Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны зургаадугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 15-20 хэм, Увс нуурын хотгор, Алтайн өвөл говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.
2024 оны зургаадугаар сарын 16-наас 2024 оны зургаадугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Цаг үе
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгана
Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойд талаар Нарны хороолол хүрэх авто замыг барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээсэн.
Энэ авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцаж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүллээ.
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах юм.

Цаг үе
Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, цэнэглэх станцыг барих талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэл дэх “Ногоон өртөө” төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийн судалгааг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар зөвлөлдөв.
“Ногоон өртөө” төслийн үр дүнд авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулж, агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах юм.

Цаг үе
Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ
Үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хамтарсан уулзалт, эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөр барилга, байгууламжийн засварын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд оролцож, барилгын ажлын үеийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвшилцөв.
Мөн “Эрсдэлийг илрүүлж – Аюулгүй байдлыг хангая” сарын аяны хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд хамтран байгууллагын дотоод болон гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр дулаан, усны шугамын худгуудын бүрэн бүтэн байдал, автомашины орц гарц, налуу зам, шат, хашлага, явган хүний зам талбай, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн нөхцөл зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлов.
Хамтарсан үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
-
Улстөр нийгэм2024/11/15
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ...
-
Улстөр нийгэм2021/11/24
“Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөн боллоо
-
Урлаг спорт2020/07/11
Үндэсний их баяр наадмын өнөөөдрийн хөтөлбөр
-
Цаг үе2020/01/15
Бэлэн мөнгө төлж зорчсон иргэд, мөнгө авсан жолоочийг торгоно
