Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Огноо:

,

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь арьс шир, ноос, ноолуур, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр болон хүнсний агуулах гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийт 539 га талбайг хамарна. Тус парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 25.5 мянган тонн мах, 3.0 мянган тонн ноолуур, 5.8 мянган тонн ноос болон бусад түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн Ерөнхий инженер Т.Батдондог: “Одоогийн байдлаар паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станцын зуух, турбин генераторын барилга, оффисын барилга болон яндангийн суурийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын хүрээнд зуух, турбины туслах тоноглолын аяган суурийн эхний үеийн бетон цутгалт, аяган суурийн хэв хашмал угсралт, босоо баганан суурийн арматур угсралт, зуухны яндангийн суурийн арматур угсралт болон оффисын барилгын суурийн хөрс нягтруулалтын ажлыг гүйцэтгэж байна. 2026 оны аравдугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжуудын суурийн ажлыг бүрэн дуусгаж, бетон цутгалтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд Эрчим хүчний үндэсний төв болон паркийн инженер техникийн албаны ажилтнууд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна” гэв.

Аж үйлдвэрийн паркийн нутаг дэвсгэрт хамгаалалтын бүсийн хашаа барих, бизнес инкубатор болон сургалтын төв байгуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хүлээн авах суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Үйлдвэрлэлийн нэгжүүдийг үе шаттайгаар паркийн талбайд төвлөрүүлэхийн зэрэгцээ цахилгаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээ зэрэг үндсэн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх юм.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь үндсэн хоёр зорилгыг хэрэгжүүлэх төсөл юм. Нэгдүгээрт: Арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж, түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлнэ. Ингэснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан кластер үйлдвэрлэлийг нэг дор цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт: Улаанбаатар хотын суурьшлын бүс буюу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороон дахь арьс ширний үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн талбайд нүүлгэн шилжүүлснээр үйлдвэрлэлийг төвлөрүүлж, малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглах нөхцөл бүрдэх юм.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болж, оруулсан хөрөнгө оруулалтыг 6–7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолжээ.

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа

Огноо:

,

Улаанбаатар, Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ чиглэлүүдэд хамтын ажиллагаа эхлүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтаар хот төлөвлөлт, хот тохижилт, нийтийн аж ахуй, эдийн засгийн чөлөөт бүсийн харилцааг эхлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр туршлага солилцох санал тавив. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр хотын аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог тогтоож, иргэдийн харилцан зорчих, аялах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг дурдав.

Хөх хотын Засаг дарга Лянь Дун дээрх саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлж, хоёр хотын гадаад харилцааны болон салбар хариуцсан байгууллагууд нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааны саналуудыг бодит ажил хэрэг болгох нь чухал гэдгийг онцоллоо. Уулзалтын төгсгөлд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүүхэд, залуучуудын сургалт солилцоо, хот байгуулалт, ногоон хөгжлийн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Гэрээс сургууль хүрэх зам” хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон мэргэжлийн байгууллага, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд, сурагчдын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхнасангийн санаачилсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын хэмжээнд 2024 онд зам тээврийн осолд 1377 хүүхэд өртсөн. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн тоог эхний жилээс 20 хүртэл хувиар бууруулах боломжтой.

Хэлэлцүүлгийн модератор, нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах замдаа гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй хэсгээр явах зэрэг эрсдэлтэй нөхцөлтэй тулгардаг. Иймд нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2026-2027 оны хичээлийн жилд "Сургууль хүрэх зам" төслийг хэрэгжүүлж байна. Энэ үед Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах нь цагаа олсон санаачилга юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар сургууль орчмын аюулгүй байдлын стандарт болон төсвийн чиглэл тодорхой болж, хүүхдийн аюулгүй байдал бүрэн хангагдах боломж бүрдэнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан “2026 оныг "Хүүхдийн эрхийг хамгаалах жил" болгон зарласан. Мөн сүүлийн жилүүдэд хүүхэд сургуулийн орчинд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байна. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байна. Үзэл баримтлалаа баталж, тандалт болон үр нөлөөний судалгааг хийсэн. Холбогдох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, хуулийн төслийг УИХ-д өргөн барина” гэв.

НЕБ-ын сургуулиудын төлөөлөл сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь нэн чухал болохыг онцоллоо. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хүүхдэд ээлтэй замын орчин нөхцөл бүрдэж, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг тодотгов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын зарим төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад айлчиллаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар тэргүүтэй Улсын Их Хурлын төлөөлөгчид Туркийн Улсын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Каянакын урилгаар тус улсад 2026 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд парламентын бүлгийн айлчлал хийлээ.

Зураг 2.JPG

Тус айлчлалаар Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй хоёр улсын бүлэг хоорондын уулзалт, Туркийн Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Фуат Октай, Гадаад харилцааны дэд сайд Беррис Экинжи нартай албан уулзалт хийснээс гадна Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөлийн (DEİK) дэргэдэх Монгол-Туркийн бизнесийн зөвлөлийн гишүүд болон Туркийн Төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Өндер Кахвежи нартай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар тус тус санал солилцлоо.

Зураг 3.JPG

Парламентын бүлэг хоорондын уулзалтын үеэр бүлгийн дарга С.Зулпхар Туркийн Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдийг 2025 оны 10 дугаар сард Монгол Улсад хүлээн авснаас хойш 1 жилийн дараа бүлгийн хариу айлчлал хийж буйдаа баяртай байна гээд, тухайн үед талуудын ярилцан тохиролцсон ажлууд бодит үр дүнд хүрч байгааг онцолллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөгжлийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тухайлбал, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, Хархорум хотын бүтээн байгуулалт, Хавдар судлалын хоёрдугаар төв байгуулах, бага оврын сум угсрах үйлдвэр байгуулах зэрэг төслүүдийг дурдаж, эдгээр ажлыг бодит ажил хэрэг болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллага, тэр дундаа парламентын бүлгийн хүрээнд идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Зураг 4.JPG

Бүлгийн дарга Ибрахим Каянак Турк, Монгол хоёр улс түүхийн олон зуун жилийн хэлхээ холбоотой бөгөөд Бүгд Найрамдах Турк Улс нь Монгол Улсын дотнын түнш гэдгийг цохон тэмдэглэв. Мөн сүүлийн жилүүдэд бүхий л салбарт харилцан айлчлал, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг сайшааж, хоёр улсын уул уурхай, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал гэх мэт бүх салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын төлөө байгааг онцоллоо.

Түүнчлэн хоёр улсын худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрээд байгаа ч, цаашид улам нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

Зураг 5.JPG

Туркийн Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдтэй хийсэн уулзалтаар талууд хууль тогтоох байгууллага хоорондын Байнгын хороодын харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг сайшааж, цаашид парламентын дипломат харилцааг улам бататган бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ. Мөн бүс нутаг, дэлхий дахинаа өрнөж буй цаг үеийн асуудлуудаар санал солилцлоо.

Зураг 6.JPG

Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны дэд сайд Беррис Экинжитэй хийсэн уулзалтын үеэр талууд хоёр улсын Засгийн газар хоорондын харилцаа, харилцан айлчлал эрчимтэй явагдаж байгааг сайшааж, Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөсөнд баяртай байгааг илэрхийлэв. Түүнчлэн, дэд сайд Беррис Экинжигийн зүгээс энэ оны 11 дүгээр сард Туркэд зохион байгуулагдах НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 31 дүгээр бага хурал (COP31)-д Монгол Улсаас төлөөлөгчид оролцуулах болсонд талархал илэрхийлэв.

Зураг 7.jpg

Бүлгийн айлчлалын хүрээнд төлөөлөгчид Анкара хот дахь Ататуркийн бунхан цогцолборт зочлон цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар хүндэт зочны дэвтэрт сэтгэгдэл бичиж үлдээв.

Зураг8.jpegЗураг9.jpg

Төлөөлөгчид Анкара хотын Зохион байгуулалттай аж үйлдвэрийн бүсэд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан бөгөөд энэ үеэр Налайхын үйлдвэрлэл, технологийн парк, Анкара хотын Зохион байгуулалттай аж үйлдвэрийн бүс хооронд Хамтын ажиллагааны протокол байгуулж, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүд оролцов.

Зураг10.jpeg

Төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөлийн (DEİK) дэргэдэх Монгол-Туркийн бизнесийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн боломж бололцоог хэрхэн хангаж ажиллах талаар санал солилцлоо.

Зураг11.jpg

Монгол, Турк хоёр улсын хооронд Стратегийн түншлэл тогтоосноос хойш Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн анхны бүлгийн айлчлал үр дүнтэй болж өндөрлөв.

Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга Д.Бум-Очир, тус бүлгийн гишүүн Б.Заяабал, У.Отгонбаяр нар багтан ажиллалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе1 цаг 1 минут

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээ...

Шударга мэдээ1 цаг 4 минут

АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажу...

Цаг үе1 цаг 9 минут

“Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяныг Орхон, Сэ...

Улстөр нийгэм1 цаг 30 минут

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан стан...

Улстөр нийгэм1 цаг 36 минут

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа

Улстөр нийгэм1 цаг 42 минут

Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг ө...

Улстөр нийгэм2026/10/27

УИХ-ын зарим төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад айлчиллаа

Урлаг спорт2026/10/27

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд ...

Улстөр нийгэм2026/10/27

Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг да...

Улстөр нийгэм2026/10/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагв...

Санал болгох