Шударга мэдээ
АҮББХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулах үйлдвэрийн талаарх мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаас Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа нарын санаачилснаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулж, Байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг шалган судалж, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах хяналт шалгалтын Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Х.Жангабыл, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Г.Очирбат, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, П.Ганзориг, Д.Батбаяр, Д.Энхтүвшин нар ажиллахаар болов. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалгаж судалж, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах хяналт шалгалтын Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахалж, бүрэлдэхүүнд Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Г.Лувсанжамц, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, П.Мөнхтулга, М.Энхцэцэг, Г.Очирбат, Д.Батбаяр нар ажиллахаар боллоо.
Байнгын хорооны хуралдаанаар мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо. Тус компанийн Стратеги төлөвлөлт, төслийн газрын дарга Ч.Анх-Од танилцуулгадаа, нүүрс баяжуулах үйлдвэрийн хэрэгцээ шаардлага, зорилт нь Тавантолгой ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглаж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж “Эрдэс Монгол” нэгдлийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний үндэс болсон нүүрсийг гүн боловсруулах суурийг тавих явдал гэдгийг онцлоод, үйлдвэр жилд 10.0 сая тонн түүхий нүүрс хүлээн авч, 5.6 сая баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 95.5 хувьтай байгааг дурдав. Нийт 1 088 тэрбум төгрөг буюу 320.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий уг үйлдвэр үндсэн болон туслах 67 барилга байгууламжаас бүрдэх бөгөөд 133 га талбайд байгуулагдаад байгаа юм. Нойтон баяжуулах технологиор ажиллах тус үйлдвэр секундэд 56.7 литр ус ашиглан нүүрс угаан баяжуулах бөгөөд Загийн хоолой гүний усны ордоос үйлдвэрлэлдээ ашиглах юм. Загийн хоолой гүний усны орд үйлдвэрийг 25 жил хангах нөөцтэй аж. Мөн 110, 35, 10 кВт-ын 2*25мВт чадал бүхий дамжуулах дэд станцыг барьж үйлдвэрийн эрчим хүчнй хэрэглээг хангаж байгаа бөгөөд нийт 457 хүн ажиллахаас өнөөдрийн байдлаар 198 хүн ажиллаж байна. Тэдний 30 хувийг орон нутгаас бүрдүүлсэн ажээ.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ 2021 онд батлагдаж, барилга угстарлын ажил 2022 оны долдугаар сард эхэлсэн байна. Өнгөрөгч 10 дугаар сард үйлдвэрийн туршилт тохируулгын ажил дууссан бөгөөд энэ сард улсын комиссыг ажиллуулах, ирэх оны гуравдугаар сард байнгын ашиглалтанд хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Ч.Анх-Од танилцууллаа. Туршилт тохируулгын хугацаанд 45.5 мянган тонн нүүрс хүлээн авч баяжуулаад 20.0 мянган тонн баяжмал, 17.8 мянган тонн завсрын бүтээгдэхүүн буюу митлинг үйлдвэрлээд байгаа аж. Тавантолгойн нүүрсний ордод нийтдээ 13 нэр төрлийн, салаа давхаргуудыг тооцвол 35 төрлийн өөр хоорондоо адилгүй шинж чанар бүхий нүүрс байдгийг тэрбээр дурдаад, баяжуулах үйлдвэр тааруу нүүрсийг угааж баяжуулах замаар экспортын шаардлага хангасан бүтээгдэхүүн болгох зорилготойг танилцуулав. Мөн 2.2 сая тонн завсрын дайвар бүтээгдэхүүн буюу эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж, экспорлох төлөвлөгөөтэй юм байна. Туршилт тохируулгын хүрээнд баяжуулсан бүтээгдэхүүнийг өнгөрөгч аравдугаар сарын 25-ны өдөр хоёр багц болгож нийт 12.8 мянган тонн нүүрсийг биржээр тонн тутмыг 163.5 ам.доллараар арилжаалснаар 2.1 сая долларын орлого олсон байна. Дараачийн арилжааг ирэх 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.
ТЭЗҮ-ээр үйлдвэр жилд 754.8 сая ам.долларын орлого олох бөгөөд нийт зардал 644.9 сая ам.доллар, татварын дараа 67.7 хувийн ашигтай ажиллана гэж тооцоолсон байна. Коксжих нүүрсний үнэ сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ тооцооллыг шинэчилэхэд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1.1 тэрбум ам.долларын орлоготой, 620.0 сая ам.долларын зардалтай, татварын дараах ашиг 366.6 сая ам.доллар байх тооцоо гарчээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Г.Лувсанжамц, Х.Жангабыл, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, П.Ганзориг, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Д.Батбаяр, Ж.Золжаргал, Байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд баяжуулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлага, хамт олонд баяр хүргээд, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, борлуулалт, биржийн арилжааг үр дүнтэй зохион байгуулж, зундын зуучлагчаар дамжуулахгүй эцсийн хэрэглэгчид хүргэх буюу олборлолт үйлдвэрлэлээс өөр боломжоор орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүд байгаль орчинд ээлтэй байдлаар ажиллах, ялангуяа усны дахин ашиглалтыг сайжруулах, гидрогеологийн хайгуул судалгааг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг сайжруулж орон нутгийн захиргаа, иргэдтэй нягт хамтран ажиллах, дайвар бүтээгдэхүүний борлуулалт болон хаягдлын ашиглалтыг урт хугацаанд тогтвортой байдлаар шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндөж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар болон “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн холбогдох хүмүүсээс хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Шударга мэдээ
Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөгийн санамж бичиг байгууллаа
Улаанбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээний нээлт болон эдийн засгийн танилцуулга уулзалт боллоо. Энэ үеэр Хөх хот, Улаанбаатар хотын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 20 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.


Энэхүү санамж бичиг нь хоёр хотын аж ахуйн нэгжүүдийн холбоог бэхжүүлэх, экспорт, импортын худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжуудыг бий болгох зорилготой юм.


Эдийн засгийн танилцуулга уулзалтад Хөх хотын 40 гаруй, Улаанбаатар хотын 28 аж ахуйн нэгж оролцсон юм. Мөн уулзалтын үеэр Монгол орын онцлогийг шингээсэн, дотоодын түүхийн эдийн нөөцөд тулгуурлан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Энэхүү арга хэмжээ нь хоёр хотын 35 жилийн найрсаг харилцааг, эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаар баяжуулж, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл, түншлэл, боломж нээх чухал алхам болсныг оролцогчид онцолж байлаа.





