Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Засгийн газар, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт боллоо

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэх цаг болжээ.

Энэ нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал алхам  болох юм. Сүүлийн гурван жилд Та бид хамтдаа өнгөрсөн 30 жилийн хамгийн хүндрэлтэй, тодорхойгүй, дэлхийн хэмжээний эдийн засгийн сорилттой нүүр тулгарч, цар тахал, дайны ээдрээтэй цаг үеийг туулж байна. Бидний ололт амжилт, алдаа дутагдлыг бодитоор мэдрүүлж, цаг алдалгүй засаж залруулах ёстойг сануулсан” гээд ДНБ 2021 онд 43, 2022 онд 53.8, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрч тэлсэн байна.

Ийм үед Компанийн тухай хууль үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Хувийн хэвшил зовлонгоо яриад өнгөрдөг, төр сонсоод мартдаг нүдэн балай, чихэн дүлий байдлыг өөрчлөх цаг болсон. Эрх зүйн цогц шинэчлэл тал дээр ажлын хэсэг гаргаж, хамтарч ажиллая. Эдийн засгийн хүртээмжийг иргэд, аж ахуйн нэгжид хэрхэн тэгш хүртээмжтэй байлгах вэ гэдгээ ч ярилцъя гэлээ.

Ирэх онд ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар давна гэж тооцоолжээ. УИХ, Засгийн газраас 30 жилийн хугацаанд гаргасан 560 гаруй баримт бичгийг цэгцэлж, 2019 онд Үндсэн хуульд хөгжлийн бодлого төлөвлөлтийн заалт оруулж, 2020 онд УИХ “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Цаашид хууль эрхзүйн, бодлогын тогтвортой байдлыг хангах боломж бүрдсэн гэж үзэж байна.  

МҮХАҮТ-ын танхимын дарга Д.Энхтүвшин Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бизнес эрхлэгчидтэй уулзаж буйд талархал илэрхийлээд Монголын бизнесийн орчны судалгааны урьдчилсан дүнг танилцуулаа. Судалгаанд 4606 аж ахуйн нэгж хамрагджээ. Тэрбээр бизнес эрхлэх орчин дундаж түвшинд байна. Эдийн засгийн орчны үзүүлэлт цар тахлын үеийнхээс найман хувиар буурчээ. Интернэтийн хангамж сайжирсан, инфляцын эдийн засагт үзүүлэх нөлөө  худалдаа, тээвэр, боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэх орчин дунджаас доогуур, аялал жуулчлалын салбарынх ахисан дүн гарсан. Бизнес эрхлэх орчныг сайжруулахад татварын таатай орчин буюу хүртээмжтэй байдал чухлыг аж ахуйн нэгжүүд онцолсныг дурдлаа. Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хүний нөөцийн хомсдолд орж буй талаар бизнес эрхлэгчид хэлжээ.

Судлаач Д.Бум-Эрдэнэ “Монголын бизнесийн тренд-2024, Үндэсний ТОП-50 CEO”судалгааны дүнг танилцууллаа. Ирэх онд бизнесийн орчин таатай байх дүр зураг гарчээ. Гэхдээ аль ч салбарт ажиллах хүчний хомсдол үүссэн, төрийн оролцоо хувийн хэвшилд их байна гэх судалгааны дүн гарсан байна.

Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид чөлөөт бүс, эдийн засгийн коридор, эрчим хүч, уул уурхайн салбарт том төслүүд хэрэгжүүлэх саналаа хэлж, төрийн албаны уялдаа холбоо муу, дунд шатанд хүнд суртал их байгааг Ерөнхий сайдад уламжилж байлаа. Мөн аж ахуйн нэгжүүдтэй уулзаад өнгөрөх бус эргэх холбоотой, үр дүн гардаг байх ёстойг ч хэлсэн.
Зарим аж ахуйн нэгжийн төлөөллийн байр суурийг хүргэе.

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт: “Оюутолгой”-г эс тооцвол уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт маш бага. Төр бүтээн байгуулалтын том төслүүдээ хийж байна. Хувийн хэвшилдээ ач холбогдол өгөхгүй, хөрөнгө оруулалт татах талаас ярихгүй байгаа. Хөрөнгө оруулалт татах дагнасан агентлаг алга. Оюутолгойгоос ахиу орлого олоод байгаа учраас уул уурхайн салбарыг орхигдуулаад байна. Үүнийг дагаад засаглал муу. Уул уурхайн салбар ажлын байр цөөн бий болгодог. Засаглалын асуудлыг анхаарах шаардлагатай байна.

“Ачит Ихт” компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан: Бизнес хөгжихөд саад болж буй зүйл бол засаглалын чадавх. Баг, сумын ЗДТГ ч үүнд хамааралтай. Найдвартай дэд бүтэц буюу эрчим хүч, тээвэр, судалгаа хөгжүүлэлтийн соёл Монголд муу, үр өгөөжтэй хууль эрх зүйн орчин бизнес хөгжихөд саад тээг болж байна.

“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар:  Эрчим хүчний хараат байдал хөгжлийг хойш чангааж байна. Манай компани түүчээлээд баруун бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай станц баръя. Компаниудад ижил тэгш эрх зүйн орчин бүрдүүлж өгвөл сайн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд “Төр, хувийн хэвшилд аль алинд нь шүүмжлэлтэй зүйлс бий. Алдаа, оноогоо дүгнээд урагшлах ёстой. Ирэх 30 жилийн хөгжил, шийдэл ярья. Монголын компаниуд ирэх 30 жилд олон улсын зах зээлд бизнесээ тэлж, гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, үндэсний томоохон мега төслүүдийг хамтран хэрэгжүүлэх цаг нь болжээ. Хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа хувийн хэвшлийн аж  ахуйн нэгжүүдийн өнцгөөс өөрчилье. МҮХАҮТ хувийн хэвшилтэйгээ ярилцаад, хууль эрх зүйн орчноо тодорхойл. Энэ бол шинэ хандлага. Ажлын арга барилдаа хийж буй өөрчлөлт. Бид шаардлагатай улс төрийн дэмжлэг үзүүлнэ. Эрх зүйн цогц шинэчлэл хийхийн тулд төлөвлөгөө гаргаад явъя. МҮХАҮТ гэдэг институцээ олон улсын хэмжээнд хүргэе. Цаашид аливаа хуулийн төслийг МҮХАҮТ-аар дамжуулан хувийн хэвшлийн дуу хоолойг тусгаж, хэлэлцүүлдэг жишиг тогтоох нь чухал” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

В.Батсайхан: Гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий

Огноо:

,

Нэгэн аав, охины хамт нуурын эрэг дээр очжээ. Аав нь охиндоо хандан “яваад нуурын ус дулаан байна уу, хүйтэн байна уу үзээд ир” гэж гэнэ. Охин усанд хөлөө бага зэрэг дүрж үзээд, аав дээрээ гүйн ирж “Хүйтэн байна” гэхэд, аав нь охиноо тэвэрч аваад нуур руу шидчихэж. Охин гайхсан хэдий ч  усанд дасах үед  нуур тийм ч хүйтэн санагдсангүй. Тэр үед аав нь охиноосоо ”Нуур ямар байна” хэмээн  дахин асуужээ. Охин хариуд нь “Гоё байна” гэв. Харин аав, охиндоо хандан “ямар нэг юмыг мэдрэхийг хүсвэл бүхэл бие, сэтгэлээрээ тэр зүйлдээ орж бай” гэж захижээ.

Дээрх бяцхан түүхд өгүүлсэн шиг бүхий л зүрх сэтгэлээ хоббидоо зориулсан нэгэн эрхмийг “Онцгой мэдээ” сонины “Хобби” булан онцолж байна. Энэ бол ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайхан. Тэрбээр хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэж Монгол Улсын бүтээн байгуулалтад ашиглаж ирсэн 100 гаруй автомашины 1:43 масштаб хэмжээтэй моделийн цуглуулгатай.

-Яагаад машины модель цуглуулах болсон бэ. Хамгийн анхных ямар загвар байв?

-Миний аав жолооч, мэдээ орсон цагаасаа ЗИЛ-130 машины кабинд явдаг байлаа. Анх, олон жилийн өмнө дөө аавынхаа барьж байсан машинуудаар цуглуулгаа эхэлсэн. Харин гал унтраах машины цуглуулгыг 2010 оноос эхэлсэн. Манай гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий. Цуглуулгаа тоолдоггүй, бараг 200 дөхсөн байх. Монголд, зөвхөн надад байдаг цор ганц загвар нэг хоёр ширхэг байгаа.

Цэргийн түүхийн музейд цуглуулгаараа үзэсгэлэн гаргасан гэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

2022 оны гуравдугаар сард үзэсгэлэн гаргасан. Тэр үед  би өөрөө эзгүй, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Шуурхай штабт томилолтоор ажиллаж таарсан юм. Тиймээс нэг найздаа тоолж хүлээлгэж өгөөд явсан. Хүмүүс  их сонирхсон гэсэн.  

Ийм төрлийн цуглуулгатай өөр хүн мэддэг үү.

-Олон байдаг байх аа. Сүүлийн үед хүмүүс аавынхаа барьж байсан машины моделийг их хийлгэдэг болжээ. Гэхдээ хүүхдийн тоглоомтой холихгүйгээр цуглуулдаг гэхээр тоо нь цөөрч магадгүй. Моделийг яг өмнө нь ашиглаж байснаар нь тоноглох чиглэлийн хөгжүүлэлтийг өөрийн урлантай Ү.Одонбаяр ах түлхүү хийж байгаа.

-Цуглуулгаа хадгалж, хамгаалахад бэрхшээл тохиолдох уу. Тухайлбал, зочилж ирсэн бага насны хүүхэд нэхэх зэргээр.

-Нарны хурц гэрэл тусахаас хамгаалах, тоос шороог нь арчих гээд ажил мундахгүй. Ер нь манайхан хүүхдүүдээ багаас нь хүний юманд зөвшөөрөлгүй ойртохгүй, ядаж музей үзэхдээ үзмэрт нь гар хүрэхгүй байх наад захын соёл, хүмүүжилд сургах хэрэгтэй. Миний цуглуулгын ирж үзсэн хүүхдүүд гэртээ хариад тоглоомуудаа угааж цэвэрлэн, өрж тавьдаг болдог л гэсэн.  

-Хамгийн дурсамжтай олдсон нь аль вэ. Муудсан зэвэрсэн хаягдсан модель  олж засаж шинэчилж авсан гэх мэт?

-Байлгүй яах вэ. Хямдхан худалдаж аваад урландаа будаж тоноглоод нөгөө хүндээ буцаад харуулахаар танихгүй байх жишээтэй.

-Танд өөр төрлийн цуглуулга байдаг уу?

Ном. Онцгой байдлын салбарт ажилладаг эрдэмтний хувьд дотоодод 20, гадаадад 23 илтгэл, өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Мөн 2021 оноос “Уур амьсгалын өөрчлөлт тарваган тахлын байгалийн голомтын биологийн төрөл зүйл, хөдлөл зүй, хүн амын зарим эрсдэлт хүчин зүйлд үзүүлэх нөлөө” суурь судалгааны ажлын удирдагчаар ажиллаж байна.

Таны хоббиг хамгийн их дэмждэг хэн байдаг вэ

-Мэдээж гэр бүлийнхэн. Гадаад явахдаа авчирч өгдөг найз нөхөд гээд дэмждэг хүмүүс олон.  

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Монгол Улсын Хөгжлийн Банк “Тогтвортой Хөгжлийн Бодлого” баталлаа

Огноо:

,

Монгол Улсын Хөгжлийн Банк нь Монгол Улсын болон дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулан, үйл ажиллагаанаасаа үүдэх байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, эерэг нөлөөтэй болгоход зорьж ажиллах болон компанийн засаглалыг сайжруулан үйл ажиллагаагаа илүү тогтвортой, хариуцлагатайгаар явуулахаа илэрхийлэн “Тогтвортой хөгжлийн бодлого”-оо баталлаа.
 
Энэхүү бодлогын хүрээнд банк нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж, мөн урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, зохистой засаглалын тогтолцоог бүрдүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн ажиллахыг зорьж, банкны дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөө болон бизнес төлөвлөгөөнд тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг тусгаж биелэлтийг ханган ажиллах юм.
 
Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн Банк
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртайг Ерөнхий сайд онцоллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2023” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн мэнд хүргээд "Монгол Улс туурга тусгаар улс болохоо дэлхий дахинд тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 99 жил болж байна. Та бүхэн өнөөдрөөс хуулийн дагуу эрхээ эдэлж, үүргээ ухамсарладаг насанд хүрсэн иргэн болж байна” гэлээ.

Ерөнхий сайд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын түүх, улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулсан. “Монгол Улсын залуу иргэд ээ, эцэг өвгөдийнхөө бутарсан яс, урссан цусаар ирсэн тусгаар тогтносон улсын иргэн гэдгээ хэзээ ч битгий мартаарай. Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээхийн төлөөх эцэг өвгөдийнхөө захиас, эх орончдын тэмцлийг энэ цагийн залуус бид эгнэгт санах учиртай. Эцэг өвгөд минь 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо хамгаалсан шиг, энэ цаг үеийн иргэд бид тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртай” хэмээв.

Үе тэнгийнхнээ төлөөлж “Их засаг” сургуулийн сурагч Г.Гантулга, “Арвис” сургуулийн сурагч Б.Солонго нар үг хэлж, Монголын ирээдүй бидний гарт байна, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах эрдэм мэдлэгтэй иргэн болцгооё хэмээн үеийнхэндээ уриалж, Монгол Улсын иргэн гэж дуудуулах эрх чөлөө, тусгаар тогтнолыг олгосон өвөг дээдэстээ талархаж байгаагаа хэллээ.

Өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 46306 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-т мөн зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох