Улстөр нийгэм
ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, 1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ. Энэ дагуу БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсныг дурдлаа.
Хаант ёсыг тайван замаар халж, Засгийн эрхийг ард түмэнд өгч, иргэдийн оролцоотойгоор төрөө байгуулан, төрийн байгууллын зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоосон нь Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол хэмээн танилцуулгад дурджээ.
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 6-нд Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталж, Улсын Их Хурлын даргын 2024 оны 117 дугаар захирамжаар уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолд заасан Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах арга хэмжээний хүрээнд “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга танилцуулгадаа, онцлов.
Мөн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулиар “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.” хэмээн оршил хэсэгтээ тунхагласан нь Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин биелүүлэхийн үндэс болсон. Иймд Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлж, түүний агуулга, үзэл санааг ойлгож, айл өрх бүр дээдлэн залахыг уриалж, Үндсэн хуулиа сурталчлан таниулах, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн мэдлэгийг иргэд, хүүхэд залуустаа олгох чиглэлээр түлхүү анхаарч Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусгах тайлбарлан таниулахыг уриалах, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.
Тогтоолын төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ.
-Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах;
-Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах;
-Тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах бөгөөд тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Ц.Сандаг-Очир, С.Бямбацогт, Г.Уянгахишиг, О.Алтангэрэл нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Үндсэн хуулийн үзэл санааг төрийн албан хаагч, хүүхэд, залуучуудад түгээн дэлгэрүүлэх агуулгыг хөндсөн тогтоолын заалтыг шинэлэг байдлаар тусгах, төслийг боловсруулахдаа тодорхой судалгаа хийсэн эсэх, хүний эрх, эрх чөлөө, Үндсэн хуулийн талаар мэдлэг олгох хичээлийг боловсролын шат шатны сургалтын хөтөлбөрт хэрхэн тусгах талаар лавлаж байлаа.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариултдаа, Бид Үндсэн хуулиа дээдлэн шүтэхэд төрийн бодлогын түвшинд ямар шийдвэр гаргаж, арга хэмжээ авдаг талаар нэлээд судалсан. Олон улсад сургуулийн наснаас эхлэн иргэдэдээ ардчилал, Үндсэн хуулийн талаар системтэй боловсрол олгодог, энэ талаар тусгайлсан хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлдэг туршлагууд байна. Мөн Үндсэн хууль судлаач Б.Чимэд багшийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” гэсэн судалгааны бүтээл байдаг. Эл бүтээлд Үндсэн хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн албан хаагч, улстөрчид, залуу үеийнхэнд итгэл үнэмшил, дадал зуршил болгон төлөвшүүлэхэд зориуд анхаарал тавьж, төрийн бодлогын түвшинд зохих шийдвэрийг гарган хэрэгжүүлбэл, ардчиллын үнэт зүйлсийг ард түмний хүртээл болгож, шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чухал тус үзүүлнэ гэсэн байдаг. Бусад улс орнуудад ч Үндсэн хуулиа төрийн байгууллагууд нь залж, иргэд нь дээдэлдэг. Иймд тогтоолдоо төрийн бүх байгууллагууд Үндсэн хуулиа ном журмынх нь дагуу залдаг байх, иргэн, өрх бүрд хуулиа дээдлэхийг уриалахаар тусгасан гэлээ. Мөн тэрбээр, тогтоолын төсөлд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт Үндсэн хуулийн талаарх мэдлэг олгох агуулгыг оруулах асуудлыг судалж, танилцуулах үүргийг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгасан. Ерөнхий боловсролын сургуульд “Хүн ба нийгэм” хэмээх хичээл ордог, үүнийгээ гүнзгийрүүлэх, бусад орны жишигт хүргэх асуудал бий. Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас 2021 оноос хойш Үндсэн хуулийн үзэл санааг таниулсан хичээлүүдийг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зааж байсан сайн туршлагууд бий гэж байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Үндсэн хууль гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн, түүх, соёл уламжлалаа хадгалахын баталгаа тул бид дээдлэх ёстой гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд батлагдах тогтоолын төслийн агуулгыг Үндсэн хуулиа даган мөрдөх тухай асуудалд чиглүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг тогтоолын төслийн найруулгатай холбоотой санал хэллээ.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Г.Уянгахишиг нараас тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан саналаар санал хураасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжих санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Улстөр нийгэм2026/09/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн х...
-
Улстөр нийгэм2024/12/27
ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
-
Улстөр нийгэм2021/01/27
Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт...
-
Улстөр нийгэм2023/02/16
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-тэй уулзав...
