Улстөр нийгэм
АБГББХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Н.Номтойбаяр нар санал хэлсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Б.Энхбаяр нар ажлын хэсэг хуулийн төслийг нухацтай ярилцах шаардлагатай гэж үзэн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Иймд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.
Тэрбээр, Улсын Их Хурлын даргын 2024 оны 233 дугаар захирамжаар тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Анар, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Ж.Баясгалан, Н.Номтойбаяр, Б.Уянга, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан гэв.
Мөн ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 6, 12-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёолол 8, төслийн бүтэц, нэр, томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх, нэг саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг Монгол Улсад үр өгөөжтэй байх хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болох, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн гэлээ.
Мөн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг тус тус танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Дам.Цогтбаатар, П.Наранбаяр, С.Ганбаатар, П.Сайнзориг, Н.Наранбаатар, Б.Ганбат, Г.Дамдинням, Б.Энхбаяр Э.Болормаа, О.Батнайрамдал, Х.Тэмүүжин нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 0-130 ам.доллараар ангилж, 0-9 хувь хүртэл тооцно гэсэн агуулгатай заалт тусгасныг дурдаад үнэ 130 ам.доллароос дээш хүрсэн нөхцөлд хэрхэн зохицуулах талаар лавлав.
Ажлын хэсгээс, Хуулийн төсөлд тусгаж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн хүснэгтэд хэмжих нэгжийг фунтээр тооцсон. Тэгэхээр гишүүний дурдсан 2007 онд 300 орчим ам.доллар байсан үнийг фунтээр тооцвол 140 ам.доллар болох жишээтэй. Олон улсын цөмийн энергийн институтээс гаргасан үнийн төсөөллийн судалгаанд ингэж тооцсон байсан. Бидний хувьд үнэ өснө гэсэн төсөөлөлтэй байгаа бөгөөд 2035 онд 130 ам.доллар хүрээд цаашаа тогтмол өсөх төлөвтэй байгаа. 130 ам.доллароос дээш өсвөл 19 хувийн АМНАТ-өө төлөөд явна гэх тайлбарыг өгөв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Цөмийн энергийн тухай хууль нь Монгол Улсын эдийн засаг, валютын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход маш чухал хууль тул зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд төслийн 1/4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” чухал заалт оруулсан байсан. Уг заалттай холбоотойгоор маргаан байгаа эсэхийг тодруулахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Техник, технологийн хэлтсийн дарга Г.Намчинсүрэн, Үндсэн хуулийг дагаж гарах холбогдох хууль тогтоомжид гишүүний танилцуулсан заалтыг Цөмийн энергийн тухай хуульд тусгахыг даалгасан байсныг дурдаад дээрх заалттай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Бид хувьцаа авна гэхийн оронд АМНАТ-төө ач холбогдол өгөх нь зүйтэй гээд хууль батлагдахаар энэ нь цаашдаа олон гэрээнүүдэд үйлчлэх тул хугарлын цэгийг тооцсон эсэхийг тодруулав.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хариултдаа, Нийт гурван төрлийн АМНАТ байгаа. Суурь, өсөн нэмэгдэх АМНАТ нь хуульчлагдаад, цаашдаа жигд үйлчлээд явна. Харин тусгай АМНАТ-ийн хувьд тухайн ордын онцлогоос хамаараад Улсын Их Хурал тухай бүрд нь тогтооно гэв. Мөн тэрбээр, Бид компанитай хийж байгаа хэлэлцээрийн хүрээнд 1 фунт нь 52 ам.доллар байхад төсөл өөрөө үр ашиггүй болно гэсэн хугарлын цэг тавьсан. Энэ үүднээс өсөн нэмэгдэх АМНАТ-ийн тооцогдож эхлэх нь 50 ам.доллар. 50-аас доош бол өсөн нэмэгдэх байхгүй гэсэн байдлаар оруулж ирсэн бол урьдчилан тохирсон тусгай АМНАТ-ийн хувь хэмжээ 50-аас доош бол 5 хувь буурахаар оруулсан гэж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ашигт малтмалын нөөцүүдийг ашиглах нь нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал бөгөөд шар нунтаг нь эрчим хүчний хамгийн том эх үүсвэрүүдийн гол түүхий эд. Бидний хувьд шар нутгийг зөвхөн олборлож экспортод гаргах асуудал байгаа. Харин баяжуулснаас үүсэх хог хаягдлыг Монгол Улс авахгүй гэдгээ олон улсын конвенцоороо ч баталсан, боломж ч байхгүй. Иймд дэлхий нийт ураны олборлолтод АМНАТ-ийг 3-5 хувиар ногдуулж байхад бид 14 хувь, үнэ өсвөл бараг 19 хувийг авна гэх нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэггүй гэсэнтэй адил хэмээгээд энэ асуудалд ажлыг хэсэг тодорхой хариулт өгөх шаардлагатай гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Суурь АМНАТ-ийг 9 хувь болгосон тохиолдолд төсөл зогсоно. Хөрөнгө оруулалтын гэрээ цаашаа явах боломжгүй хэмээн хариулав.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Засгийн газрын өргөн барьсан төслийн 1/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбар гэсэн нэр томьёог ажлын хэсэг Монгол Улсад үр өгөөжтэй байх гэж өөрчлөхөөр болжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2-т Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх гэсэн агуулгатай хэр нийцэж буйг тодруулж байлаа.
Ингээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2026/06/22
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
-
Улстөр нийгэм2020/07/24
Судалгаа, шинжилгээний ажлыг хөгжлийн бодлогын суурь болгоно
-
Цаг үе2023/06/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2023/08/24
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг төлөвлөх оновчлолын системийг танилцуулл...
