Цаг үе
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Байдраг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 11-13 хэм дулаан байна.
2024 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Цаг үе2025/02/14
Улсын хэмжээнд 7814 шинэ хоршоо байгуулагдаж, 77.233 малчин хоршоонд гишүүнээр э...
-
Улстөр нийгэм2023/10/09
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2020/08/01
Өнөөдөр БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ
-
Цаг үе2025/11/28
“Улаанбадрах цахилгаан станц” 900 мянган айл өрхийн хэрэглээтэй дүйцэх эрчим...

