Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зүүн аймгуудын нутгаар хүйтэн салхитай, явган шуурга шуурч замд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.
2025 оны гуравдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн бүс нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, өглөөгүүр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
2025 оны гуравдугаар сарын 13-наас 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 13-нд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
Цаг үе
Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гарын үсэг зурсан билээ.
Тус хэлэлцээр 2026 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) нь ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз гэсэн таван улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага юм. Эдгээр улс нийлээд 180 сая гаруй хэрэглэгчтэй томоохон зах зээлийг бүрдүүлдэг.
ЕАЭЗХ-ны гишүүн улсууд 367 нэр төрлийн барааг гааль татварын тарифаас дөрвөн нөхцөлийн дагуу харилцан хөнгөлж, чөлөөлөх юм.
Манай улсаас экспортлох 367 бараа бүтээгдэхүүний 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Мөн бэлэн хувцас, сүлжмэл эдлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг тэглэж, зарим бүтээгдэхүүний тарифыг 50 хувь хүртэл бууруулсан. Монголоос экспорт хийхэд төлдөг 15-50 хувийн татварыг тэглэснээр бизнес эрхлэгчид илүү өргөн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нээгдэнэ. Экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, гурван жилийн хугацаанд 150 сая ам.долларын ашиг олох боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол бий.
Харин ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз гэсэн таван улсын эдийн засгийн нэгдэл болох ЕАЭЗХ-ноос импортлох 367 төрлийн барааны 81.7 хувийг Монголд үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн салбарын, 7.5 хувь нь аж үйлдвэрийн, 10.8 хувь хүнсний салбарын бүтээгдэхүүн байна. 222 аж үйлдвэрийн, 94 хүнсний, 51 эрдэс бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлснээр Улаанбуудай, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн тэргүүт хүнс, химийн болон үйлдвэрийн барааг хямд үнээр Монголд нийлүүлнэ. Инфляцад нөлөөлдөг зарим гол нэрийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн тарифыг бууруулснаар дотоодын өрхийн хэрэглээний зардлыг бууруулах боломжтой болж байгаа юм. Манай аж үйлдвэрийн салбарын импорт огцом өсөх тооцоолол гараад байна.
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг гурван жилийн дараа цуцлах хүсэлт гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр үргэлжилнэ.
- Монгол Улсаас ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох 367 барааны жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
- Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
- Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Эдийн засаг, xөгжлийн яам
Цаг үе
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын төсөл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаар өгсөн 24 үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэхэд хэрэгжилт 74.2 хувьтай байгааг танилцуулав.
Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам, талбайг тогтмол усалж, чийгшүүлэх, улиасны унгиралтыг бууруулах ажлын хүрээнд есөн дүүргийн 183 байршил дахь нийт 16,394 улиасанд хэлбэржүүлэлт хийж, 11,000 модыг даралтат усаар шүршин унгиралыг нь унагасан байна.
Үер, усны аюул, гамшиг, гал түймэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 311 алба хаагч, 119 нэгж техник, тоног төхөөрөмжийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ.
Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд license.mn зөвшөөрлийн цахим системээр худалдаа, үйлчилгээний 10 төрлийн 100 бизнесийн бүртгэлийг нэгдсэн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, 2026 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт 1,196 мэдэгдлийг шийдвэрлэсэн байна.
Ногоон нуур орчмын орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 422,510 ам метр талбайг цэвэрлэж, 231 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн, 12,320 урт метр үерийн далан, суваг шуудуу, инженерийн байгууламжийг цэвэрлэж, 53 тонн лаг, хог хаягдлыг зайлуулжээ.
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан 2026 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд нийт 622 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 566 нь барилга угсралтын ажил бөгөөд 395 нь он дамжин хэрэгжиж буй төсөл юм. Харин 2026 онд шинээр 171 төсөл хэрэгжиж байна. Үүнд 141 барилга байгууламж, 68 тохижилтын ажил, 13 гэрэлтүүлгийн ажил, гэр хорооллын төлөвлөлтийн 24 ажил багтаж байна. Мөн газрын маргаантай долоо, шүүхийн маргаантай 16, нэмэлт хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай 36 төсөл байгааг тэрбээр танилцуулгадаа онцоллоо.
Цаг үе
Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Австралийн Квинсленд мужид нэг өндгөн эсээс үүссэн дөрвөн ихэр охин төрсөн ховор тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, 34 настай Женитар Сау На’амоана охидоо Квинсленд мужийн Рояал Брисбэн энд Вүмэнс эмнэлэгт төрүүлсэн байна.
Эмч нарын тайлбарласнаар, жирэмсний эхэн үед нэг үр тогтсон өндгөн эс дөрөв хуваагдсанаар генетикийн хувьд ижил дөрвөн охин бий болсон аж. Ийм тохиолдол маш ховор бөгөөд ойролцоогоор 15 саяд нэг тохиодог гэж эмч нар үзэж байна.
Ерөнхийдөө дөрвөн ихэр жирэмслэх магадлал 700 мянгад нэг байдаг бөгөөд ихэнх тохиолдол нь нөхөн үржихүйн технологийн тусламжтай холбоотой байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Харин энэ удаагийн тохиолдол ийм эмчилгээтэй холбоогүй гэдгээрээ онцлог аж.
Эмнэлгийн мэдээлснээр, На’амоана болон түүний нөхөр Жортам нар дахин хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байсан тул дөрвөн ихэр тээж буйгаа мэдээд ихэд гайхсан байна. Эх жирэмсний 10 дахь долоо хоногоосоо эхлэн эмч нарын хяналтад орж, 25 дахь долоо хоногоос эмнэлэгт хэвтэн хянуулжээ. Тэрээр долоодугаар сарын 14-нд кесар хагалгаагаар охидоо төрүүлсэн байна.
Охид 28 долоо хоног, дөрвөн хоногтойдоо мэндэлсэн бөгөөд одоо нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эмч нарын мэдээлснээр, эхийн биеийн байдал сайн, охидод Эмили, Харриет, Кэтрин, Алекса хэмээх нэр өгчээ.
