Үзэл бодол
Жолоочийн даатгалын тухай хууль хоцрогджээ

Хүний амьдралд тохиолдож болох тааламжгүй үйл явдлын эрсдэлийг бууруулах, учрах хохирлыг хамгийн богино хугацаанд арилгах үр дүнтэй санхүүгийн арга бол даатгал юм. Монгол Улсад бие даасан хуультай, албан журмаар даатгуулах 7 төрлийн даатгал байдаг. Эдгээрийн дотроос олон түмэндээ хүртээмжтэй үйлчилдэг, нэр хүндтэй даатгалууд олон бий.
Тэтгэврийн даатгал-д даатгуулбал өндөр насныхаа тэтгэвэрт гараад сар бүр тэтгэвэр авч байна. Мөн тэтгэврийн даатгалаас зээл авсан иргэдэд 470,0 тэрбум төгрөгийн өрийг нь нэг удаа УИХ –аас цайруулах шийдвэрийг хүртэл гаргаад байна.
Ажилгүйдлийн даатгал-д даатгуулсан хүн ажлаасаа халагдсан болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол тодорхой хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авдаг.
Эрүүл мэндийн даатгал-д даатгуулсан хүн шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалсан 3 жил эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж 2,0 сая хүртэл төгрөгийг улсаас олгож байна.
Эдгээрийг даатгуулагч иргэдэд хүргэх үйл ажиллагааг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг бие даасан байгууллага хариуцан хэрэгжүүлдэг.
Харин 1,1 сая шахам тээврийн хэрэгсэлтэй авто тээвэрчдээс 700 гаруй мянган иргэн жолоочийн хариуцлагын даатгалд жил бүр албан журмаар даатгуулаад, ямар ч урамшуулал авдаггүй .
Үүний шалтгаан нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээг АРИЛЖААНЫ ДААТГАЛЫН 15 КОМПАНИ эрхэлж байгаад хамаг учир нь байгаа юм. Тэд бол ашгийн байгууллага. Тиймээс жолооч нар энэ даатгалын үйлчилгээ, үйл ажиллагаанд нь сэтгэл дундуур байдаг.
Монгол улсад хэрэгжиж байгаа хуулиуд даатгагч, даатгуулагчийн аль алиных нь эрх ашигт жигд үйлчилж байх ёстой. Гэтэл арилжааны даатгалын компаниуд энэ ажил үйлчилгээг эрхлэхдээ зөвхөн өөрт төвлөрүүлэх орлогодоо илүү анхаарч байгаад байгаа юм. Судалгаанаас харахад тухайн жилдээ дээрх даатгуулагчдын 4,2 хувь буюу 28 мянга орчим жолооч осол зөрчилд холбогдож даатгалд хандсан байдаг. Цаана нь үлдсэн 95,8 хувь нь хураамжаа төлсөн ч даатгалаас ямар нэгэн урамшуулал, нөхөн төлбөр авдаггүй юм байна.
Нэгэн түүхийг эргэн санахад жолооч нарын албан журмын даатгалын тухай хууль 2011 онд гарахаас өмнө сайн дурын үндсэн дээр даатгал хураадаг байх үед жилдээ З тэрбум төгрөгийн хураамж төвлөрдөг байсан. Харин хууль хэрэгжиж эхэлснээр хураамж нь 10 дахин өссөн байдаг.
Гэтэл арилжааны даатгалын компаниуд хураамжийн хэмжээг нэмэх хэрэгтэй байна. Бидний үйл ажиллагааны зардал өндөр байгаа, дээрээс нь даатгалын сан бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм билээ. Ингэж ёроолгүй сав шиг авирлахын оронд хэрэгжүүлж байгаа хуулиндаа хүндэтгэлтэй хандаж, хамрагдаж байгаа олон зуун мянган даатгуулагчдынхаа эрх ашигт дэмжлэг үзүүлэх ямар нэгэн ажил, санаачлага гаргаж ажиллах шаардлагатай баймаар юм. Мөн хууль хэрэгжиж эхэлснээс хойших 8 жилийн хугацаанд арилжааны даатгалын компаниуд 160,8 тэрбум төгрөгийг албан журмын даатгал нэрийн дор хураан авсныхаа 96,6 тэрбумыг даатгуулагчдын хохирлын нөхөн төлбөрт олгож, үлдсэн 65,2 тэрбум төгрөг нь тухайн компаниудын мэдэлд үлдсэн нь тодорхой байдаг.
Олон улсын туршлагаас үзэхэд жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх , осол зөрчлийг багасгах зорилгоор АНУ-д 1908 оноос даатгалын төлбөр төлсөн жолоочид тусгай хөнгөлөлт эдлүүлдэг журам хэрэгжиж эхэлсэн байдаг. Одоо дэлхийн 165 оронд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын систем хэрэгжиж байна. Эдгээр улсууд өнөөдөр манайд хэрэгжиж байгаагаас арай өөрөөр хэрэгжүүлж байна. Нэг талаас даатгалд олныг хамруулах, нөгөө талаасаа даатгуулагчдын даатгуулах сонирхохыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бодлого барьдаг юм билээ. Манай улсын хувьд 1992 оноос Монгол улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, 2011 оноос Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуулиуд батлагдан гарч хэрэгжүүлэх үйл явц эхэлсэн түүхтэй.
Монголын төрөөс албан журмын даатгалын хуулийг хэрэгжүүлэхдээ цөөн хэдэн хүний ашиг олох хэрэгсэл болгох биш, харин төрийн бодлого нь нийгмийг илүү хариуцлагажуулах, зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарын хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэгдсэн байх ёстой.
Гэтэл бидний дагаж мөрдөж буй хууль маань осол зөрчил гаргадаггүй жолооч нарыг урамшуулах зорилгоор төлбөрийн хэмжээг жил ирэх тутам тодорхой хэмжээгээр багасах зарчмыг хэрэгжүүлэх ёстой.
Албан журмын даатгалыг сайн дурын даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг арилжааны компаниудаар эрхлүүлэх нь буруу. Өнөөдөр энэ ажлыг 15 компани, 200 гаруй салбар, 3000 орчим ажиллагсад хариуцан гүйцэтгэж байна. Тэдэнд нэгдсэн удирдлага, хяналт байдаггүй. Нэг аймагт 7-11 даатгалын компанийн салбар ажиллаж байна. Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэгийг хөдөө орон нутагт зохион байгуулахад даатгалын компанийн хүмүүс дагаж явдаг. Тэд нэг суманд 2 хонохдоо 20 – 50 жолооч даатгаад, дараагийн сум руу явсаар 2 сар шахам хугацаанд тойрдог. Хотын техникийн хяналтын төвүүдэд нөгөө 15 компанийн төлөөлөгч нар даатгуулахаар ирсэн хүнээ булаацалдаад сууцгааж байдаг. Гэтэл цаана нь хэдэн жолооч даатгалд хамрагдахгүй үлдэж байгаа сонирхдоггүй . Тэгвэл жил бүр жолоочийн хариуцлагын даатгалд орон нутагт 36 хувь, Улаанбаатар хотод 25 хувь нь оролцдоггүй үлддэг. Эндээс харахад даатгалд хамрагдаагүй жолооч жил бүр 200 гаруй мянгаараа үлдэж байна. Үүнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, зөв хяналт тавьж ажиллахад ердөө 180 хүний зардлаар улсын хэмжээнд гүйцэтгэх боломжтой тухайгаа Албан журмын даатгагчдын холбооноос тооцоолсон байдаг. Энэ асуудлыг хууль санаачлагч нар анхааралдаа авах хэрэгтэй байна.
Жолоочийн албан журмын даатгалыг ажил үүргийн нь хувьд хамтарч болох тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн байгууллагатай нэгтгэхэд илүү сайн талтай байж болох юм. Тэгвэл эндээс даатгалд хамрагдалт нь нэмэгдэх, олон жил осол гаргаагүй жолооч нарт техникийн хяналтын үзлэгийг үнэгүй хийж өгөх, тос маслыг нь солих үйлчилгээ үзүүлэх гэх мэт олон төрлийн үйлчилгээг даатгуулагчид даа үзүүлж тэдний эрх ашиг, сонирхолд нийцүүлэх хэрэгтэй байна.
Зам тээврийн ослоос үүссэн хохирлыг үнэн зөв тодорхойлох мэргэжлийн хохирол үнэлэгч ховор, ажиллаж байгаа нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан нэртэй мэргэжлийн бус хүмүүс байна. Тэдэнд оношлогооны багаж, шалгах хэрэгсэл байхгүй нүдэн баримжаагаар ажилладаг . Оношлогооны байгууллагуудтай хамтарч ажиллах шийдвэр байгаа ч түүнийг нь хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Хөдөө орон нутагт энэ асуудал илүү хүндрэлтэй байна.
Даатгуулагчийн нэг удаагийн гэрээнд хэдэн удаа нөхөн төлбөр авах тухай тусгаагүй. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй байна. Тухайлбал , Монгол даатгалд даатгуулсан жолооч нараас нэг жилийн дотор 32 жолооч 4-9 удаа осол зөрчил гаргаж нөхөн төлбөр авсан судалгаа байдаг. Энэ нь гэрээнд тусгаагүйгээс гадна хуучин муу автомашинтай жолооч санаатай болон санамсаргүй үйлдлүүд гаргаад төлсөн даатгалаасаа хэд дахин давсан даатгал авдаг байж болох юм. Ийм жолооч осол зөрчил гаргадаггүй жолоочтой адил хураамж төлж болохгүй. Үүнийг итгэлцүүрээр тооцох бололцоотой ч, гэрээ хийхээс татгалзах эрх даатгалын компаниудад бий.
Осол зөрчил гаргасан жолоочийн тоо үнэн зөв гардаггүй. Тухайлбал замын цагдаагийн бүртгэлийн тоо, нөхөн төлбөр олгосон даатгалын компанийн мэдээллийн тоо хоорондоо 10-аад мянгаар зөрж байгаа. Шалтгаан нь даатгуулагчид осол зөрчилд холбогдчихоод даатгалын компаниудад хандахад урдаас нь цагдаагийн тодорхойлолт шаардах болсон. Тодорхойлолт авахад цагдаагийн газраас жолоочийн оноог нь хасаад, 100 мянган төгрөгөөр торгодог. Үүнийг даатгалын байгууллага газар дээр нь очиж асуудлыг шийддэг гадаадын туршлага байдаг л юм билээ.
Мөн хуулинд тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч нь жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж, уг тээврийн хэрэгслийг хөлсөөр барьж буй жолооч мэргэшсэн жолоочийн даатгалд даатгуулна гээд заачихсан байгаа нь хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байна
Та бүхэнтэй саналаа солилцогч миний бие жолооч нарын хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар багагүй хугацаанд судалгаа явуулж, 400 шахам жолоочоос санал асуулгын хуудсаар тодорхой сэдвээр мэдээлэл авч, арав гаруй аж ахуй нэгжийн удирдлагатай санал солилцсон юм. Эндээсээ дүгнэхэд дээрх хууль маань жолооч нарыг хариуцлагын даатгалд албан журмаар хамруулах нь төрийн бодлогын хүрээнд хийгдэж буй мэт боловч үнэндээ арилжааны даатгалын 15 компанийг хөрөнгөжүүлэх агуулгатай хэрэгжиж байна гэж хэлж болохоор байна.
Уг нь Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 9-дэх зүйлд
“Санхүү ,эдийн засаг, татвар, банк, даатгалын чиглэлээр” гэсэн хэсгийн 80-д
“Даатгалын салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн уг зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, даатгалын нэр төрөл, бүтээгдэхүүний ангилал, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгах” замаар даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
Мөн хэсгийн 81-д
“Улсын Их Хурлаас 2011 онд баталсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилтэд үндэслэн энэ төрлийн даатгалын зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, даатгуулагчийн хариуцлагыг сайжруулах” зорилгоор Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулахыг заасан байдаг юм билээ.
Гэвч хуулийн хэрэгжилт гацаж байгаа нь амьдрал дээр харагдаж , хуулийг шинэчлэх санаачлага 2017 оны 2 дугаар сараас эхэлсэн боловч даатгалын орлого ашиг нь өндөр байдагаас хуучнаар нь мөрдөх сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс сөргөөр нөлөөлж Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар хэлэлцэхгүй болсныг жолооч нар эсэргүүцэж , даатгалын төлбөр жил бүр урд оныхоосоо нэмэгдэж байдагт бухимдаж ЭРХ МЭДЭЛТНИЙ АЛБАН ТАТВАРын тухай хууль гэж нэрлэдэг болоод байна.
Үүнд анхаарч жолоочийн даатгалын тухай хуулийн зарим заалтуудаас болж даатгагч, даатгуулагч нарын хооронд үүсээд байгаа үл итгэлцлийг нэг талд нь гаргах зорилгоор шинээр боловсруулах хуулийн төсөлд өгөх саналаа нийт татвар төлөгч жолооч та бүхнээрээ хэлэлцүүлэхээр саналаа хүргүүлж байна. Үүнд :
Гудамж, замын хөдөлгөөнд оролцож яваад санамсаргүй байдлаас осол зөрчилд холбогдсон жолооч тухайн үедээ сандарч, асуудлаа түргэн шуурхай барагдуулахыг хичээдэг. Тэр үед хохирлыг нь үнэн зөв шийдвэрлэнэ гэж итгэж, үнэлгээчдийг барааддаг. Гэтэл үнэлгээчдийн маань ихэнх нь мэргэжлийн бус хүмүүс ажилладаг бөгөөд үнэлгээ нь газар бүр өөр өөр төлбөртэй байдагт нь жолооч нар гомдоллодог. Үйлчлүүлэгчдэд үзүүлэх материал, харьцуулах лавлагаа ил тод байдаггүй нь тэдэнд итгэл үнэмшил төрүүлдэггүй. Тэгээд ч эвдрэл гэмтлийн нь оношлогооны хэрэгслээр шалгаагүйн дээр нүдээрээ хараагүй, гараараа барьж үзээгүй байж утасны зураг, хүний амаар үнэлэх нь жолооч нарын дургүйцлийг төрүүлдэг. Дээрхи асуудалд Тээврийн цагдаагийн газар, Авто тээврийн Үндэсний төв, Санхүүгийн зохицуулах хороо хамтран тусгай журам гаргаж цэгцлэх шаардлагатай байна
Жолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Даатгалд үл хамаарах нөхцөл” өөр заагдсан тээврийн хэрэгслийн жолоочоос гадна даатгал төлөх ёстой нийт жолооч нарын 30 шахам хувиас татвараа хураан авч чадахгүй байгаа. Энэ нь хууль хэрэгжүүлэгч байгууллагын санаачлага сул байгаатай холбоотой юм.
Жолоочийн даатгалын тухай хуульд жолоочоос авах суурь хураамжийг өсгөх , бууруулах даатгалын гэрээний мэдүүлэг, маягт зэргийг батлах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд хариуцуулсан байдаг. Гэтэл жил бүрийн судалгаанаас харахад нийт даатгал төлөгчдийн 90 гаруй хуь нь тухай жилдээ осол зөрчилд холбогдоогүй хөдөлгөөнд хамрагдсан байдаг . Олон жил осол зөрчил гаргаагүй жолооч нарыг урамшуулан даатгалыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой байтал дараа жил нь нэмэгдсэн байдаг ба суурь хураамж дээр 9 итгэлцүүрээр тооцож нэмж хураамж авдаг тухай гомдлыг олон даатгуулагч гаргаж байна. Үүнийг шинээр гаргах хуулинд тодорхой зааж, өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Даатгалын байгууллагууд жолооч нартай байгуулдаг хариуцлагын даатгалын гэрээнд тухайн автомашины эзэмшигчийн гэрийн бүлийн хүний нэрийг бичүүлээд хүн тус бүрээр тооцож даатгалыг албан журмаар нэмж авдаг нь хуулиа зөрчин шунал нь хэтэрсэн татвар болж байна. Үүнийг анх гэрээ байгуулахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдсэн эзэмшигчтэй зөвхөн автомашины марк, улсын дугаараар гэрээ байгуулахад хангалттай болно. Гэрээний хавсралтын нэрийн хүснэгтийг шаардлагагүй гэж үзэж байна.
Хөдөө орон нутагт ажилладаг даатгалын салбарууд зөвхөн татвар хураахаас хэтрэхгүй байна. Тухайн нутагт осол зөрчилд холбогдсон жолоочид үйлчлэх шуурхай алба гэж байдаггүй. Нэгэнт даатгал хурааж л байгаа бол хот, хөдөө гэх ялгаагүй жолооч нарт жигд үйлчлэх шаардлагатай.
Хөдөлгөөнд оролцож буй жолооч нараас ослын даатгалын төлбөр хураамжийг хуулиар далайлган албадан гаргуулж авдаг боловч тэднийг осол зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх сурталчилгаа, анхааруулах ажил огт хийгддэггүй гэсэн гомдол санал асуулгад оролцогчдын 98 хувь нь гаргаж байна. Энэ талаар тодорхой заалт оруулахыг сануулж байна.
Даатгагч компаниуд болон Санхүүгийн зохицуулах хороо даатгуулагч нараас албан журмын даатгал нэрээр дарамтлан хураасан хураамжийнхаа 30 гаруй хувийг хэрхэн юунд зарцуулснаа тодорхой мэдээлдэггүй тухай Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн ярилцлагад оролцогч нар дурдаж, шаардаж байсан. Энэ талаар нийт даатгуулагчдад тодорхой мэдээллээр хангаж орлого, зарлагыг шилэн данстай болгохыг анхааруулж байна.
Бид улсын гэсэн нэртэй олон сангийн хөрөнгө луйварчдын гарын салаагаар хэрхэн үрэгдэж буйг өдөр бүр мэдээллийн хэрэгслээс харж, мэдэрч байгаа. Түүнтэй нэгэн адил жолоочийн даатгалын сан нэрээр цугларсан хөрөнгө энэ хэдэн жилд хэрхэж байгаа талаар татвар төлөгч жолооч, иргэдэд мэдээлэл огт байхгүй байгаа бөгөөд уг санг хариуцаж буй хүмүүс мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Үүнийг шинээр гаргах хуулийн төсөлд тодорхой тусгахыг шаардаж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос Жолоочийн албан журмын даатгалыг хувийн хэвшлийн байгууллагуудад хариуцуулсныг санал асуулгад оролцогчид 100 хувь буруу гэж үзэж байна. Даатгуулагч нарын эрх ашгийг хамгаалах байгууллага нь ашгийн төлөө ажилладаг хувийн компани биш олон зуун мянган жолоочийн төлөө ажиллаж чадах байгууллагыг шинээр буй болгох хэрэгтэй байна.
Албан журмын даатгалыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцсанаар хяналт суларч, эрх мэдэл нь цалгардан зөрчил үүсч байна. Иймд даатгуулагчид хэнээр эрх ашгаа хамгаалуулахаа өөрсдөө шийддэг байх нь ардчилсан нийгэмд зохицно гэж жолооч нар үзэж байгааг хуулийн төсөл боловсруулагч нарт анхааруулаад татвар төлөгч жолооч нарын эрх ашгийг хамгаалсан хуультай болно гэдэгт найдаж байна.
Жолоочийн хариуцлагын тухай хуулийн талаар зарим татвар төлөгчид иймэрхүү санал бодолтой байгааг та бүхэн өөрсдөө тунгаан хэлэлцэж хуулиа шинэчлэх хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалж байна.
Дэндэвийнхэн. Г. ЛХАМСҮРЭН
Монгол улсын зөвлөх инженер
2019.01.13.
Үзэл бодол
П.Сайнзориг: Нийслэлийн ирэх жилийн төсөв дэд бүтцийн бүтээн байгуулалт руу чиглэсэн
Нийслэлийн 2024 оны төсвийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нийслэлийн 2024 оны төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх суурь дэд бүтцийг байгуулахаар тусгасан. Тухайлбал, Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нэгдүгээрт эрэмбэлнэ. Хоёрдугаарт, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багтаамж ихтэй нийтийн тээврийг хөгжүүлэх бодлогын хүрээнд метроны ТЭЗҮ-ийн зураг төсөл, менежментийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийнэ. Мөн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэ оны төсвийн тодотголоор 28 тэрбум орчим төгрөг шийдсэн бол ирэх 2024 онд 91 тэрбум орчим төгрөг төсөвлөлөө. Түүнчлэн 42 сургуулийн цайны газрын тохижилт, засварт мөнгө тусгасан.
-Түгжрэлийн бууруулах хүрээнд хэдэн төгрөг тавьж, ямар ажлууд хийх вэ?
-Метроны зөвлөх үйлчилгээний болон ТЭЗҮ, зураг төслийн сонгон шалгаруулалтыг хийснээр ямар өртгөөр метроны нэгдүгээр шугамыг тавих вэ гэдэг шийдэгдэнэ. Үүнд Засгийн газар тодорхой хэмжээний хөрөнгийн баталгаа гаргаж байж дараагийн сонгон шалгаруулалтыг хийх юм. Нийслэлийн гол магистраль замыг өргөтгөж, гэр хорооллын замуудыг холбон хатуу хучилттай зам тавих зэрэгт 77.4 тэрбум төгрөгийг тусгасан. Ирэх жилийн төсөв нийслэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт руу чиглэсэн. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадвал 20-25 мянган ажлын байр шинээр бий болгох төсөөлөлтэй байгаа. Мөн өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлээд гүйцэтгэл 70 орчим хувьтай байгаа бүх ажлыг дуусгана. Түүнчлэн Улаанбаатар хотыг бүхэлд нь камержуулахад 80 тэрбум төгрөг тусгасан.
-Нийслэл хотын албан татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлсэн хууль, эрх зүйн үндэслэл юу вэ?
-2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, нэг хувь байгаа татварыг хоёр хувь болгохыг НИТХ шийдэхээр тусгасан. Хотын албан татварыг архи, тамхины жижиглэн худалдаа гэсэн хоёр төрлийн бараа, зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалгын газар болон авто үйлчилгээ үзүүлэгч гэсэн зургаан төрлийн үйлчилгээ эрхлэгчээс авдаг. Хотын татвараас 16 тэрбум төгрөг төвлөрдөг. Нэмэгдүүлснээр 32 тэрбумын орлого бүрдэх бөгөөд үүнийг дэд бүтэц, бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулна. Мөн явган хүний зам, дугуйн замыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, Нарны хорооллыг Нарны замтай холбосон явган хүний гүүрэн байгууламж байгуулахаар болсон. Сэлбэ, Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулж, холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг 30 орчим хувиар, түгжрэлийг мөн хувиар бууруулах зорилт тавьж байна.
Үерийн байгууламжийг нэмэгдүүлэхэд 24 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөвлөлөө. Үерийн байгууламжийг зөвхөн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй. Иймээс олон улсын байгууллагуудтай ярилцаж байна. Улаанбаатар хотын инженерийн байгууламжийн 70 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Мөн эдгээрийн ашиглалт, хамгаалалт байгууллагуудын уялдаа холбоогүйгээс дунд нь орхигдож, хариуцах эзэнгүй болсон. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд гарч, Засгийн газарт танилцуулж, эдгээрийг иж бүрнээр нь шийднэ.
-Метроны ТЭЗҮ-ийг 2009, 2016 онд хийж байсан юм билээ. Түүнийг ашиглаж болохгүй юу?
-Эдгээр нь урьдчилсан ТЭЗҮ бөгөөд үүнээс хойш Улаанбаатар хотын нөхцөл байдал маш их өөрчлөгдсөн. Метроны менежментийн зөвлөх үйлчилгээ, мөн зураг төслийг хийх гэсэн хоёр багц ажил бий. Үүнд маш олон судалгаа хийгддэг. Геологийн, усны хайгуулын өрөмдлөгүүд хийнэ. Энэ ТЭЗҮ, зураг төсөл зөв гарч байж зөв хөрөнгө оруулалт босгоно, өртөг, зардлаа шийднэ. Хөрөнгө оруулалт бүтэлгүйтэх шалтгаан нь бэлтгэл үе шат болох зураг төслөө хийдэггүй, хэт төсөөллийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулдагтай холбоотой. Хэрэгжүүлье гэхээр барилгын зураг төсөл гэх мэт бичиг баримт нь байхгүй байдаг.
-37 тэрбумаар цахилгаан халаагуур тараана гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хороолол дахь 5000 байшин, 15 мянган гэрт цахилгаан халаагуур тараах юм. Ингэхдээ цахилгааны хүчдэл унадаг гэх асуудлыг бүрэн шийдсэн байршилд тараахаар ярьж байгаа. Мөн давхар шаталттай зуухыг судалж байна. Он гарснаас хойш 59 хүн угаартаж нас барсан харамсалтай тоо бий. Холбогдох байгууллагуудын дүгнэлт зуухны чанар, утаа их ялгаруулсан гэж гардаг. Иймээс өмнөх алдааг давтахгүйн тулд энэ асуудлыг судалж, иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж, зуух олгохоор судалж байна. Үүний цаана хүний амины асуудал бий. Утааг бууруулах дунд хугацааны бодлого бол орон сууцжуулах, эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх юм.
Үзэл бодол
Д.Бат-Орших: МҮОНР-гийн “Алтан төлийн эзэн” шагналд бэлчээрийн даацын асуудлыг тусгана
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио”-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын түүх 1978 оноос эхтэй.
“Энгэрийн яргуй цасан доор зүүдлэхэд
Эхний төл наран наашилж цангинана” гэх
дуу шигээ малчин түмэндээ хоногшиж, хүндлэгдсэн энэ шагнал 2024 онд 46 дахь жилдээ олгогдох юм. Мал сүргээ өсгөн үржүүлэх бодлогын хүрээнд анх санаачлагдаж байсан энэ шагнал улс орон болон дэлхий нийтэд тулгамдаж асуудлыг бодлогодоо тусгаж, цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөж байна.
1978 онд Монгол Улс 24.0 сая орчим толгой малтай байсан. Харин 2022 оны жилийн эцсийн тооллогоор 71.1 саяд хүрсэн. Мал сүргийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр малчдын амьдрал ахуй, улс орны эдийн засагт нааштай өөрчлөлт гарж байвч нөгөө талаас бэлчээрийн даац хэтэрч, сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна. “МҮОНРТ тогтвортой хөгжлийн зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн нэг улсын биш, дэлхий нийтийн асуудал. Энэ тал дээр эерэг, зөв өөрчлөлтийг бий болгох нь манай байгууллагын үүрэг, олон нийтийн эрх ашиг мөн гэж бид үздэг” гэж МҮОНР-гийн захирал Д.Бат-Орших ярьсан юм.
Энэ зарчим “Алтан төлийн эзэн” шагналд ч тусгалаа олж байгаа аж. Тогтвортой хөгжлийн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах 13 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын хувьд тулгамдаад буй томоохон асуудал бол бэлчээрийн даац юм. Тэгвэл сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, мал сүргийн чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулсан, шинэ залуу малчин бэлтгэж, малжуулсан зэрэг өмнөх шаардлагуудаас гадна мал сүргээ бэлчээрийн даацад тохируулсан малчин цаашид “Алтан төлийн эзэн” болно гэдгийг Д.Бат-Орших захирал онцолж байлаа. “Энэ бодлогыг бид үе шаттайгаар тусгаад явна. Эхний шатанд орсон өөрчлөлтүүдийг бид 2024 он гараад шагналынхаа журамтай хамт танилцуулна" хэмээн тэрбээр хэлсэн юм.
Тогтвортой хөгжлийн зарчмууд энэ шагналд тусгалаа олж буй анхны тохиолдол энэ биш юм. Мал аж ахуй бол хамтын хөдөлмөр. Гэтэл ямар нэг шагнал болоход голдуу өрхийн тэргүүн гэдгээрээ гэрийн эзэн нь шагнуулаад өнгөрдөг тухай шүүмжлэлийг тэртээ 1956 онд зохиолч Ш.Гаадамба “Элбэг дээл” өгүүллэгтээ ч дурдсан байдаг. Харин 2022 оноос МҮОНРТ, Жендерийн Үндэсний Хороо хамтран “Алтан төлийн эзэн” тэмдгийг өрхийн эхнэр, нөхөрт хоёуланд нь гардуулдаг болсон юм.
Ер нь малын тоог өсгөхгүйгээр малчид орлогоо өсгөж болох уу? Болно гэдгийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох” (АДАПТ) төслийн хүрээнд хийсэн судалгаа харуулж байна. Энэ утгаараа Д.Бат-Орших захирал “Малчин гэхээр орлого багатай, мэдээллээс хоцрогдмол байсан үе нэгэнт ард хоцорсон. Нүүдлийн уламжлалт соёл, ахуйг тээж яваа гэдгээрээ малчид маань одоо өрхийн орлогоо улам нэмэгдүүлэх замаар улс орон, дэлхий нийтийн сайн сайханд хувь нэмрээ оруулах боломжтой. "МҮОНРТ-ийн "Алтан төлийн эзэн" шагналаар бид энэ нөлөөллийг бий болгохыг зорьж байна. Энэ зорилго, үзэл санааны төлөө хамтран ажиллахад бид нээлттэй" гэдгээ илэрхийлсэн юм.
Үзэл бодол
П.Эрхэмбулган: Амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна
Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
-Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр байна вэ?
-Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар ирж үзүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна гэсэн үг. Энэ нь өмнөх долоо хоногоос бага зэргийн бууралттай, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6 орчим хувиар буурсан үзүүлэлт.
-Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Эмнэлгийн ор хүрэлцээтэй байгаа юу?
-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авах 815 ор байдаг. Томуугийн идэвхжилийн үед 1450 ор болгон нэмэгдүүлэх боломжтой. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар 575 орыг ЭМЯ-ны харьяа байгууллагуудад дэлгэх боломж бий. Нийт 2000 орчим ор дэлгэх боломжтой.
-Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор хэдэн иргэн хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд 1067 ор дэлгэгдсэн. Орны дүүргэлт 95 хувьтай байна.
-БНХАУ-д уушгины хатгалгаа нэмэгдсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-БНХАУ-ын хойд хэсгийн бүсэд томуугийн өвчлөл хүндэрч уушгины хатгалгаа болж байгаа мэдээлэл гарсан. Энэ дагуу ДЭМБ-аас Хятадын талд асуулга тавихад “Ямар нэгэн шинэ үүсгэгч биш. Томуугийн үүсгэгчүүд багц хэлбэрээр өвчлөл үүсгэж, энэ нь уушгины хатгалгаанд хүргэж байгаа” гэх мэдээлэл өгсөн. Энэ дагуу ХӨСҮТ мэдээлэл хийсэн. ХӨСҮТ нь үндэсний хэмжээнд томуугийн тандалт судалгаа хийдэг бөгөөд долоо хоног бүр тандалтын дүнгээ гаргадаг. Цаашид томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ анхаарал, халамж сайн тавьж, дулаан хувцаслахаас гадна хоол унданд нь анхаарч, олон нийтийн газар амны хаалт зүүж хэвших шаардлагатай. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиж, гэртээ нойтон цэвэрлэгээг тогтмол хийж, гараа байнга угаах, олон хүн цугласан газар хүүхдээ дагуулж явахгүй байх гэх мэтээр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.
-Томуугийн дархлаажуулалт хэдэн хувьтай байгаа вэ?
-Хоёр төрлийн дархлаажуулалт бий. Сайн дурын дархлаажуулалтаар 17 мянга гаруй тун вакциныг хийсэн. Зорилтот бүлгийн буюу бага насны хүүхэд, жирэмсэн, ахмад настан, архаг, хууч өвчтэй хүмүүс болон эрүүл мэндийн салбарын ажиллагсдад үнэгүй дархлаажуулалтад хамруулдаг. Энэ дархлаажуулалт 90 орчим хувьтай байна. Нийт 130 мянга орчим иргэн дархлаажуулалтад хамрагдсан.
-
Цаг үе2022/09/21
“МИАТ” ТӨХК Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөө бүрэн барагдуулла...
-
Цаг үе2019/10/09
Сургуулиудын 53 хувь нь зориулалтын бус цайны газартай байна
-
Цаг үе2022/01/20
УИХ-ын Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Шударга мэдээ2021/07/02
“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд 712 орон сууц б...
Сэтгэгдэл