Цаг үе
Сүрьеэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өглөө
Сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоонд ашиглах хиймэл оюун ухааны технологид суурилсан зөөврийн дижитал рентген аппаратыг гардуулах ёслол өнөөдөр ЭМЯ-нд боллоо.
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үеийн өндөр нягтаршилтай зөөврийн дижитал рентген аппаратыг ханган нийлүүлээд зогсохгүй эдгээр аппаратыг ажиллуулах боловсон хүчнийг сургах ажлыг амжилттай зохион байгуулж буйд талархал илэрхийлж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үг хэлсэн.
Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэг болохыг зарласан бөгөөд тооцооллоор манай 100 мянган хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл 452 буюу тархалт өндөр орнуудын түвшинд байгааг тэмдэглээд “Сүрьеэгийн шинэ тохиолдлын зөвхөн 20 хувийг илрүүлж чадаж байгаа нь Монгол Улсад сүрьеэг эрт оношлох, түүний дотор оношилгооны чадавхийг өргөтгөх, сүрьеэгийн хавьтал болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд системтэйгээр идэвхтэй илрүүлэлт хийх хэрэгцээтэй байгааг харуулсаар байна.
Иймд сүрьеэгийн эрт илрүүлгийг эрчимжүүлж, халдвар тархалтыг багасгах, цаашид оношийн хожимдлыг цөөрүүлэх, үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг ойртуулж, чирэгдэл, зардлыг бууруулахын тулд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үеийн өндөр нягтаршилтай зөөврийн дижитал рентген аппаратыг ханган нийлүүлж байгаа юм. Орчин үеийн бүрэн дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж, одоогийн байдлаар сүрьеэгийн 33 нэгжид ашиглаж байна. Эдгээр өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг зөвхөн сүрьеэд ашиглаад зогсохгүй, КОВИД-19 цар тахлын тусламж үйлчилгээнд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн” гэсэн юм.
Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд 2021-2023 онд Улаанбаатар хотын сүрьеэгийн эмзэг, эрсдэлт бүлгийн хүн амын дунд хоёр явуулын илрүүлэг үзлэгийн багийг ажиллуулсан. Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтээр 2021 онд 80520 иргэнийг хамруулснаас 210, 2022 онд 79115 иргэнээс 527, 2023 онд 85177 иргэнээс 396 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд хамруулсан талаар Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулах нэгжийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл танилцуулаад “2024-2026 оны төсөлд Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд “Хаалганаас хаалганд” идэвхтэй илрүүлэг үзлэг хийх нэмэлт 6 багийг шинээр байгуулан ажиллуулах гэж байна. Эдгээр баг нь сүрьеэгийн өвчлөл өндөр хөдөөгийн баг, хорооны эмзэг бүлгийн хүн ам, сүрьеэ ихээр бүртгэгдсэн гудамж хэсгийн айл өрхөөр явж үзлэг, шинжилгээг хийнэ.
“Хаалганаас хаалганд” сүрьеэгийн илрүүлэг үзлэгт хэрэглэгдэх нийт 1,3 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг нийлүүлж байна” гэв.
Эдгээр зургаан аппаратын гурвыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд, үлдэх гурвыг ХӨСҮТ-д хуваарилж нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд гэрээгээр ашиглана.
Глобаль сангийн дэмжлэгтэйгээр нийлүүлж буй эдгээр зөөврийн рентген аппарат нь хиймэл оюун ухааны технологид суурилсан бөгөөд батерейг цахилгаанаас гадна нарны эрчим хүчийг ашиглан цэнэглэх боломжтой, хөнгөн, авсаархан, угсарч суурилуулахад хялбар бөгөөд Монгол Улсад ашиглагдаж байгаагүй шинэ тоног төхөөрөмж юм.
Тиймээс оношилгооны шинэ тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг тогтмол хангах, эвдрэл гэмтэл гарсан үед гэмтлийг оношлох, үйлчилгээг гүйцэтгэх, авч буй зургийн чанарыг хангах зорилгоор “Хаалганаас хаалганд” илрүүлэг үзлэгийн багийн рентген техникч, сүрьеэгийн эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг дадлага сургалтанд хамруулсан.
Сургалтыг зөөврийн дижитал рентген аппаратыг үйлдвэрлэгч Голланд улсын “Delfh” компанийн инженерүүд биечлэн удирдаж, рентген аппарат болон хиймэл оюун ухааны технологийн суурилуулалт, тохиргоог хийх, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, ашиглах, цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар дадлага хэлбэрээр зохион байгуулсан байна.
Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Цаг үе
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Цаг үе
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

