Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслүүд өргөн мэдүүлэв

Огноо:

,

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Эдгээрээс 3 нь цахим нотлох баримтыг үнэлэх, техник технологийн дэвшлийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэвтрүүлэх замаар иргэн, хуулийн этгээдийн Үндсэн хуулиар баталгаажсан шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлэх боломж нэмэгдүүлэх буюу шүүхийн хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэгдэж байжээ. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн хөдөлгөөний менежментийн шинэ зарчмыг суулгаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн төрөл, онцлогоос шалтгаалан удирдлагын ялгаатай зарчим үйлчилж байгаа аж. Тухайлбал, сүүлийн үеийн олон улсын байгууллагын болон холбогдох эрдэмтдийн судалгаа үзэхэд, дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч буй нэг төрөл нь бага үнийн дүн бүхий иргэний хэргийг удирдах ажиллагаа байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, тэр хэрээр хэргийн оролцогчийн эрх зөрчигдөн шүүхэд хандах замаар эрхээ сэргээлгэх нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд бодит байдал дээр хохиролтой болж төгсдөг олон жишээ дурдах боломжтой.

Иймд харьцангуй тодорхой эрх зүйн маргаанаас үүдэлтэй, бага  үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн онцлогт тохирсон нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх ажиллагааг хялбаршуулж, энгийн болгосон, давж заалдах, хяналтын журмаар хандах хугацааг богиносгох замаар шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны тусгайлсан төрлийг бий болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, иргэдэд хурдан шуурхай, хялбар байдлаар үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшлүүлэхээр хэргийн онцлогт тохирсон, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны уян хатан зохицуулалт бий болгохоор төслийг боловсруулжээ. Шаардсан мөнгөн дүнгээсээ их хэмжээний зардал үүсгэн хэт урт хугацаагаар шүүхээр маргахаас халширч, шүүхийн үйлчилгээг авахаас татгалзах явдлыг багасгахын зэрэгцээ нэгэнт шүүхэд хянан шийдвэрлэх процесс эхлүүлсэн иргэд, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг богино хугацаанд шударгаар сэргээх боломж нэмэгдэх юм байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, Иргэний Болон Улс Төрийн Эрхийн Тухай Олон Улсын Пакт болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдпын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэлд тусгасан дүгнэлт, зөвлөмжид нийцүүлж, Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ.

Сүүлийн 3 жилийн байдлаар судалж үзэхэд сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж байгаа гэх дүгнэлт гарсан бөгөөд Монгол Улсад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна хэмээн дүгнэхэд хүрсэн аж.

Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулах, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн дээрх практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ.

Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, сэжигтнийг баривчлах ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах журам, тухайлбал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндсэн болон сунгах хугацааг багасгах,  сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангах журмыг тодорхой болгох, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгохоор холбогдох өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан байна.

Мөн сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Сонгуулийн хэргийг хянан шийдвэрлэх харьяаллыг цагдаагийн байгууллагад хамааруулах, цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хэргээс зарим хэргийг хасахаах хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхэд шууд нөлөөлөх нэг хүчин зүйл нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг нэмэгдүүлэх, уг арга хэмжээнд тавих техникийн хяналтыг сайжруулах явдал бөгөөд энэхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой нэмэлтийг дагалдуулан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл арилж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилсан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болсноор хүний эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшилнэ.Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хууль зүйн туслалцаа авах” эрх улам бүр баталгаажна хэмээн төслийг өргөн мэдүүлэх үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа

Огноо:

,

Эрчим хүчний сайд Б.Найдалаа COP17 хурлын үеэр өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рут Дэвис болон холбогдох төлөөлөлтэй уулзлаа.

ИБУИНХУ-д Монголын эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудлуудтай ижил бэрхшээлүүд бийг хатагтай Рут Дэвис хэлээд, Монгол Улс стратегийн түвшинд ямар төслүүд хэрэгжүүлэхээр зорьж буй болон сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг амжилттай зохион байгуулсан туршлага, ногоон шилжилт хийхэд тус улсаас манайд хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар сонирхлоо.

Монгол Улсын Эрчим хүчний яамнаас “Эрчим хүчний шилжилтийн стратеги 2026-2050” баримт бичгийн төслийг олон нийт, хөрөнгө оруулагчдад танилцуулсныг сайд Б.Найдалаа онцлов.

Мөн тэрбээр Монгол Улс нүүрс, нар, салхины арвин нөөцөө ашиглан дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна бүс нутгийн хэмжээнд тоглогч болж, эрчим хүч экспортлох амбицтай ажиллаж байгааг тодотголоо. Талууд хоёр улсын эрчим хүчний салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахад санал нэгдэв.

Сайд Б.Найдалаа өнөөдөр мөн Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн (UKEF) Бизнес хөгжүүлэлт болон Харилцагчийн хамтын ажиллагаа хариуцсан олон улсын газрын дарга Вомик Нур Шах, тус агентлагийн Бизнес хөгжүүлэлтийн Зүүн Европ ба Төв Азийн бүс хариуцсан дарга Крис Аллум нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр сайд Б.Найдалаа Монгол Улс эрчим хүчний салбартаа өргөн хүрээний шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж буйг танилцуулаад, өмнөхөөс илүү нээлттэй байхыг зорин, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татахад анхаарч байгаагаа онцлов.

Дээрх агентлаг нь Засгийн газрын байгууллага бөгөөд ноён Вомик Нур Шахын хувьд Их Британийн олон улсын бизнес хөгжүүлэлт, шинэ боломжуудыг бий болгох үйл ажиллагаа, мөн олон улсын сүлжээг хариуцан ажилладаг байна. Тэрбээр Монгол Улсын эрчим хүчний салбарт, тухайлбал, нар, салхи, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүч, жижиг модуль реактор (SMR)-ын төсөлд хөрөнгө оруулах боломжийн талаар судлах сонирхолтой байгаагаа дурдав.

Монгол Улсын хувьд эдгээр болон устөрөгч, усан цэнэгт станц, дата төв байгуулах, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгааг сайд Б.Найдалаа тэмдэглээд, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулах боломж зэргийн талаар цаашид нарийвчлан ярилцах саналтай буйгаа илэрхийлэв. Тухайлбал, манай улс цөмийн эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр судалгаа хийх ажлын хэсэг байгуулж буй юм. Уг чиглэлээр гадаадын орнуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, нэг бус, хэд хэдэн улстай энэ талаар хэлэлцэн, хамгийн тохирох арга замыг сонгохыг зорьж буй.

Талууд цаашид харилцан мэдээлэл солилцож, яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарахаар болов. Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас Монгол Улсад дөрвөн тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулах боломжтой хэмээн тооцож байна гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах “Ногоон дата төв” байгуулах санаачилгыг танилцууллаа. Монгол Улс Риогийн гурван конвенцын зорилгыг бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, инновацын нэгдсэн тогтолцоонд уялдуулсан “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэвшүүлээд байна.

Энэ хүрээнд Монгол Улс эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулахаар зорьж байна. Уг төсөл нь Монгол Улсын 2026-2030 оны таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил юм.

Монгол Улс өргөн уудам газар нутаг, сэрүүн, хуурай уур амьсгал, нар, салхины арвин нөөцтэй. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд орших стратегийн байршлаараа сэргээгдэх эрчим хүч болон бүс нутгийн дижитал дэд бүтцийн шинэ төв болох суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Ногоон дата төв нь зөвхөн өгөгдөл хадгалах зориулалттай байгууламж бус, байгаль орчны өгөгдөл, зайнаас тандан судлах технологи, хиймэл дагуулын мэдээлэл, газарзүйн мэдээллийн технологи болон хиймэл оюун ухааныг нэгтгэсэн үндэсний болон бүс нутгийн ухаалаг шийдвэр гаргалтын платформын суурь болох юм.

Дэлхий даяар хиймэл оюун ухааны хөгжлийг дагаад дата төвийн эрэлт эрчимтэй өсөж байгаа энэ үед эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шаардлага нэмэгдэж байна. Иймээс сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, өндөр үр ашигтай дата төвүүд дэлхийн шинэ стандарт болж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.


Энэхүү санаачилга нь Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийлж, олон улсын түншүүдийг хамтран ажиллах, хөрөнгө оруулах, технологи, мэдлэг, туршлагаа хуваалцахыг урив.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлэв

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 389 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 269 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 120 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Үндэсний геологийн албаны холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 92 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 16 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Эрүүгийн хуулийн 22.1, 22.10-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 этгээдэд холбогдох үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар 9 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе9 цаг 43 минут

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэ...

Улстөр нийгэм9 цаг 47 минут

ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн...

Шударга мэдээ9 цаг 50 минут

Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар ...

Улстөр нийгэм9 цаг 54 минут

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачил...

Цаг үе10 цагын өмнө

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн бар...

Улстөр нийгэм10 цаг 4 минут

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаа...

Улстөр нийгэм10 цаг 28 минут

COP17 өнөөдөр “Газар ба хүн төвт өдөр”-өөр үргэлжилж байна

Цаг үе10 цаг 32 минут

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/25

Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөж...

Цаг үе2026/08/25

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Санал болгох