Шударга мэдээ
Баян-Өлгийн аймгийн Булган сум 5-50см цастай, өвөлжилт хүндэрч болзошгүй байна
Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Булган, Дэлүүн, Буянт, Алтай, Ногооннуур суманд ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг ажиллалаа.
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле тус аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг танилцуулж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үүрэг чиглэл өгсөн юм.
Баян-Өлгийн аймгийн Цэнгэл, Буянт сум аюулгүйн нөөцийн өвсөө задлаагүй байна
Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сум 2019 оны мал тооллогоор 312602 толгой мал тоолуулж, 8301 толгой мал нэмэгджээ. Тус сумын малчид 7800 тн өвс, 3100 тн гар тэжээл, 1650 тн давс, хужир, сумын аюулгүй нөөцөд 49,8 тн өвс, 11,8 тн тэжээл нөөцөлсөн. Сумын аюулгүй нөөцөд байгаа өвс тэжээлийг задлаагүй байна. Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийн 30%-ийг ашиглажээ. Өнгөрсөн жилийн 1-р сард цаасны зузаан 10-80см малын хорогдол гарч байсан бол энэ жил 10 см цаастай өвөлжилтийн байдал одоогоор хэвийн байна.
Буянт сумын Хөх-Эрэг, Хөлцөөт, Өмнөгол, Шар тохой гэсэн 4 багийн нийт 754 өрх, 2862 хүн амтай. 2019-2020 онд Буянт суманд 389 малчин өрхийн тэмээ 204, адуу 4993, үхэр 9452, хонь 79878, ямаа 37371 толгой буюу нийт 131898 толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.
Хадлангийн талбайг 6 сарын 10-аас эхлэн малын хөлөөс чөлөөлж, талбайг өтөг бууцаар бордох, услах, зарим хадлангийн талбайг хашиж хамгаалах, шуудуу татах, шинээр хадлангийн талбай бий болгох, уулын хадлан бэлтгэх замаар сумын хэмжээнд одоогоор 1813 тн байгалийн хадлан өвс, 235тн гар тэжээл бэлтгэж авсан байна. Сумын мал хамгаалах санд 7,3 сая төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд 2019 оны 10 сард Ховд аймгийн Буянт сумаас 992 боодол ногоон өвс худалдан авч тэжээлийн фондод нөөцлөөд байна. 2019 онд хэрэглээд үлдсэн 310 боодол шар өвс байгаа бөгөөд одоогоор 26тн өвс тэжээл бэлтгэжээ.
Баян-Өлгий аймгийн Улаанхус, Дэлүүн, Булган, Алтай суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна
2019 оны эцсээр Баян-Өлгийн аймгийн Улаанхус сум нийт 220760, Булган сум 130216 толгой мал тус тус тоологдсон. Улаанхус сумын нийт тоологдсон малын 41 хувь буюу 86674 хээлтэгч мал, 1% буюу 2231 хээлтүүлэгч мал эзэлж байна. Булган суманд ингэ 198, үнээ 5472, хонь 12818, ямаа 36395, адуу 2362 нийт 57245 хээлтэгч байна. Харин Дэлүүн сум өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 1653 өрх, 7744 хүн ам, 228875 толгой мал тоолуулсан.
Баян-Өлгий аймгийн Булган сум Ховд аймгийн Мөнххайрхан суманд 239 өрхийн 29600 толгой мал, Дуут суманд 115 өрхийн 9619 толгой мал, Хөх сэрх Дунд голын тусгай хамгаалалтын газарт 277 өрхийн 22700 толгой мал, Дэлүүн суманд 36 өрхийн 3900 толгой мал, бүгд 667 өрхийн 65819 толгой мал оторлон өвөлжиж байна. Өөрийн нутагт 64397 толгой мал өвөлжиж байна. Тус сум хойд хэсгээрээ 25-50см, зүүн хэсгээрээ 35-45см, баруун хэсгээрээ 15-50см, урд хэсгээрээ 25-35 см цастай нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна.
Харин Дэлүүн сумаас хөрш зэргэлдээ Ховд аймгийн Дуут сум, Хөх сэрхийн ДЦГазарт нийтдээ 2 багийн найман суурийн 10000 гаруй мал оторлож байна. Оторт нийтдээ давхардсан тоогоор 36 малчин явж байгаа. Тус сумын уулархаг нутгаар 10-15 см, тал газраар 0-5 см цастай байна. Он гарснаас хойш Хөх сэрхийн дархан цаазат газар болон 7,8 дугаар багуудын нутгаар бага зэргийн цас нэмж орсон. Цаг агаарын байдал цаашид энэ чигээрээ үргэлжлэвэл 5,6,7,8 дугаар багуудын газар нутгийн бэлчээрийн гарц тааруу байсан учир мал төллөх үеэр хаваржилт хүндэрч болзошгүй байна.
Улаанхус сум нийт малчдын төвшинд 3720 тн өвс, 327,5 тн гар тэжээл бэлтгэж төлөвлөгөөг 100 хувиар биелүүлсэн. Сумын нөөцөд 30 тн өвс, 15 тн тэжээл бэлтгэж төлөвлөгөөг 56,3 хувиар биелүүлсэн. Одоогийн байдлаар малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, гар тэжээлийг нь хэрэглэж, сумын нөөцийн өвс, тэжээлийн нөөцийг одоогоор задлаагүй байна.
Булган сумын нөөцөд 26 тн өвс, бэлтгэсний 10 тн нь 500 боодол пресслэсэн өвс, улсын нөөцийн фонтод хадгалж байна. 16 тн байгалийн хадлангаас бэлтгэсэн өвс багуудын нөөцөд бэлэн байна. Сумын аюулгүйн нөөцийн фонтод аймгийн мал хамгаалах сангаас 60 тн боодол өвс, сумын улсын нөөцийн фонтод өнгөрсөн жилийн үлдэгдэл болон энэ жил шинээр нэмж татсан тэжээлийн зохих нөөц байна. Аймгаас өгөгдсөн хадлангийн төлөвлөгөө- 3900 тн байсныг 4100 тн өвс бэлтгэж, 200 тн-оор давуулан биелүүлсэн бол гар тэжээлийн төлөвлөгөө-350 тн-ыг 380 тн гар тэжээл бэлтгэж, гар тэжээлийн төлөвлөгөөг 30 тн-оор тус тус давуулан биелүүлжээ.
Харин Дэлүүн сумын малчид өөрийн хүч хөрөнгөөр 2018 онд 10 га талбайд тордолт хийж, хашиж хамгаалалт хийх замаар өвс, тэжээл бэлтгэх ажлыг жил бүр нэмэгдүүлжээ. 2019 онд сумын хэмжээнд 3178,8 тн өвс, 922 тн гар тэжээл, Сумын аюулгүй нөөцөд 30тн өвс бэлтгэж нөөцөлжээ.
Алтай суманд малчин өрх 726, мал бүхий өрх 184, нийт өвөлжих малын тоо 154,714 байна. Бэлчээрийн хүрэлцээ хангамж нийт бэлчээрийн 268211 га талбайтай өвөл, хаврын бэлчээрийн дундаж ургац 3.2 ц/га нийт малын 65 хувьд хүрэлцээтэй байна.
Малчдын хэрэгцээнд бэлтгэх байгалийн хадланг 1020 иргэний 1600 га талбайг координатаар баталгаажуулан гэрээгээр ашиглаж 5500 тн байгалийн хадлан, гар тэжээл 1350 тн, хужир шүү 650 тн, нийт малд шаардагдах тэжээл 100 хувь бэлтгэжээ. Энэ жил өөрийн нутагтаа отор хийх боломж гарч сум дотроо 1 дүгээр баг Хар нуур, Цалгар, Чихэртэй, 3 дугаар баг Жалангаш, Даваат, 5 дугаар баг Боомын ам, Тошин, Гурван булаг газруудад 40 өрхийн 3000 бод, 20650 бог, 3 дугаар баг болох Чихэртэй, жаланаш, Даваат чиглэлд 25 өрх 2795 бод, 11250 бог, 1 дүгээр багийн нутаг Хар нуур, Цалгар, Чихэртэй чиглэлд 30 өрхийн 2500 бод, 11800 бог мал тус тус отор нүүдэл хийж байна.
Мөн сумын өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх зорилгоор хавар Ченжүүдээс 20 тн пресс, 5 тн ногоон өвсийг сумын малчдаас бэлтгэн тэжээлийн нөөц бүрдүүлэн ажилласан.
Одоогийн байдлаар сумын нийт нутгийн 80 орчим хувь нь цасан бүрхүүлтэй. Уулархаг газар 8-10 см зузаан цастай, хунгарласан газарт 40-50 см, нам доор газар 2-5 см цасан бүрхүүл тогтсон. Цаашид цас нэмэгдэж орсон нөхцөлд сумынхаа нийт газар нутагт өвөлжилт хүндэрэх төлөвтэй байна.
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Баян-Өлгий аймгийн Алтай сумын малчин М.Донайн хотонд зочилж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчны санал хүсэлтийг сонссон юм.
Баян-Өлгий аймгийн Булган сумаас мал төллөлтийн үед эх малыг 10-20 хоног нэмэлт тэжээлд оруулахад шаардагдах 130-150 тн хүчит тэжээлийг хөнгөлөлттэй үнээр борлуулах, Их хуурайн салааг гүний худагтай болгох, сумын ХАА-н тасгийн мэргэжилтнүүдийг компьютер болон бусад тавилга, тоног төхөөрөмжөөр хангахад туслах, суманд жил бүр өвсний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай дунд оворын иж бүрэн, тоноглолтой трактортай болох санал гаргасан юм. Харин Дэлүүн сум хавар төллөх малд нэмэгдэл тэжээлийн хэрэгцээг байгааг ажлын хэсгийнхэнд уламжилсан бол Улаанхус сумын онцгой комиссоос Хүрэн хайрхан уулын орчмын айлуудыг худагтай болгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Шударга мэдээ
Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх зээлийн хэлэлцээрийг батлав
Энэ хүрээнд “Эрчим хүч-3 төсөл” буюу Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөхөөр болсон юм.
Зээлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдах боломж бүрдэв.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 250 МВт-ын салхин цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Чойрт байрлах 50 МВт-ын нарны цахилгаан станц, Дундговь аймгийн Мандалговьд байрлах 30 МВт-ын нарны цахилгаан станц, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд шинээр хэрэгжүүлэх 30 МВт-ын нарны цахилгаан станцын сэргээгдэх эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд бүрэн нийлүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрээнд нийцүүлэн олон нийтэд ил тод болгох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болохын хувьд үйл ажиллагаа, олборлолт, борлуулалтын талаарх мэдээллийг хууль тогтоомжийн дагуу олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх шаардлагатай. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах бүх гэрээг ил тод болгох үүрэг даалгавар өгсөн. Тус компани 2010-2025 оны хугацаанд нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээ байгуулснаас 581 гэрээг ил тод нээлттэйгээр компанийн цахим хуудаст байршуулж байна. Урт хугацаатай, уурхайн ам нөхцөлтэй таван гэрээг байршуулаагүй байна. Эдгээр нь олон улсын гэрээний дагуу нууцлах зохицуулалттай, мөн талуудын байгуулсан гэрээгээр нэг талдаа урьдчилан мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагатай байх тул худалдан авагч гэрээний талд мэдэгдэн таван гэрээг тус бүрийг ил тод болгох чиглэлээр ажиллаж байна.
Шударга мэдээ
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан “Өргөө” зочид буудалд ажиллаа. Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж тус шаардлагыг биелүүлээгүй байгаа юм. Тиймээс НЗДТГ-аас шаардлага хүргүүллээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Төрийн өмчийг зохих үнэлгээгүйгээр авсан энэ хэрэг 2012 онд Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ асуудлаар “Өргөө” зочид буудлын эзэмшигчидтэй уулзалт товлож удаа дараа бичиг өгч байсан. Сүүлд энэ оны есдүгээр сард уулзалт товлоход хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй. Тиймээс өнөөдөр нийслэл өмчөө авахаар мэдэгдэл хүргүүлж байна” гэлээ.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн №775 дугаар тогтоолоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 555 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагааг сэргээх тухай” 90 дүгээр тогтоолоор үйл ажиллагааг нь сэргээж, “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагааг шинээр зохион байгуулах, өмч хүлээлцэх комиссыг томилсон.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” 83 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” А/42 дугаар захирамжаар “Өргөө зочид буудал”-ыг нийслэлийн өмчид бүртгэх агуулга бүхий шийдвэр гарсан. Тус шийдвэрийг эс зөвшөөрч “Дун өргөө” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмшигч “Хар дун” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд Шүүх уг маргааныг хянан үзээд, 2023 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор дээрх захиргааны актуудыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Захиргааны актуудыг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт дурдсаныг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “Дун өргөө” ХХК-ийг татан буулгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн №02-01/7444 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Мөн Нийслэлийн Засаг даргаас 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 01/701 дугаар албан бичгээр нийслэлийн ШШГЕГ-т гүйцэтгэх хуудас болон нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг хүргүүлсний дагуу нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийг татан буулгах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.
НИТХ-ын 2025 оны 25/03 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/266 дугаар захирамжаар “Дун өргөө” ХХК-ийн хувьцааг нийслэлийн өмчид шилжүүлэн авах асуудлаар хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулах саналыг боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.
