Цаг үе
Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг засварлаж байна
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2024 онд нийт 17 байршлын замыг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар найман байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат "Бага тойруугийн засвар шинэчлэлийн ажлыг дөрөвдүгээр сарын 20-нд эхлүүлсэн. Бэлтгэл ажил болох чулуун хашлага өндөрлөх, инженерийн шугам сүлжээний худгийг тааруулах ажлуудыг замын хөдөлгөөнийг хаалгүйгээр зохион байгуулж хийсэн. Асфальт бетон хучилтын ажлыг зайлшгүй замын хөдөлгөөнийг хааж хийж байна. Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилж байна.
Мөн Нарантуул захаас Өгөөмөр зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 23-ны өглөө 06:00 цагт нээнэ. Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу" гэв.
Цаг үе
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нүүрсний хэрэглээг халж, шингэрүүлсэн хийгээр халаалтыг нь шийдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал боловсролын салбар дахь ногоон шилжилтийн сайн жишээг онцолж өнөөдөр /2026.10.28/ тус сургуульд ажиллалаа. Нэг сургуулийг уурын зуухаас чөлөөлөхөд 100 гаруй айлын яндан буулгасантай тэнцэх үр дүн гарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд сургуулийн хамт олон болон төсөл хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, амжилт хүслээ.
Нийслэлийн 149 дүгээр сургууль хоёр зуух галлаж, жилд дунджаар 420 тонн нүүрс түлдэг байжээ. Шингэрүүлсэн хийн зуух ашигласнаар агаарын бохирдол буурахад нэмэр болох төдийгүй хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.
Төсөл хэрэгжүүлэхэд төсвөөс мөнгө зарцуулаагүй, Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн бодлогоор санхүүжилтийг шийджээ.

Төслийн өртөг 860 сая төгрөг. Энэ зардлыг “Саусгоби сэндс” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн хүрээнд санхүүжүүлсэн бол гүйцэтгэгчээр “Газком” ХХК ажиллажээ. Тоног төхөөрөмж угсарч, хийн зуухыг ашиглалтад оруулахад хоёр сарын хугацаа зарцуулсан байна.
“Газком” компани Чингэлтэй дүүргийн 117, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн уурын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлсэн бөгөөд 2018 оноос хойш 50 гаруй байршилд уурын зуух буулгаж хийн түлш нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлжээ.
2025 онд нийслэлийн 13 байршилд 27 уурын зуухыг шингэрүүлсэн хийн халаагуурт шилжүүлж 6300 тонн нүүрсний хэрэглээг халсан. Энэ нь 1,400 гаруй айлын яндантай дүйцэх хэмжээний бохирдлын эх үүсвэрийг арилгасан үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.




Цаг үе
АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав
Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.
Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.
Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.
Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
Цаг үе
“Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулав
Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Монголын сурагчдын холбоо хамтран хэрэгжүүлж буй “Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг 21 аймагт зохион байгуулж байна.
Уг аяны хүрээнд Орхон, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дээрх хоёр аймагт нэгэн зэрэг зохион байгууллаа. Орхон аймгийн ерөнхий боловсролын 20 сургуулийн 100 сурагч, Сэлэнгэ аймгийн 7 сургуулийн 97 сурагч, нийт 27 сургуулийн 197 сурагч хамрагдаж, үе тэнгийнхэндээ шударга зан үйлийг төлөвшүүлэх, зөв хандлага, эерэг нөлөөллийг түгээх арга зүйд суралцав. Сургалтыг Орхон аймагт таван сургуульд бүсчлэн, Сэлэнгэ аймагт ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд төвлөрүүлэн зохион байгуулсан бөгөөд аймгуудын Засаг даргын Тамгын газар, Боловсролын газрууд хамтран ажиллалаа.
Сургалтын хүрээнд сурагчдад үнэнч шударга, хариуцлагатай зан үйлийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх, даалгавар болон шалгалтын үеэр бусдаас хуулахгүй байх, гаргасан алдаагаа үнэнээр нь хүлээн зөвшөөрөх, бусдын зүй бус нөлөөлөл, шахалтад хүндэтгэлтэйгээр татгалзаж сурах зэрэг ойлголт, чадварыг эзэмшүүлэхэд анхаарсан юм.
Сургалтыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомын болон оролцооны арга зүйд тулгуурлан дүрд тоглох, бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, харилцан ярилцах, бичил сургалт зохион байгуулах зэрэг хэлбэрээр явуулж, сурагчид өөрсдөө сургалт хөтлөх арга барилд суралцсанаараа онцлог байв. Бэлтгэгдсэн өсвөрийн сургагч багш нар цаашид өөрсдийн сургуульд үе тэнгийнхэндээ зориулсан 15-20 минутын богино сургалт, хэлэлцүүлгийг бие даан зохион байгуулж, шударга ёсны талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцоно.
Түүнчлэн аяны хүрээнд “Шударга ёсны андгай өргөх”, “Нэг минутын хичээл” зохион байгуулах, “Шударга ёсны мод”, “Хуулалтгүй шалгалт” зэрэг санаачилгыг сургуулийн орчинд хэрэгжүүлж, хүүхэд хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх, шударга зан үйлийг эрхэмлэдэг соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
“Шударга үйлдэл-Миний бахархал” аяныг сурагчдын идэвх, оролцоо, манлайлалд тулгуурлан шударга ёсны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, сургуулийн орчинд үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй хандлагыг төлөвшүүлэхэд чиглүүлж байна.
-
Цаг үе2023/06/13
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2021/03/05
Ирэх 7 хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна
-
Цаг үе2022/09/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Шударга мэдээ2024/12/10
Тээврийн хэрэгслийн хасалтын үйлчилгээг дараах салбаруудаас авах боломжтой




