Цаг үе
Газнаас гал алдсаныг аюулгүй болголоо
Налайх дүүрэг 4-р хороо 52-р гудамжинд оршин суугч иргэн П газ алдаж гал гарлаа гэх дуудлагыг 06:00 цагт өгч тус дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус хаяг дээр очсон.
Иргэн П газны бүрэн бүтэн байдлыг шалгалгүй асааж, гал алдсан байсныг аюулгүй болгожээ.
Иргэдийн анхаарал болгоомжгүй, хэнэггүй байдалтай холбоотой ахуйн газ дэлбэрэх, гал гарах, улмаар иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байна. Иймд дараах зөвлөмжийг ахуй амьдралдаа хэрэгжүүлж, мөрдөж ажиллахыг зөвлөж байна.
ЗӨВЛӨМЖ:
- Хийн баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулах
- Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх
-Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах
-Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх
-Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй
-Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах
-Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй
-Хийн хоолойноос уяа уяж юм хатааж болохгүй
-Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнээр хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх
-Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
-Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй
-Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах
-Агуулах, амбаарт дүүрэн шингэрүүлсэн хийтэй баллон хадгалахыг хориглоно.
-Түүнчлэн өрөөнд 50 литрийн багтаамжтай нэг баллон, эсвэл 27 литрийн багтаамжтай хоёр баллон (нэг нь нөөц) байлгахыг хориглоно.
Эх сурвалж: НОБГ
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Цаг үе2025/01/28
Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв
-
Цаг үе2020/07/03
Долдугаар сарын цаг агаарын төлөв
-
Улстөр нийгэм2022/09/15
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдыг хүл...
-
Цаг үе2022/11/29
Нөхцөл байдлыг сайтар судлах замаар авлигатай хэрхэн үр дүнтэй тэмцэх вэ

