Цаг үе
“Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хоёр дахь жилдээ Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа "Амар байна уу 2024" үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нээлт өчигдөр боллоо.
Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 2000 орчим ЖДҮҮ эрхлэгч 15-20 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулан оролцож байгаа юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Нийслэлийн хэмжээнд 45 мянга гаруй ЖДҮҮ эрхлэгч үйл ажиллагаа явуулж, 600 мянга гаруй ажлын байр бий болгож байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь, экспортын орлогын 2.8 хувийг бүрдүүлж буй. Энэ тоог өсгөх боломж бид бүхэнд бий. "Амар байна уу 2024" үзэсгэлэн худалдаа нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж байдгаараа онцлогтой. Өнгөрсөн жил аж ахуйн нэгжүүд 48.9 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ жил үүнээс илүү орлого олох болов уу гэсэн хүлээлттэй байна. Иргэдийгээ Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ бэлэг барьж, идээ хүнсээрээ тавгаа засахыг уриалъя. Мөн эндээс олон аж ахуйн нэгж хамтын ажиллагаа эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Тус үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” худалдааны төвд хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийслэлийн зүгээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Ирэх жилээс "Амар байна уу" үзэсгэлэн худалдааг өргөн хүрээнд, олон улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. ЖДҮҮ эрхлэгчид бол улсын хэмжээний аж ахуйн нэгжийн 85 хувийг бүрдүүлдэг бөгөөд ажлын байрыг олноор бий болгодог стратегийн чухал салбар” гэлээ.

Хан-Уул дүүргийн “Нүдэн Арт хаус” ХХК-ийн хувьд л гэхэд 2018 оноос үндэсний, өдөр тутмын болон загварын хувцас урлаж, үйл ажиллагаа явуулж байгаа. Үндэсний хувцсаа өдөр тутам өмсөхөд зориулан урладгаараа онцлогтой бөгөөд тус үзэсгэлэн худалдаанд оролцож байв.

Хэнтий аймгийн “Сүүн биндэр” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Энх-Амгалан “Би хоёр жилийн өмнө ах, дүүгийнхээ тусламжтайгаар сүүний цех байгуулж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа тус үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Манайх 150 гаруй өрхөөс сүү авч, бүтээгдэхүүнээ хийж борлуулдаг. Цаашид нэр төрлөө олшруулж, тогтмол үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жилийн тухайд манай цех “Е-март”, “Номин сүлжээ дэлгүүр зэрэг таван салбарт бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байсан бол энэ жил зөвхөн тус үзэсгэлэн худалдаагаар бүтээгдэхүүнээ борлуулж байна. Бүтээгдэхүүнийхээ 50 хувийг борлуулаад байгаа” гэв.



Цаг үе
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
2026 оны есдүгээр сарын 17-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр, 11, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 11, 12, 15, 16-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 3-8 хэм, Яармаг, Сонгиноны орчмоор -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 14-16-нд нэмж дулаарна.
Цаг үе
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Ерөнхий сайд, Монгол Улс Бүгд Найрамдах Буриад улстай хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлж, 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа. Түр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт зэрэг боомт чухал үүрэгтэй. Боомтын чиглэлд Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг. Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтойг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов Монгол, Буриадын харилцаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, ашигт малтмал, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж, Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв. Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх "Школа 21" төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
Хоёр улс түүхэн уламжлалт, ахан дүүсийн харилцаатай, хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж их байгааг талууд тэмдэглэв.
Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Хэнтий аймагтай идэвхтэй хамтран ажилладаг байна. Энэ онд Улаан-Үд хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулж эхэлсний 35 жилийн ой тохиож байна.



Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
-
Цаг үе2026/01/27
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа
-
Улстөр нийгэм2020/10/23
Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдий...
-
Улстөр нийгэм2019/11/13
Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дэд ерөнхийлөгчийг хүлээн а...
-
Улстөр нийгэм2022/01/19
УИХ-ын 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолыг батлав
