Шударга мэдээ
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь урин дулааны улиралд хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг нийслэлийн алслагдсан бүсүүд болон хүн амын төвлөрөл ихтэй томоохон зах, худалдааны төвүүдийн гадна талбайд байрлуулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлдэг.
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг:
Даваа гарагт:
Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Хүннү молл худалдааны төвийн гадна талбайд
Мягмар, Лхагва гарагт:
Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Саруул худалдааны төвийн гадна талбайд
Пүрэв, Баасан гарагт:
Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо, Содон хорооллын гадна талбайд тус тус байрлана.
Та бүхэн хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээс төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээг харьяалал харгалзахгүй аваарай гэж Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас мэдээллээ.

Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Шударга мэдээ
Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөгийн санамж бичиг байгууллаа
Улаанбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээний нээлт болон эдийн засгийн танилцуулга уулзалт боллоо. Энэ үеэр Хөх хот, Улаанбаатар хотын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 20 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.


Энэхүү санамж бичиг нь хоёр хотын аж ахуйн нэгжүүдийн холбоог бэхжүүлэх, экспорт, импортын худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжуудыг бий болгох зорилготой юм.


Эдийн засгийн танилцуулга уулзалтад Хөх хотын 40 гаруй, Улаанбаатар хотын 28 аж ахуйн нэгж оролцсон юм. Мөн уулзалтын үеэр Монгол орын онцлогийг шингээсэн, дотоодын түүхийн эдийн нөөцөд тулгуурлан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Энэхүү арга хэмжээ нь хоёр хотын 35 жилийн найрсаг харилцааг, эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаар баяжуулж, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл, түншлэл, боломж нээх чухал алхам болсныг оролцогчид онцолж байлаа.





-
Шударга мэдээ2024/11/15
"Тавантолгой төмөр зам" ХХК БНХАУ-ын төмөр замын тэргүүлэгч компанитай...
-
Улстөр нийгэм2025/02/13
Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа эхэллээ
-
Цаг үе2023/01/17
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
-
Улстөр нийгэм2025/08/15
Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
