Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ЦЕГ: Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хязгаарлалт хийгдсэн авто замын мэдээллийг танилцууллаа

Огноо:

,

Цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан түр хязгаарлалт хийгдсэн авто замын мэдээллийг танилцуулж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороонд бүртгэгдсэн ослын нөхцөл байдалтай холбогдуулан дараах замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаад байна. Үүнд:
Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас
 
-Зүүн чиглэлд тус худалдааны төвийн автомашины зогсоолын төгсгөл,
-Урд чиглэлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,
-Баруун чиглэлд Кристал таун хотхон,
-Хойд чиглэлд Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвар хүртэлх замуудыг 200-800 орчим метрийн зайд хязгаарлалт хийсэн.
 
Тухайн орчмын замаар нийтийн тээврийн болон бусад тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн дээрх замуудаас бусад замыг сонгон, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлага, зөвлөмжийг дагаж, дэмжлэг үзүүлэн хөдөлгөөнд оролцоно уу.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад суудлын 2 автомашин мөргөлдсөний улмаас 1 хүүхдийн амь хохирч, 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ариун цэврийн байгууламж, хөрсний бохирдолд хяналт шалгалт хийлээ

Огноо:

,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын 2025 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/06 дугаартай удирдамжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа. 

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 658 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд шалгалтын явцад байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, стандартын шаардлага хангаагүй хөрс бохирдуулагч нүхэн жорлонтой зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Илэрсэн зөрчлийн дагуу 268 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 1008 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулан, хөрс бохирдуулсан холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авч, хөрс бохирдуулсан асуудалд 216,000.000 сая төгрөгийн байгаль орчинд учруулсан хохирол тооцож барагдуулсан байна.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах зорилгоор 3 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнгээр улсын хэмжээнд 229 нүхэн жорлонг буулгуулж, бохирдсон 1,2 га талбайд мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж ажилласан байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.


2025 оны арваннэгдүгээр сарын 28-наас
2025 оны арванхоёрдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 28, 30, 12-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-өөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох