Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ТБХ: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон бөгөөд үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасныг онцлов.

Мөн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар тус тус заасан. Харин Улсын Их Хуралд улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд Засгийн газар төсвийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх тусгайлсан зохицуулалт байхгүй тул хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар жилийн төсвийн төслийг Засгийн газар дахин боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төсөлд орон нутгийн шат шатны төсвийг хэлэлцэн батлах хугацааг нарийвчлан тусгах боломжтой эсэх талаар тодруулахад, Сангийн сайд Б.Жавхлан, хуулийн төсөлд тодорхой хугацаа заах асуудлыг олон талаас нь ярилцсан. Дарааллын хувьд улсын төсөв батлагдсаны дараа, аймаг, нийслэл үргэлжлүүлэн сум, дүүргийн төсөв батлагддаг. Гэвч хуулийн хугацаанд төсвөө баталж чадахгүй бол яах вэ гэдэг эрсдэлийг тооцож, ондоо багтааж цаглаврыг батлах зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсантай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах боломжтой, эсэх талаар лавласан. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хүчингүй болгосон тул Засгийн газар төсвийн төслийг шинээр өргөн мэдүүлнэ. Шинээр өргөн мэдүүлсэн нөхцөлд төсвийн хэлэлцүүлэг дөрвөн үе шатаараа явна. Харин үүнд нэг зохицуулалт тусгах шаардлагатай. Төсвийн тухай хуулиар 5 хоногийн зайтай хэлэлцүүлэг хийхээр хуульчилсан байдаг. Төсвийн төслийг дахин хэлэлцэхэд цаг хугацааны хайчинд шахагдсан байгаа тул дээрх зохицуулалтыг нэг удаагийн горимоор өөрчилж, хэлэлцэхгүй бол орон нутгийн шат шатны төсөв хугацаандаа батлагдахгүй байх нөхцөл үүсэж болзошгүй хэмээх тайлбарыг хийсэн.

Харин Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгч хориг тавьсан нөхцөлд Засгийн газарт буцаалгүйгээр хэлэлцдэг хуулийн зохицуулалт оруулж ирэх асуудал нээлттэй үлдэж байгаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх хэсгээр Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсантай холбоотой асуудлыг тодорхой зохицуулсан гэж үздэг хүмүүс бий. Харин зарим хэсэг нь үүний эрх зүйн чадамж сул байна гэдэг. Энэ удаагийн нэмэлт нь Улсын Их Хурлаас төсвийг буцаасан тохиолдолд Засгийн газар хэрхэн дахин өргөн мэдүүлэх вэ гэдэг асуудлыг зохицуулж байгаа. Ер нь цаашид гишүүний асууж буй зохицуулалтыг хуульд  тодорхой тусгах шаардлагатай хэмээн хариулав.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Мөнхсоёл, Б.Заяабал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал  хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийг хүчингүй болгож байгаа тул дахин өргөн мэдүүлэх шаардлага үүсэж байгаа юм. Тиймээс Төсвийн тухай хуульд ийм шинэ зохицуулалт нэмж буйг дэмжиж байна гэв. Мөн тэрбээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед шинэ зохицуулалтаар өргөн барьсан төсвийн төслийг Улсын Их Хурал хэд хоногийн хугацаанд хэлэлцэн батлах, үргэлжлүүлэн аймаг нийслэл гээд шат шатны төсөв батлах хугацааг цаглаварт тусгах асуудлыг олон талаас нь ярилцах шаардлагатай талаар санал хэлэв.

Эцэст нь Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 19 гишүүний 15 нь буюу 78.9 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа. 

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.

               Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

               Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж,  Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ. 

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Улстөр нийгэм2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Цаг үе2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Улстөр нийгэм2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Улстөр нийгэм2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Улстөр нийгэм2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Цаг үе2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Шударга мэдээ2026/10/29

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Шударга мэдээ2026/10/29

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Улстөр нийгэм2026/10/29

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Санал болгох