наадамд 6 удаа тугчаар сонгогдож байжээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.Урлаг спорт
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Урлаг спорт
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

Урлаг спорт
Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно
АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.
Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.
Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.
Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.
Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.
Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.
-
Шударга мэдээ2021/06/15
С.Амарсайхан: Наадмыг хойшлуулах хэрэгтэй, халдвар буурахгүй бол цуцалсан ч болн...
-
Цаг үе2019/06/13
Хашаа байшингаа даатгуулах тохиолдолд иргэд юуг анхаарах вэ?
-
Үзэл бодол2019/06/27
Б.Гүрсоронзон: Аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, ...
-
Цаг үе2020/07/06
АНУ-ын Дээд шүүх Макаогийн тэрбумтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов
