Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ээж охидын өдөрлөг болно

Огноо:

,

Энэ сарын 11-ний өдөр буюу ирэх бямба гаригт  11 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төв дээр “Ээж охидын өдөрлөг” болно. Өдөрлөгийн үеэр  өсвөр насны охидын бэлгийн боловсрол, үерхэл нөхөрлөл арьс арчилгаа, гоо сайхны талаар мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид зөвлөгөө өгөх юм. Мөн  ээжүүдэд зориулан  эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлын талаар ярилцаж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан, эрүүл зөв амьдралын хэв маяг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Энэхүү өдөрлөгийг эмэгтэйчүүдийн  дотоод гоо сайхны “Ла Сантэ” эмнэлэг , “Ээж дэлхий бүсгүйчүүдийн цахим нэгдэл”, “Алдарт эх” групп хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн   газар,  “Хүүхдийн урлан бүтээх төв” , Япон гоо сайхны брэндүүдийг Монголд албан ёсны эрхтэй худалдаалагч “Майлд косметикc” сүлжээ дэлгүүр ажиллаж байна.

Мөн хамтран зохион байгуулагчаар хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний сэтгэл зүйчид  оролцож байгаа юм байна. Өдөрлөгт Хавдар Судлалын Үндэсний Төв эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, Өвчин намдаах тасгийн  их эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор Б.Болормаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн газрын Ахлах мэргэжилтэн, сэтгэл судлалын докторант Л. Бадамцэцэг, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ж.Түвшинтунгалаг, “Майлд косметикc”-ын мэргэжлийн гоо сайхны зөвлөхүүд, Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний мэргэжлийн сэтгэл зүйчид ээж, охидод зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Энэ үеэр  Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний зүгээс  охидод зориулсан ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. Арга хэмжээнд оролцсон охидод “Майлд косметикc” ХХК-иас  гарын бэлэг гардуулах бөгөөд бүх оролцсон бүх ээжүүдэд эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах эрхийн бичиг гардуулах юм байна.

Ээжүүд тэр бүр охидтойгоо илэн далангүй ярилцаж, бас тэдэндээ цаг зав гаргаж чаддаггүй. Тиймээс энэ өдрийг охидтойгоо хамт өнгөрүүлж, хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл авч, хамтдаа халуун цай кофе ууж, зургаа хамт авахуулж, охиндоо нэгэн сайхан дурсамжийг бүтээж өгөхийг хүссэн хүн бүрт энэ өдөрлөг нээлттэй.

#Такс 10.000 төгрөг. Энэ таксны мөнгийг зөвхөн ээжүүдээс авах бөгөөд хүүхдүүдэд үнэ төлбөргүй. Нэг ээж 10 000 төгрөгийн такс төлөөд хэдэн ч охинтойгоо оролцож болно. Энэхүү арга хэмжээ нь ашгийн бус арга хэмжээ бөгөөд таксны мөнгийг цай, кофе, хөнгөн зууш бэлтгэхэд зарцуулах юм.
#Таксны мөнгийг Хаан банкны 5024288063 тоот дансанд /Б.Баттуяа/ дансанд байршуулна. Та бүхэн нэр, утасны дугаараа заавал бичээрэй.

Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг  “Ээж дэлхий бүсгүйчүүдийн цахим нэгдлийн https://www.facebook.com/groups/407078663248515/ хаягнаас авах боломжтой.

Мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулагчид ирэх  хоёрдугаар сард “Аав, хөвгүүдийн өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Харилцах утас:99115624

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Коронавирусийн халдвар авсан иргэн Япон улсад бүртгэгдлээ

Огноо:

,

Япон Улсын Канагава мужийн оршин суугч БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчин үүсгэгч шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам энэ сарын 16-ны өдөр мэдэгдэв. Япон Улсын ЭМХНХЯ-ны мэдээлснээр 1 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын Ухань хотоос эх орондоо буцаж ирсэн 30 орчим насны эрэгтэй уушгины хатгалгаа өвчин туссан хэмээн оношлогдож, улмаар эмнэлгийн нарийвчилсан шинжилгээгээр дээрх вирусийн халдвар авсан нь батлагдсан байна. Ингэснээр БНХАУ-д гарсан шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварыг япон иргэн авсан анхны тохиолдол бүртгэгдсэн болохыг Японы тал ийнхүү албан ёсоор зарлав.

Японы албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх иргэний гэр бүлийн хүмүүс, эх орондоо буцаж ирсний дараах “хавьталуудыг” эмнэлгийн байгууллага хяналтдаа авсан ба одоогоор нэмж өвчилсөн хүн гараагүй байна. Үүнтэй холбоотойгоор Япон Улсын Засгийн газар Ерөнхий сайдын ажлын албаны Онцгой байдлын штабт шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаас гадна, гадаад улс орноос ирж буй иргэдэд ханиад болон халуурах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт мэдэгдэх, өвчний голомт бүхий бүс нутгаас ирсний дараа өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан тохиолдолд зорчсон орон, өвчний шинж тэмдгийн талаарх мэдээллийг яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

БНХАУ-д бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчний тохиолдол Япон улсад гарсантай холбогдуулан тус улсад суугаа манай иргэд анхаарал болгоомжтой байж, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Цахимд цуурахад учир бий...

Огноо:

,

ЖДҮДСан шударга бус зохицуулалтаар тараагдсан  болохыг анх олны анхааралд өртүүлж чадсан залуус бол “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн. Залуусын тэмцэл амжилттай болсон тул тэд нийгэмд шүгэл үлээгчийн дүрээр харагдаж байгаа. Харин шүгэл үлээгчид дараагийн ажиллагаандаа орсон нь сайн хэрэг ч асуудалд хөнгөн хуумгай хандаж байгааг Хууль  зүй, дотоод хэргийн яаманд гаргасан үйлдлээс нь харж болохоор ажээ.

Асуудал ингэж эхлэв: ХЗДХЯ шинэ байранд орсонтой холбоотойгоор 51.6 болон 626 гаруй сая төгрөгөөр тавилга авсан гэх мэдээллийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн анхлан гаргав. Энэ нь түүхэндээ байгаагүй агуу тансаглал мэт харагдаж байгаа ч мэдээллийг нягтлахад асуудал арай өөрөөр эргэв. Өөрөөр хэлбэл албан эх сурвалжаас, тэнцвэртэй мэдээлэл тайлбар аваагүй асуудлыг “сэвсэн” болох нь анзаарагдаж байгаа юм.

Хардах эрх: Хардах эрхийнхээ хүрээнд хэмээн иргэн Б.Мөнхцэлмэг тайлбар хийж байгаа харагдав. Гэтэл Монгол улсын ямар ч хуулинд хардах эрх гэсэн үг байхгүй. Харин таамаглал дэвшүүлэх нь хувь хүний хэрэг.

Дураараа аашлав: ХЗДХЯ бол төрийн тусгай хамгаалалттай газар. Ийм газарт лайв хийх буюу бичлэг хийх нь өөрөө дүрэм журмын дагуу зөвшөөрөл авч хийгдэх ёстой ажил. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж байгааг харж болно.

Албан эх сурвалж буюу тэнцвэртэй мэдээлэл: ХЗДХЯ-ныхан үнэхээр 51.6 сая болон 600 гаруй сая төгрөгөөр тавилга авсан нь үнэн. Үүнийгээ ч  Шилэн дансандаа мэдээлсэн бөгөөд үүнд нь Төрийн сан болон Сангийн яам хууль, эрх зүйн актын дагуу “хяналт тавиад” явсан. Хэрвээ энэхүү ажиллагаа хууль бус бөгөөд нотой байсан бол дээрх үнийн дүнгээр тавилга авахгүй.  Авуулахгүй байх “эрх” нь ч Төрийн сан болон Сангийн яам ТӨБЗГ-т бий. Өөрөөр хэлбэл Шилэн дансанд 5 000 000 болон түүнээс дээш үнийн дүнтэй мөнгөн гүйлгээг байршуулдаг. Уг мэдээллийг байршуулсан. Энэ бол олон нийтэд нээлттэй мэдээлэл.

Тавилга нийлүүлэх ажиллагаа нь тендерийн хуулийн дагуу хийгдсэн болохыг төрийн байгууллагын нээлттэй мэдээллээс харж болохоор байна. Энэ ч бас нээлттэй мэдээлэл.

Нэгэнт хуулийн дагуу хийгдсэн тендер нь нотой бол ТӨБЗГ болон Сангийн яам хөдлөхгүй байх эрхтэй. Тэд асуудлыг эрх зүйн актын хүрээнд хийжээ. Учир нь дээрх төрийн байгууллагууд сохор зоос, ширхэг хадаасыг хүртэл бүртгэж байх ёстой. Үүнийхээ хүрээнд их үнийн дүнтэй байх тусам анхаарал хандуулсан байгаа юм.

Асуудлын гол нь 51.6 сая болон 626 сая төгрөгөөр тавилга авсан гэх задаргааг мэдэхгүйгээсээ болж таамаг дэвшүүлэн асуудлыг “улс төржүүлсэн” байх юм. Өөрөөр хэлбэл дээрх үнийн дүнгээр ХЗДХЯ доторх бүх ширээ сандал, хувилагч зэргийг авсан байна. Учир нь ХЗДХЯ-ны сандал ширээг 2006 оноос хойш огт солиогүй бөгөөд ийнхүү шинэ байранд орохтой зэрэгцэн шинэчилсэн байна. Харин ХЗДХЯ-ны хуучин тавилгуудыг харьяа нэгж, агентлагуудад тараан өгсөн бөгөөд үүнд нь ТӨБЗГ хяналт тавин ажилласан байна.

Дүгнэлтийн оронд: ХЗДХЯ нь 108 жилийн түүхтэй Монголын анхны яам. Дандаа түрээсийн байранд байсан тэд өнгөрсөн жилийн сүүлээр шинэ байранд орсон.  Хуучин тавилгуудаа бүгдийг нь өөрийн харьяа агентлагууддаа өгөөд өөрсдөө шинэ байрныхаа бүх тавилгыг дээрх хэлсэн үнийн дүнд багтаасан. Үүний тулд хууль, эрх зүйн актын хүрээнд хийгдсэн юм билээ. Хүн таамаг дэвшүүлж болно. Гэхдээ таамаг дэвшүүлэн, хардаж байгаа бол түүнийгээ АТГ-т хандан шалгуулах эрхтэй. Гэтэл ингэж шалгуулалгүйгээр асуудлыг хэт нэг талаас сэвж байгаа нь нийгэмд өдөөн хатгалга, цаашлаад эмх замбараагүй байдлыг үүсгэх эрсдэлтэй. Мэргэжлийн сэтгүүлч бол асуудалд тал бүрийн тэнцвэртэй мэдээллийг хүргэх байв. Харин нийгэмд эзэлсэн байр сууриа энэ мэт хөнгөн хуумгай байдлаар ийнхүү ашиглаж байгаа нь сонгууль дөхсөнтэй холбоотой мэт таагүй харагдуулав.

Хүн мэдээлэл хайх болон хүлээн авах эрхтэй. Мэдээлэл хайх эрхээ эдэлж байгаа бол асуудлыг нарийвчлан шалгаад, улмаар сэжигтэй санагдсан зүйлсийг  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний аудитын газар, АТГ-д хандаад нийгэмд мэдээлэл түгээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын үйл ажиллагаанд ийнхүү хөндлөнгөөс саад учруулж болохгүй. Эс бөгөөс болзошгүй эрсдэлийг Б.Мөнхцэлмэг ганцаараа хариуцаж чадахгүй гэдгийг ухаарч, аливаад ул суурьтай хандах хэрэгтэйг МАШ НӨХӨРСГӨӨР сануулж байна.

Т.Энхриймаа

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Жолоочийн даатгалын тухай хууль хоцрогджээ

Огноо:

,

Хүний  амьдралд тохиолдож  болох  тааламжгүй үйл явдлын эрсдэлийг бууруулах, учрах хохирлыг  хамгийн богино хугацаанд  арилгах  үр дүнтэй санхүүгийн арга бол даатгал юм.  Монгол Улсад  бие даасан хуультай, албан журмаар даатгуулах  7 төрлийн  даатгал байдаг.  Эдгээрийн дотроос  олон түмэндээ хүртээмжтэй үйлчилдэг, нэр хүндтэй   даатгалууд олон бий.  

Тэтгэврийн даатгал-д  даатгуулбал өндөр насныхаа тэтгэвэрт  гараад  сар бүр тэтгэвэр авч байна.   Мөн  тэтгэврийн  даатгалаас  зээл авсан иргэдэд  470,0 тэрбум төгрөгийн  өрийг нь нэг удаа  УИХ –аас  цайруулах шийдвэрийг хүртэл гаргаад байна. 

Ажилгүйдлийн даатгал-д даатгуулсан хүн  ажлаасаа халагдсан болон  өөрийн хүсэлтээр  чөлөөлөгдсөн бол  тодорхой хугацаанд  ажилгүйдлийн  тэтгэмж авдаг.

Эрүүл мэндийн даатгал-д  даатгуулсан хүн  шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн,  дараалсан 3 жил эрүүл мэндийн даатгалын сангаас  тусламж, үйлчилгээний зардал  гаргуулаагүй  даатгуулагчийг  нэг удаа  эрүүл мэндийн  үзлэгт  хамруулж 2,0 сая хүртэл  төгрөгийг улсаас олгож байна.  

Эдгээрийг даатгуулагч иргэдэд  хүргэх үйл ажиллагааг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг  бие даасан  байгууллага  хариуцан хэрэгжүүлдэг.

Харин  1,1 сая  шахам  тээврийн хэрэгсэлтэй авто тээвэрчдээс  700 гаруй мянган иргэн жолоочийн  хариуцлагын даатгалд жил бүр албан журмаар  даатгуулаад, ямар ч урамшуулал  авдаггүй .

Үүний шалтгаан нь Жолоочийн хариуцлагын  албан журмын даатгалын үйлчилгээг  АРИЛЖААНЫ ДААТГАЛЫН  15  КОМПАНИ  эрхэлж байгаад хамаг учир нь байгаа юм.  Тэд бол  ашгийн байгууллага.  Тиймээс  жолооч нар энэ даатгалын үйлчилгээ, үйл ажиллагаанд   нь  сэтгэл дундуур  байдаг.

Монгол улсад хэрэгжиж байгаа хуулиуд  даатгагч, даатгуулагчийн  аль  алиных нь эрх ашигт жигд үйлчилж байх  ёстой.  Гэтэл  арилжааны даатгалын компаниуд  энэ  ажил үйлчилгээг эрхлэхдээ  зөвхөн өөрт  төвлөрүүлэх  орлогодоо илүү анхаарч  байгаад байгаа юм. Судалгаанаас  харахад  тухайн жилдээ   дээрх   даатгуулагчдын  4,2 хувь буюу  28 мянга орчим жолооч   осол  зөрчилд  холбогдож даатгалд хандсан  байдаг.  Цаана нь  үлдсэн  95,8 хувь нь  хураамжаа төлсөн ч даатгалаас ямар нэгэн  урамшуулал, нөхөн төлбөр  авдаггүй юм байна.

Нэгэн түүхийг  эргэн санахад   жолооч нарын  албан журмын  даатгалын тухай хууль  2011 онд  гарахаас өмнө   сайн дурын үндсэн дээр даатгал хураадаг байх  үед   жилдээ  З тэрбум  төгрөгийн хураамж төвлөрдөг байсан.  Харин  хууль хэрэгжиж эхэлснээр  хураамж нь   10 дахин өссөн  байдаг. 

Гэтэл  арилжааны  даатгалын компаниуд  хураамжийн хэмжээг  нэмэх хэрэгтэй байна.  Бидний үйл ажиллагааны зардал  өндөр байгаа, дээрээс нь  даатгалын сан бүрдүүлэх  ёстой гэсэн шаардлага  тавьдаг  юм билээ. Ингэж ёроолгүй сав шиг авирлахын оронд  хэрэгжүүлж  байгаа хуулиндаа хүндэтгэлтэй хандаж, хамрагдаж байгаа олон зуун  мянган даатгуулагчдынхаа эрх ашигт  дэмжлэг  үзүүлэх ямар нэгэн ажил, санаачлага  гаргаж ажиллах шаардлагатай баймаар юм.   Мөн   хууль хэрэгжиж эхэлснээс хойших  8 жилийн хугацаанд  арилжааны   даатгалын компаниуд  160,8 тэрбум  төгрөгийг  албан журмын даатгал нэрийн дор  хураан авсныхаа   96,6  тэрбумыг  даатгуулагчдын хохирлын нөхөн төлбөрт  олгож,   үлдсэн  65,2  тэрбум төгрөг  нь тухайн  компаниудын мэдэлд  үлдсэн  нь тодорхой   байдаг. 

Олон улсын  туршлагаас  үзэхэд  жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх , осол зөрчлийг багасгах зорилгоор  АНУ-д   1908 оноос даатгалын  төлбөр төлсөн жолоочид  тусгай хөнгөлөлт  эдлүүлдэг  журам  хэрэгжиж   эхэлсэн байдаг.  Одоо дэлхийн 165 оронд  жолоочийн  хариуцлагын албан журмын даатгалын систем  хэрэгжиж  байна.  Эдгээр улсууд  өнөөдөр манайд хэрэгжиж байгаагаас арай өөрөөр  хэрэгжүүлж  байна. Нэг талаас  даатгалд олныг  хамруулах, нөгөө талаасаа даатгуулагчдын  даатгуулах сонирхохыг нэмэгдүүлэхэд  чиглэгдсэн бодлого барьдаг  юм билээ.   Манай улсын хувьд  1992 оноос   Монгол улсын авто тээврийн  болон  өөрөө явагч  хэрэгслийн  албан  татварын  тухай  хууль, 2011 оноос Жолоочийн  хариуцлагын албан журмын  даатгалын тухай  хуулиуд батлагдан гарч  хэрэгжүүлэх үйл явц  эхэлсэн түүхтэй.

Монголын төрөөс албан журмын даатгалын хуулийг  хэрэгжүүлэхдээ цөөн хэдэн  хүний ашиг олох хэрэгсэл  болгох биш,  харин  төрийн бодлого нь  нийгмийг  илүү хариуцлагажуулах, зам тээврийн  ослын тоог бууруулах,  жолооч нарын хариуцлагыг  өндөржүүлэхэд чиглэгдсэн байх  ёстой.

Гэтэл бидний дагаж мөрдөж буй   хууль  маань   осол зөрчил гаргадаггүй  жолооч нарыг урамшуулах зорилгоор  төлбөрийн хэмжээг   жил ирэх тутам тодорхой хэмжээгээр багасах зарчмыг   хэрэгжүүлэх ёстой.

Албан журмын  даатгалыг  сайн дурын  даатгалын  үйл ажиллагаа  эрхэлдэг  арилжааны компаниудаар  эрхлүүлэх нь  буруу.   Өнөөдөр энэ ажлыг 15 компани,  200 гаруй салбар, 3000 орчим  ажиллагсад  хариуцан  гүйцэтгэж  байна. Тэдэнд  нэгдсэн удирдлага, хяналт   байдаггүй.  Нэг аймагт 7-11  даатгалын компанийн салбар ажиллаж байна.  Мөн  тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын  үзлэгийг  хөдөө  орон нутагт зохион байгуулахад  даатгалын компанийн хүмүүс дагаж  явдаг.  Тэд нэг суманд  2 хонохдоо  20 – 50 жолооч  даатгаад,  дараагийн сум руу явсаар 2 сар шахам хугацаанд тойрдог. Хотын техникийн хяналтын төвүүдэд  нөгөө  15 компанийн  төлөөлөгч нар  даатгуулахаар ирсэн хүнээ  булаацалдаад сууцгааж байдаг.   Гэтэл  цаана нь хэдэн жолооч даатгалд хамрагдахгүй үлдэж байгаа сонирхдоггүй . Тэгвэл жил бүр жолоочийн хариуцлагын  даатгалд   орон нутагт 36 хувь, Улаанбаатар хотод  25  хувь нь  оролцдоггүй  үлддэг.  Эндээс харахад  даатгалд  хамрагдаагүй жолооч жил бүр  200 гаруй  мянгаараа  үлдэж байна. Үүнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан,  зөв  хяналт тавьж ажиллахад ердөө 180 хүний зардлаар  улсын хэмжээнд  гүйцэтгэх боломжтой тухайгаа  Албан журмын даатгагчдын холбооноос  тооцоолсон байдаг. Энэ асуудлыг  хууль  санаачлагч нар анхааралдаа  авах   хэрэгтэй байна.

Жолоочийн албан журмын даатгалыг  ажил үүргийн нь хувьд  хамтарч болох   тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн байгууллагатай  нэгтгэхэд  илүү сайн талтай   байж болох юм.  Тэгвэл эндээс  даатгалд  хамрагдалт нь нэмэгдэх,  олон жил осол гаргаагүй жолооч нарт  техникийн хяналтын үзлэгийг   үнэгүй хийж өгөх, тос маслыг нь  солих үйлчилгээ үзүүлэх гэх мэт олон төрлийн үйлчилгээг  даатгуулагчид даа үзүүлж   тэдний эрх ашиг, сонирхолд нийцүүлэх  хэрэгтэй байна.

Зам тээврийн ослоос   үүссэн  хохирлыг  үнэн зөв  тодорхойлох  мэргэжлийн  хохирол  үнэлэгч  ховор, ажиллаж байгаа нь  Санхүүгийн зохицуулах хорооноос  зөвшөөрөл авсан нэртэй мэргэжлийн бус  хүмүүс  байна.  Тэдэнд оношлогооны  багаж, шалгах хэрэгсэл байхгүй  нүдэн баримжаагаар  ажилладаг . Оношлогооны байгууллагуудтай  хамтарч ажиллах  шийдвэр байгаа ч  түүнийг  нь хэрэгжүүлэх эрх зүйн  зохицуулалт байхгүй.   Хөдөө орон нутагт энэ асуудал илүү хүндрэлтэй  байна. 

Даатгуулагчийн нэг удаагийн гэрээнд  хэдэн удаа  нөхөн төлбөр авах тухай  тусгаагүй.  Үүнийг тодорхой болгох хэрэгтэй байна. Тухайлбал , Монгол даатгалд даатгуулсан жолооч нараас нэг жилийн дотор  32 жолооч  4-9 удаа  осол зөрчил гаргаж  нөхөн төлбөр авсан  судалгаа байдаг.  Энэ  нь гэрээнд  тусгаагүйгээс  гадна  хуучин муу  автомашинтай  жолооч  санаатай  болон санамсаргүй үйлдлүүд гаргаад  төлсөн даатгалаасаа хэд дахин давсан  даатгал  авдаг байж болох юм.  Ийм жолооч  осол зөрчил гаргадаггүй жолоочтой адил  хураамж  төлж болохгүй.  Үүнийг итгэлцүүрээр  тооцох бололцоотой ч, гэрээ хийхээс татгалзах эрх  даатгалын компаниудад бий.

Осол  зөрчил гаргасан жолоочийн  тоо үнэн зөв  гардаггүй. Тухайлбал  замын цагдаагийн  бүртгэлийн  тоо,  нөхөн төлбөр олгосон  даатгалын компанийн мэдээллийн  тоо  хоорондоо    10-аад  мянгаар зөрж  байгаа.  Шалтгаан нь  даатгуулагчид осол зөрчилд холбогдчихоод  даатгалын  компаниудад хандахад  урдаас нь цагдаагийн тодорхойлолт  шаардах болсон. Тодорхойлолт  авахад  цагдаагийн газраас жолоочийн  оноог нь хасаад,  100 мянган төгрөгөөр  торгодог.  Үүнийг  даатгалын байгууллага  газар дээр нь очиж  асуудлыг шийддэг  гадаадын туршлага байдаг л юм билээ.

Мөн хуулинд  тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч нь  жолоочийн хариуцлагын даатгалд  даатгуулж,  уг тээврийн хэрэгслийг хөлсөөр барьж буй жолооч  мэргэшсэн жолоочийн даатгалд  даатгуулна гээд  заачихсан байгаа нь  хэрэгжүүлэхэд    хүндрэл гарч байна

Та бүхэнтэй саналаа солилцогч миний бие   жолооч нарын хариуцлагын  даатгалын тухай хуулийн  хэрэгжилтийн талаар багагүй хугацаанд  судалгаа  явуулж,  400 шахам жолоочоос санал асуулгын  хуудсаар тодорхой сэдвээр мэдээлэл  авч,  арав гаруй аж ахуй нэгжийн удирдлагатай санал солилцсон  юм. Эндээсээ  дүгнэхэд   дээрх хууль  маань  жолооч нарыг хариуцлагын  даатгалд  албан журмаар  хамруулах нь төрийн бодлогын хүрээнд хийгдэж буй мэт боловч  үнэндээ  арилжааны даатгалын  15 компанийг  хөрөнгөжүүлэх агуулгатай хэрэгжиж  байна гэж хэлж болохоор  байна.

Уг нь Улсын Их Хурлын 2017 оны  11 дүгээр  тогтоолоор  батлагдсан  “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл  боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн  9-дэх зүйлд

“Санхүү ,эдийн засаг, татвар, банк,  даатгалын  чиглэлээр” гэсэн  хэсгийн 80-д

“Даатгалын салбарын өнөөгийн  байдал, хөгжлийн хандлага, зах зээлийн эрэлт,  хэрэгцээнд  нийцүүлэн  уг зах зээлд гадаадын  хөрөнгө оруулалтыг дэмжих, даатгалын  нэр төрөл, бүтээгдэхүүний ангилал, тэдгээртэй  холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгах”  замаар даатгалын  тухай  хуульд  нэмэлт өөрчлөлт  оруулах тухай,

Мөн хэсгийн  81-д 

“Улсын Их Хурлаас  2011 онд баталсан  Жолоочийн  хариуцлагын  даатгалын тухай хуулийн хэрэгжилтэд  үндэслэн  энэ төрлийн  даатгалын зах зээлд оролцогчдын  үйл ажиллагааг  нарийвчлан  зохицуулах, даатгуулагчийн  хариуцлагыг  сайжруулах”  зорилгоор  Жолоочийн  хариуцлагын   даатгалын тухай хуульд  нэмэлт өөрчлөлт  оруулах тухай  хуулийн төслийг  тус тус  боловсруулахыг  заасан  байдаг юм билээ.

Гэвч хуулийн хэрэгжилт  гацаж  байгаа нь амьдрал дээр   харагдаж , хуулийг шинэчлэх  санаачлага  2017 оны 2 дугаар  сараас эхэлсэн  боловч  даатгалын орлого ашиг нь өндөр  байдагаас  хуучнаар нь мөрдөх   сонирхолтой  хэсэг бүлэг хүмүүс  сөргөөр  нөлөөлж   Улсын Их Хурлын энэ удаагийн  чуулганаар  хэлэлцэхгүй  болсныг   жолооч нар  эсэргүүцэж ,  даатгалын төлбөр  жил  бүр урд оныхоосоо  нэмэгдэж байдагт бухимдаж ЭРХ МЭДЭЛТНИЙ  АЛБАН ТАТВАРын тухай хууль   гэж нэрлэдэг болоод  байна.

Үүнд анхаарч жолоочийн  даатгалын  тухай  хуулийн зарим заалтуудаас болж  даатгагч,  даатгуулагч нарын хооронд үүсээд байгаа   үл  итгэлцлийг  нэг талд нь гаргах  зорилгоор  шинээр боловсруулах    хуулийн  төсөлд  өгөх  саналаа  нийт татвар төлөгч  жолооч  та бүхнээрээ  хэлэлцүүлэхээр  саналаа  хүргүүлж байна.  Үүнд  :

Гудамж, замын хөдөлгөөнд оролцож  яваад санамсаргүй  байдлаас осол зөрчилд  холбогдсон  жолооч  тухайн үедээ  сандарч,  асуудлаа түргэн шуурхай барагдуулахыг  хичээдэг.  Тэр үед  хохирлыг  нь үнэн зөв  шийдвэрлэнэ  гэж  итгэж,  үнэлгээчдийг  барааддаг.  Гэтэл үнэлгээчдийн  маань  ихэнх нь мэргэжлийн бус  хүмүүс  ажилладаг бөгөөд  үнэлгээ нь  газар бүр өөр  өөр  төлбөртэй   байдагт нь  жолооч нар  гомдоллодог. Үйлчлүүлэгчдэд  үзүүлэх  материал,  харьцуулах  лавлагаа  ил тод  байдаггүй  нь  тэдэнд  итгэл үнэмшил   төрүүлдэггүй. Тэгээд ч  эвдрэл гэмтлийн нь оношлогооны  хэрэгслээр шалгаагүйн дээр нүдээрээ хараагүй, гараараа барьж  үзээгүй байж  утасны зураг, хүний амаар үнэлэх нь  жолооч нарын дургүйцлийг  төрүүлдэг.   Дээрхи  асуудалд   Тээврийн цагдаагийн газар, Авто тээврийн Үндэсний төв,  Санхүүгийн зохицуулах хороо хамтран  тусгай журам гаргаж  цэгцлэх шаардлагатай  байна

Жолоочийн даатгалын тухай хуулийн   6 дугаар зүйлд “Даатгалд үл хамаарах  нөхцөл” өөр заагдсан тээврийн хэрэгслийн жолоочоос гадна  даатгал төлөх  ёстой нийт жолооч нарын 30 шахам хувиас  татвараа  хураан  авч чадахгүй байгаа.  Энэ нь хууль хэрэгжүүлэгч  байгууллагын  санаачлага сул  байгаатай холбоотой  юм.

Жолоочийн даатгалын тухай хуульд  жолоочоос авах суурь  хураамжийг өсгөх , бууруулах  даатгалын гэрээний  мэдүүлэг, маягт  зэргийг батлах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд  хариуцуулсан байдаг. Гэтэл жил  бүрийн судалгаанаас харахад   нийт  даатгал төлөгчдийн  90 гаруй хуь нь  тухай жилдээ  осол зөрчилд  холбогдоогүй  хөдөлгөөнд хамрагдсан байдаг .  Олон жил осол зөрчил гаргаагүй  жолооч нарыг  урамшуулан даатгалыг  тодорхой хэмжээгээр  бууруулах  боломжтой байтал   дараа  жил нь нэмэгдсэн  байдаг ба суурь  хураамж  дээр 9 итгэлцүүрээр  тооцож  нэмж хураамж авдаг  тухай гомдлыг   олон даатгуулагч  гаргаж байна. Үүнийг шинээр гаргах хуулинд  тодорхой зааж,  өөрчлөлт оруулах  шаардлагатай байна.

Даатгалын байгууллагууд жолооч нартай байгуулдаг  хариуцлагын даатгалын гэрээнд  тухайн автомашины эзэмшигчийн гэрийн бүлийн хүний нэрийг бичүүлээд хүн тус бүрээр тооцож  даатгалыг албан журмаар  нэмж  авдаг нь хуулиа зөрчин  шунал нь хэтэрсэн татвар  болж байна.  Үүнийг  анх гэрээ байгуулахдаа  тээврийн хэрэгслийн гэрчилгээнд  бичигдсэн эзэмшигчтэй  зөвхөн автомашины марк,  улсын дугаараар  гэрээ  байгуулахад хангалттай болно.  Гэрээний  хавсралтын нэрийн хүснэгтийг  шаардлагагүй гэж үзэж байна.

Хөдөө орон нутагт  ажилладаг  даатгалын  салбарууд  зөвхөн  татвар хураахаас  хэтрэхгүй байна.  Тухайн нутагт  осол зөрчилд  холбогдсон жолоочид  үйлчлэх шуурхай алба  гэж байдаггүй.  Нэгэнт даатгал хурааж л байгаа бол хот, хөдөө гэх ялгаагүй  жолооч нарт жигд үйлчлэх шаардлагатай.

Хөдөлгөөнд оролцож буй жолооч нараас ослын даатгалын төлбөр хураамжийг  хуулиар  далайлган  албадан гаргуулж авдаг боловч  тэднийг  осол зөрчил гаргахаас  урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх  сурталчилгаа,  анхааруулах ажил  огт  хийгддэггүй гэсэн гомдол  санал асуулгад оролцогчдын 98 хувь нь гаргаж байна. Энэ талаар тодорхой заалт оруулахыг сануулж байна.

Даатгагч компаниуд  болон Санхүүгийн зохицуулах хороо  даатгуулагч нараас албан журмын даатгал нэрээр  дарамтлан  хураасан  хураамжийнхаа  30 гаруй хувийг  хэрхэн юунд зарцуулснаа  тодорхой мэдээлдэггүй  тухай  Монголын  Үндэсний олон нийтийн радио, телевизийн  ярилцлагад  оролцогч нар дурдаж,  шаардаж  байсан.  Энэ талаар  нийт даатгуулагчдад тодорхой мэдээллээр  хангаж   орлого, зарлагыг шилэн данстай болгохыг анхааруулж  байна.

Бид  улсын гэсэн  нэртэй олон сангийн хөрөнгө  луйварчдын гарын салаагаар хэрхэн  үрэгдэж  буйг  өдөр бүр мэдээллийн хэрэгслээс  харж,  мэдэрч  байгаа.  Түүнтэй нэгэн адил жолоочийн  даатгалын сан нэрээр   цугларсан  хөрөнгө   энэ хэдэн жилд хэрхэж байгаа  талаар  татвар төлөгч  жолооч, иргэдэд   мэдээлэл огт байхгүй  байгаа  бөгөөд  уг  санг  хариуцаж буй  хүмүүс  мэдээлэл өгөхөөс  татгалзаж байна.  Үүнийг  шинээр гаргах хуулийн төсөлд  тодорхой  тусгахыг  шаардаж  байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос   Жолоочийн албан журмын  даатгалыг  хувийн хэвшлийн  байгууллагуудад  хариуцуулсныг    санал асуулгад оролцогчид 100 хувь   буруу гэж үзэж  байна. Даатгуулагч  нарын эрх ашгийг хамгаалах   байгууллага нь  ашгийн төлөө ажилладаг хувийн  компани биш олон зуун мянган  жолоочийн  төлөө ажиллаж  чадах  байгууллагыг  шинээр буй болгох   хэрэгтэй  байна.

Албан журмын даатгалыг  Санхүүгийн зохицуулах хороо хариуцсанаар  хяналт суларч,  эрх мэдэл нь  цалгардан  зөрчил үүсч   байна.  Иймд  даатгуулагчид  хэнээр эрх ашгаа  хамгаалуулахаа   өөрсдөө  шийддэг  байх нь ардчилсан нийгэмд   зохицно  гэж   жолооч нар   үзэж  байгааг хуулийн төсөл боловсруулагч нарт анхааруулаад  татвар төлөгч  жолооч нарын эрх ашгийг  хамгаалсан    хуультай болно   гэдэгт  найдаж байна.

Жолоочийн хариуцлагын  тухай хуулийн  талаар  зарим   татвар төлөгчид  иймэрхүү  санал  бодолтой байгааг  та бүхэн  өөрсдөө тунгаан  хэлэлцэж  хуулиа  шинэчлэх  хэлэлцүүлэгт  идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Дэндэвийнхэн. Г. ЛХАМСҮРЭН

Монгол улсын зөвлөх инженер

2019.01.13.

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох