Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүйгээр парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй

Огноо:

,

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн худалдан авалтууд хуулийн дагуу явсан эсэхийг шалгах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Энэ хүрээнд нийтийн тээврийн худалдан авалттай холбоотой баримт материалуудыг татаж, архивын баримтуудыг шалгаж, нягтлахад гэмт хэргийн шинжтэй байж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийж, баримтуудыг АТГ-т өгч шалгуулахаар болсноо мэдэгдлээ.

2009 оноос хойш нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 10 удаагийн худалдан авалт хийжээ. Эдгээр худалдан авалт бүгд шууд гэрээний хүрээнд зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулаагүй байна. Тухайлбал, 2009 онд 400 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан. Тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 2008 оны арванхоёрдугаар сарын 20-нд БНСУ-ын “Deawoo Global” корпорацтай худалдааны гэрээ байгуулж, 400 автобусыг 25,161,000 ам.доллароор худалдаж авахаар тусгажээ. Улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан хэр нь улс, нийслэлийн өмчид бүртгэлгүйгээр арван аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Тухайн үед Зам тээврийн сайдаар Х.Баттулга, Сангийн сайдаар С.Баярцогт,  Хотын даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байжээ. Нийт 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэлгүйгээр шууд аж ахуйн нэгж байгууллагуудад нэр дээр өгсөн байгаа юм. Үүнээс үүдэн улсын төсөвт дээрх хэмжээний хохирол бодитоор учраад байна. Энэ хугацаанд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас уг хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр удаа дараа шүүхийн байгууллагад хандсан боловч тухайн автобуснуудыг анх авахдаа улсын төсвийн хөрөнгөөр бүртгээд, аж ахуйн нэгжүүдийн нэр дээр шилжүүлсэн учир Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүрчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2010 оны арваннэгдүгээр 23-нд Монгол Улсын Засгийн газрын 303 дугаар тогтоолоор автобус авсан аж ахуйн нэгжүүдээс гэрээнд заасан эргэн төлөлтийг буцаан хуримтлуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлийн сан бүрдүүлэхийг тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Хотын дарга Г.Мөнхбаяр нарт даалгасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл эдгээр аж ахуйн нэгжийн эргэн төлөлт 23 хувьтай байгаа бөгөөд тухайн үед өгч байсан автобуснуудын ашиглалтын хугацаа дууссан” хэмээв.

2015 оноос хойш 560 автобусаар парк шинэчлэл хийсэн. Харамсалтай нь эдгээр автобусны дийлэнх нь гэрээгээр хүлээсэн хугацаандаа нийтийн тээврийн үйлчилгээнд явалгүйгээр актлагдсан байна.

Хотын дарга Х.Нямбаатар  үргэлжлүүлэн “Үе үеийн Засаг дарга нар, 2009 оны үеийн Зам тээврийн яам, Сангийн яам эдгээр автобусыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэлгүйгээр шууд гэрээний аргаар авсан асуудлыг АТГ-т шалгуулна. Арваннэгдүгээр сарын 23-нд шинээр оруулж ирэх 700 автобусны тендерийг нээнэ. Цаашид шинээр худалдаж авах автобуснуудыг улсад өртэй автобус компаниудад өгөхгүй. Түүнчлэн жил бүр 300 тэрбум орчим төгрөгийг автобус компаниудад олгодог. Бодит тооцоололгүй өгдөг татаасыг гүйцэтгэл дээр үндэслэдэг болгох ёстой. Нийтийн тээврийн салбарт байгаа зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүй бол парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй. Нийтийн тээврийн салбарт бугшсан төр, хувийн хэвшлийн бүлэглэл байгааг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд олон асуудал байна.  Тухайлбал, “Эрдэм транс” ХХК “Daewoo”, “Hyundai” автобуснуудыг оруулж ирэхдээ он зассан байгаа юм. 2013 онд үйлдвэрлэсэн автобусыг 2015, 2016 он гэж засаж оруулж ирсэн. Эдгээрийг хууль хяналтын байгууллагад шалгуулна. Үе үеийн Засаг дарга нарт нийтийн тээврийн салбарынхан автобуснуудыг шууд гэрээгээр авдаг гэж мэдээлэл өгдөг жишиг тогтсон. Нийтийн тээврийн салбарт жил бүр 300 тэрбум төгрөгийн татаасыг гүйцэтгэлд хяналт тавилгүйгээр баталсан дүнгээр өгч ирсэн нь өнөөдрийн хамгийн том алдаа. Мөн он засдаг асуудлыг шалгаж, буруутай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

В.Батсайхан: Гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий

Огноо:

,

Нэгэн аав, охины хамт нуурын эрэг дээр очжээ. Аав нь охиндоо хандан “яваад нуурын ус дулаан байна уу, хүйтэн байна уу үзээд ир” гэж гэнэ. Охин усанд хөлөө бага зэрэг дүрж үзээд, аав дээрээ гүйн ирж “Хүйтэн байна” гэхэд, аав нь охиноо тэвэрч аваад нуур руу шидчихэж. Охин гайхсан хэдий ч  усанд дасах үед  нуур тийм ч хүйтэн санагдсангүй. Тэр үед аав нь охиноосоо ”Нуур ямар байна” хэмээн  дахин асуужээ. Охин хариуд нь “Гоё байна” гэв. Харин аав, охиндоо хандан “ямар нэг юмыг мэдрэхийг хүсвэл бүхэл бие, сэтгэлээрээ тэр зүйлдээ орж бай” гэж захижээ.

Дээрх бяцхан түүхд өгүүлсэн шиг бүхий л зүрх сэтгэлээ хоббидоо зориулсан нэгэн эрхмийг “Онцгой мэдээ” сонины “Хобби” булан онцолж байна. Энэ бол ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайхан. Тэрбээр хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэж Монгол Улсын бүтээн байгуулалтад ашиглаж ирсэн 100 гаруй автомашины 1:43 масштаб хэмжээтэй моделийн цуглуулгатай.

-Яагаад машины модель цуглуулах болсон бэ. Хамгийн анхных ямар загвар байв?

-Миний аав жолооч, мэдээ орсон цагаасаа ЗИЛ-130 машины кабинд явдаг байлаа. Анх, олон жилийн өмнө дөө аавынхаа барьж байсан машинуудаар цуглуулгаа эхэлсэн. Харин гал унтраах машины цуглуулгыг 2010 оноос эхэлсэн. Манай гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий. Цуглуулгаа тоолдоггүй, бараг 200 дөхсөн байх. Монголд, зөвхөн надад байдаг цор ганц загвар нэг хоёр ширхэг байгаа.

Цэргийн түүхийн музейд цуглуулгаараа үзэсгэлэн гаргасан гэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

2022 оны гуравдугаар сард үзэсгэлэн гаргасан. Тэр үед  би өөрөө эзгүй, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Шуурхай штабт томилолтоор ажиллаж таарсан юм. Тиймээс нэг найздаа тоолж хүлээлгэж өгөөд явсан. Хүмүүс  их сонирхсон гэсэн.  

Ийм төрлийн цуглуулгатай өөр хүн мэддэг үү.

-Олон байдаг байх аа. Сүүлийн үед хүмүүс аавынхаа барьж байсан машины моделийг их хийлгэдэг болжээ. Гэхдээ хүүхдийн тоглоомтой холихгүйгээр цуглуулдаг гэхээр тоо нь цөөрч магадгүй. Моделийг яг өмнө нь ашиглаж байснаар нь тоноглох чиглэлийн хөгжүүлэлтийг өөрийн урлантай Ү.Одонбаяр ах түлхүү хийж байгаа.

-Цуглуулгаа хадгалж, хамгаалахад бэрхшээл тохиолдох уу. Тухайлбал, зочилж ирсэн бага насны хүүхэд нэхэх зэргээр.

-Нарны хурц гэрэл тусахаас хамгаалах, тоос шороог нь арчих гээд ажил мундахгүй. Ер нь манайхан хүүхдүүдээ багаас нь хүний юманд зөвшөөрөлгүй ойртохгүй, ядаж музей үзэхдээ үзмэрт нь гар хүрэхгүй байх наад захын соёл, хүмүүжилд сургах хэрэгтэй. Миний цуглуулгын ирж үзсэн хүүхдүүд гэртээ хариад тоглоомуудаа угааж цэвэрлэн, өрж тавьдаг болдог л гэсэн.  

-Хамгийн дурсамжтай олдсон нь аль вэ. Муудсан зэвэрсэн хаягдсан модель  олж засаж шинэчилж авсан гэх мэт?

-Байлгүй яах вэ. Хямдхан худалдаж аваад урландаа будаж тоноглоод нөгөө хүндээ буцаад харуулахаар танихгүй байх жишээтэй.

-Танд өөр төрлийн цуглуулга байдаг уу?

Ном. Онцгой байдлын салбарт ажилладаг эрдэмтний хувьд дотоодод 20, гадаадад 23 илтгэл, өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Мөн 2021 оноос “Уур амьсгалын өөрчлөлт тарваган тахлын байгалийн голомтын биологийн төрөл зүйл, хөдлөл зүй, хүн амын зарим эрсдэлт хүчин зүйлд үзүүлэх нөлөө” суурь судалгааны ажлын удирдагчаар ажиллаж байна.

Таны хоббиг хамгийн их дэмждэг хэн байдаг вэ

-Мэдээж гэр бүлийнхэн. Гадаад явахдаа авчирч өгдөг найз нөхөд гээд дэмждэг хүмүүс олон.  

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Монгол Улсын Хөгжлийн Банк “Тогтвортой Хөгжлийн Бодлого” баталлаа

Огноо:

,

Монгол Улсын Хөгжлийн Банк нь Монгол Улсын болон дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулан, үйл ажиллагаанаасаа үүдэх байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, эерэг нөлөөтэй болгоход зорьж ажиллах болон компанийн засаглалыг сайжруулан үйл ажиллагаагаа илүү тогтвортой, хариуцлагатайгаар явуулахаа илэрхийлэн “Тогтвортой хөгжлийн бодлого”-оо баталлаа.
 
Энэхүү бодлогын хүрээнд банк нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж, мөн урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, зохистой засаглалын тогтолцоог бүрдүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахыг зорьж, банкны дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөө болон бизнес төлөвлөгөөнд тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг тусгаж биелэлтийг ханган ажиллах юм.
 
Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн Банк
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртайг Ерөнхий сайд онцоллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2023” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн мэнд хүргээд "Монгол Улс туурга тусгаар улс болохоо дэлхий дахинд тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 99 жил болж байна. Та бүхэн өнөөдрөөс хуулийн дагуу эрхээ эдэлж, үүргээ ухамсарладаг насанд хүрсэн иргэн болж байна” гэлээ.

Ерөнхий сайд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүх, улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулсан. “Монгол Улсын залуу иргэд ээ, эцэг өвгөдийнхөө бутарсан яс, урссан цусаар ирсэн тусгаар тогтносон улсын иргэн гэдгээ хэзээ ч битгий мартаарай. Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээхийн төлөөх эцэг өвгөдийнхөө захиас, эх орончдын тэмцлийг энэ цагийн залуус бид эгнэгт санах учиртай. Эцэг өвгөд минь 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо хамгаалсан шиг, энэ цаг үеийн иргэд бид тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртай” хэмээв.

Үе тэнгийнхнээ төлөөлж “Их засаг” сургуулийн сурагч Г.Гантулга, “Арвис” сургуулийн сурагч Б.Солонго нар үг хэлж, Монголын ирээдүй бидний гарт байна, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах эрдэм мэдлэгтэй иргэн болцгооё хэмээн үеийнхэндээ уриалж, Монгол Улсын иргэн гэж дуудуулах эрх чөлөө, тусгаар тогтнолыг олгосон өвөг дээдэстээ талархаж байгаагаа хэллээ.

Өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 46306 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-т мөн зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох