Цаг үе
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.

Иймд цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ мэт нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, нийслэлийн мэдэлд буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүртгэл, газар олголтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, лавлагаа авахаар ажиллаж байна. Хүрээлэнгийн орчимд баригдаж байгаа барилгын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон байгаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Т.Нямдаваа нь 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлтээ ирүүлж, зөвшилцөх боломжтой гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулах буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ тухай тогтоолын төслийг редакцийн засвартайгаар баталлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
