Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын хувиар долоо хоног бүрийн даваа гарагт салбар бүрийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийлээ.

Засгийн газар хайрцаглагдсан орчноосоо гаръя, иргэдээ сонсъё гэж байгаа юм. УИХ, Засгийн газрын шийдвэр зарим тохиолдолд анхан шатанд тэс өөр болсон байдаг. Авлига, түгжрэл нэг өдөр бий болсон зүйл биш.

Урт хугацаанд үүссэн, үүнийг өөрчлөхийн тулд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг баталж, хэрэгжүүлж байна. Монгол Улсын хөгжлийг ирэх 30 жилд 10, 10 жилээр зурагласан баримт бичиг юм. Хөгжлийг хязгаарлаж буй зүйлүүлийг “Шинэ сэргэлтийн бодлого”-оор шийдвэрлэхээр зорьж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хамгийн эхний суурь нь авлигатай тэмцэх юм. Авлига нийгмийн өвчин болж байна. 5Ш ажиллагаа бидний хамтын тэмцэл байх ёстой” гээд улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, өр, зээлжих зэрэглэл, Хөгжлийн банк тойрсон асуудал, төлбөрийн тэнцлийн балансын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Төв аймаг 97 мянган хүн амтай, иргэдийн сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Энэ нь улсын дундажтай харьцуулахад 400 мянгаар бага үзүүлэлт аж.

Тус аймагт шилжин ирэгсэд жилээс жилд нэмэгдэж байна. Гэтэл сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муу, барилга байгууламж хуучирсан зэргийг иргэд хэлж байлаа. Тухайлбал, Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг “Өнгөрсөн хичээлийн жилд манай цогцолбор сургууль 3300 хүүхэдтэй байсан бол энэ онд 3800 болсон. 95 бүлэгтэй, нэг ангид 40-өөс дээш хүүхэд суралцаж байна. Спортын төрөлжсөн сургуулийг яаралтай ашиглалтад оруулж, бидний ачааллыг хуваалцмаар байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөн энэ эрчээр нэмэгдвэл цаашид сургуулийн барилга шаардлагатай. Боловсролын багц хуульд төрөлжсөн ахлах сургууль байгуулна гэж заасан. Нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд багшийн төрөлжсөн сургалттай ахлах сургууль Зуунмод хотод байгуулбал зүгээр байна. Энэ хэрээр үйлчилгээний чанар хүртээмжид сайнаар нөлөөлнө” гэлээ. Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төв аймгийн Зуунмод хотын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ түвшинд гаргахгүй бол болохгүй. Таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын зураг төсөл бэлэн бол ирэх оны төсөвт төсвийг нь шийдэж өгөхөө Ерөнхий сайд хэллээ.

Манзуширын хийд рүү инженерийн дулааны шугам сүлжээ татах, цагдаагийн байгууллага зориулалтын байртай болох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих, нийтийн тээврийн такси үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийн зөвшөөрөл өгөх, шинэ суурьшлын бүсэд дэд бүтэц шийдэж, цахилгаанаар хангах, заавал нийгмийн даатгал төлөх бус хадгалдаг, түүнийг барьцаалж зээл авдаг тогтолцоог бүрдүүлж өгөх зэрэг саналыг иргэд хэлсэн. Мөн залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг, шилжин ирэгсдэд ээлтэй бодлого байхгүй, аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсохдоо хойрго байгааг шүүмжлэв.

Уулзалтын төгсгөлд Засгийн газрын гишүүд нар иргэдийн асуултад хариуллаа. Төв аймагт 2016 оноос хойш 70 гаруй бүтээн байгуулалтын ажил хийжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар томоохон бүтээн байгуулалтыг улсын, засвар шинэчлэлтийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийхээр болсныг тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Батжаргал, Зуунмод-Улаанбаатар хотын чиглэлд хот хоорондын нийтийн тээвэр, такси үйлчилгээний зөвшөөрөл өгснийг Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө аж ахуйн салбарт анхаарч ажиллана. Залуусыг дэмжсэн бодлого хэрэгжүүлээд явж байна. Орон нутагт ирж суурьшвал ипотекийн зээлийн хүүг жилийн гурван хувь болгосон, мөн түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууц барихаар төлөвлөж байна. Монголын хүн амын 70 хувийг залуус бүрдүүлж байна. Залуучуудын асуудлыг Ерөнхий сайд ахалж, Үндэсний хороо байгуулна. Ирэх жилийн төсөв хэлэлцэх үеэр Төв аймагт төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих барилгын ажлыг оруулж ирэхийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд захилаа.

Засгийн газрын нөөцөөс шинэ суурьшлын бүсэд цахилгааны дэд бүтцийг шийдэх хөрөнгө гаргаж, айл, өрхүүдийг цахилгаанд холбогдох боломж бүрдүүлнэ гэв. Мөн гэр хорооллын инженерийн шугам сүлжээг иж бүрэн шийдвэрлэх төсвийг ирэх оны төсөвт тусгаж өгье. Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц хэмжээнд Зуунмод байх ёстойг Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хэллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.06.15/ болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл солилцлоо.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын зохион байгуулалт, дэд бүтэц, тохижилтын ажлыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, гадаад, дотоодын зочдыг хүлээн авах бэлтгэлийг сайтар хангах, салбар хороод уялдаагаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолт болон соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдах бөгөөд нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын уран бүтээл, тайзны найруулгын бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаар Соёл урлагийн салбар хороо мэдээллээ.

Мөн үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдааны салбар хороод бэлтгэл ажлаа үе шаттайгаар хэрэгжүүлж, зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.

2026 оны Үндэсний их баяр наадам нь түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ Дэлхийн адууны өдрийн хүрээнд монгол адууны өв соёл, үнэт зүйлсийг олон улсад таниулах онцлог ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан

Огноо:

,

“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн сонсголд Авлигатай тэмцэх газраас “Нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй хэргийн талаар нийслэлийн хэмжээнд 2024 оноос хойш хийсэн авлига ашиг сонирхлын талаарх судалгаа авсан арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ.

Авлигтай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал мэдээлэлдээ тус газраас прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын талаар зарим мэдээллийг өгөх зөвшөөрөл олгоогүй тул мөрдөн байцаалтад саад болохгүй, бусдын нэр хэлэхгүйгээр тодорхой мэдээллийг өгнө гэдгийг онцлон тэмдэглэв.

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр холбогдох гурван байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажил явуулж байна. Туулын хурдны зам нэртэй 2,3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалт, санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, “Шинэ тойрог” авто зам төслийн урьдчилсан ТЭЗҮ зураг, төсөв нэртэй 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер сонгон шалгаруулалт, “Сэлбэ” дэд төвийн орон сууц иж бүрэн цогцолбор хорооллын нийт 7 багц ажил зэрэг нийтийн тээврийн 6, автозамын салбарын 4, барилга, хот байгуулалтын дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл, хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11-д нь санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь хэрэгжиж эхэлж байгаа буюу тодорхой хувийн санхүүжилт олгосон төслүүдийг шалгаж байна гэв. Шалгалтын явцад төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан гээд одоогийн байдлаар найман хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан, гурван хүнийг цагдан хорьсон мэдээлэлтэй байна хэмээлээ.

Үргэлжлүүлэн тус газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон түүний харьяа байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын тоон мэдээллийг хүргэсэн. Уг мэдээлэлд Авлигатай тэмцэх газраас 2024 онд нийслэлийн хэмжээнд томилогдохоор нэр дэвшсэн 1725 мэдүүлэг гаргагчийн урьдчилсан мэдүүлгийг хянасан байна. Үүнээс 80 мэдүүлэг гаргагч нь их хэмжээний өөрчлөлтийг хуулийн хугацаанд мэдүүлсэн.

Их хэмжээний өөрчлөлт гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 198 сая төгрөгөөс дээш хэмжээний өөрчлөлтийг мэдүүлсэн байна. 2025 онд нийт 821 нийтийн албан тушаалтныг хянасан. Үүнээс 693 албан тушаалтныг зөрчилгүй гэж үзсэн, 98 албан тушаалтанд томилогдвол зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал байгааг анхааруулсан. Зургаан албан тушаалтныг илт зөрчилтэй гэдэг мэдээллийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн. 2026 онд нийт 310 албан тушаалтны хөрөнгө орлого ХАСХОМ-ийг хянаж, үүнээс 257 нь зөрчилгүй, 22-ыг анхааруулж, 3 албан тушаалтныг илт зөрчилтэй гэдэг мэдээллийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн гэв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас ноцтой осол гарчээ

Огноо:

,

Өнөөдөр өглөө Энхтайваны гүүр орчимд гарсан зам тээврийн ноцтой ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Урьдчилсан байдлаар Toyota Alphard маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад Энхтайваны гүүрнээс автомашинтайгаа унасан нь тогтоогджээ. Жолоочийн согтолтын хэмжээ 1.38 промилль байсан талаар мэдээлсэн байна.

Хэргийг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд ослын шалтгаан, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.


ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь зөвхөн жолоочийн төдийгүй бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг.

- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо бүү барь
- Найз нөхөд, гэр бүлийнхэндээ согтуугаар жолоо барихгүй байхыг сануул
- Такси, нийтийн тээвэр эсвэл жолоо барих боломжтой хүнийг сонго
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаал

Нэг буруу шийдвэр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хэмжигдэх нөхөж баршгүй хохирол дагуулдаг. Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцъё.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох