Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.06.12/ болж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцээд шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулсан.

Тэрбээр,  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна гэв.

Гомбожавын Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр 4 хүүхэдтэй. 1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. Г.Занданшатар нь ажлын гараагаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер,  Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд “Хаан” банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,  2005-2010 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч,  2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд УИХ-ын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2019-2024 онд УИХ-ын дарга, 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Г.Занданшатар нь 1992 оноос хойш эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр болон төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай иргэд, олон нийтийн итгэл, улс төрийн манлайлал, бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар санал болгож байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн өдөр хуралдсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 10,12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас 1 цагийн завсарлага авсныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал, дүгнэлтдээ дурдаад Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэдгийг онцолсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын 68 гишүүн асуулт асууж, хариулт авсан.

Гишүүд 2022-2023 онд Монгол Улсын ядуурлын түвшин 29 хувь буюу 3.5 сая хүнээс  920 мянга нь 420 мянган төгрөгөөс доош орлоготой, ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа тул иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийг сайжруулахад баримтлах бодлого, чиглэлийг тодруулахын зэрэгцээ дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ ханш буурснаас төсвийн орлого тасалдах нөхцөл үүссэн энэ үед  улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх эсэх, түүнчлэн эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлс, улмаар  иргэдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулахад төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ямар бодлого баримтлахыг тодруулж байлаа.

Нэр дэвшигч Г.Занданшатар, “Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгах, иргэн бүрд хүргэхийг эн тэргүүний зорилтоо болгож ажиллана. Монгол Улсын ядуурлын индексийн судалгааг  2022 оноос хойш гаргаагүй бөгөөд 2022 оны байдлаар ядуурлын түвшин 27.1 хувь буюу 913 мянган хүн ядуурлын шугамаас доогуур орлоготой амьдарч байна. Ядуурал буурахгүй байгаа шалтгаанд эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өсөлт, гадаад дотоод нөхцөл байдал сөрөг нөлөө үзүүлж байгаа тул цаашид эдийн засгийн өсөлтийг шударга, хүртээмжтэй байлгахад анхаарч ажиллана. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийж, татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлж буй татварын дарамтыг багасгах, тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой хэсгийн татварыг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргаа дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийг дэмжих замаар эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Халамжаас хөдөлмөр гэсэн уриаг хэрэгжүүлж, хөдөлмөр хийж буй бүхнийг дэмжинэ” хэмээн хариулж байлаа.

Мөн тэрбээр, “Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийхээр холбогдох төслийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ. Гэхдээ эл тодотгол төсвийн хэмнэлтрүү чиглэнэ. Төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол энэ хэрээр төсвийн орлого тасарч байгаа тул тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үргүй зардлыг 2.3 их наяд төгрөгөөр танахгүй бол цаашдаа улсын төсөв эдийн засгаа дэмжих биш, инфляцид нөлөөлөх хэмжээнд хүрээд байна” гэв. Түүнчлэн  “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.0 хувь, Засгийн газрын нэгдсэн төсвийн 12 хувьд хүргэх, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.0 хувийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг.  Энэ хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах бодлогыг боловсруулж байгаа бөгөөд анхан шатны тусламж, үйлчилгээг үе шаттайгаар сайжруулж байж хүн амын эрүүл мэнд сайжирна. Гэхдээ эл салбарын ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж, бололцоо одоогоор байхгүй гэдэг үнэнийг хэлэх нь зүйтэй” гэсэн тайлбарыг нэр дэвшигч өглөө.

Мөн гишүүд эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, татвар төлөгч бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихэд томоохон шинэчлэлийг хэрхэн хийх, төрийн өмчит компани, үндэсний хороо, зөвлөл, агентлаг байгуулах замаар хувийн хэвшлийн гүйцэтгэдэг ажил, үйлчилгээ, бизнестэй өрсөлддөг байдлыг халах, эдийн засгийг уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг зогсоож, солонгоруулах, данхгар төрийн бүтцийг цомхотгох, Засгийн газрын хэрэгжүүлж байсан 14 мега төслийг үргэлжлүүлэх эсэх асуудалд баримтлах бодлогын талаар илүүтэй сонирхож байлаа.

Нэр дэвшигч Г.Занданшатар, “Төрийн өмчит 129 компанид 12.9 мянган хүн ажиллаж байна. Төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулах, шинэчлэл хийж, төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулах чиглэлээр хувьчлал зохион байгуулах, гэрээний үндсэн дээр ашиглах, зарим ашиггүй компанийг татан буулгах, ажил үүргийг нь хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн хэт оролцоог хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ” гэв. Түүнчлэн “Эдийн засгийг солонгоруулах, уул уурхайн бус салбар тэр дундаа жижиг, дунд бизнесийг дэмжих хамгийн зөв шийдэл нь бизнесийн орчныг сайжруулах явдал. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, татвар зээлийн бодлогоор дэмжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрлөж буй иргэд, ажлын байр бий болгож байгаа баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлийн тулд тогтвортой, залгамж халаатай бодлогыг эрх зүйн болоод институтын түвшинд баталгаажуулах шаардлагатай. Ер нь хэрэгжиж байгаа болон хүндрэлтэй байгаа төслүүдээ санхүүжилт, боломж, шаардлагаар нь эрэмбэлнэ” хэмээн нэр дэвшигч хариулав.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Г.Лувсанжамц, Д.Рэгдэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл, С.Замира, Б.Батбаатар, Б.Жаргалан, Х.Тэмүүжин, Э.Болормаа, П.Наранбаяр, Л.Мөнхбаясгалан, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, Б.Заяабал, О.Цогтгэрэл, Д.Ганбат, Р.Эрдэнэбүрэн, Ж.Баярмаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ богино хугацаанд олон ажлыг амжуулж, асуудал бүрийг шийдвэрлэх боломжгүй ч нэн тэргүүнд нийгмийн даатгалын шимтгэл, татварын хувь хэмжээг багасгах, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, авлига, хээл хахуулийн эсрэг зоримог, шийдмэг, үр дүнтэй тэмцэх, эрүүл мэнд боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.

Мөн цомхон чадварлаг танхимыг бүрдүүлж, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг бодитоор хэрэгжүүлэх, ингэхдээ төрийн бүтцээс гадна төсөл, арга хэмжээний давхардлыг тодорхойлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, үр дүнтэй ажиллах, нийгмийн тодорхой асуудалд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт, татаас, төсөл, арга хэмжээний зардлыг салбар салбараар нь нэгтгэж олон нийтэд ил болгох, хот байгуулалтын салбарыг ч нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоонд шилжүүлэх, нийслэлийн утааг бууруулахад бодлогын томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Түүнчлэн төрийн албыг цомхон болгож, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих, шинэ Засгийн газар салбар бүрийн нэгдсэн мастер төлөвлөгөө боловсруулж санаачилгатай, хурдтай ажиллахыг захиж байв.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжлээ. 

Ингэснээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга үг хэллээ.  /бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр хэлсэн үгэндээ, гадаад улс төрийн орчин, эдийн засгийн тодорхойгүй байдлаар нөхцөлдүүлсэн шинэ нөхцөл байдалд, шинэ сорилт, шийдэл хүлээсэн бодлогын түвшний асуудлууд тулгарч байгааг дурдаад макро эдийн засгийн нөхцөл байдал, гадаад худалдаа, ханшийн асуудал, үнийн өсөлт, зээлийн хүүг эрүүл зохистой түвшинд хүргэх, төрийн албаны  болон татварын татварын реформ, дотоодын бизнесийг дэмжих,  эрчим хүчний найдвартай байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах бодлогод онцгойлон анхаарч, бодит үр дүнтэй шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, төрийн хэмнэлттэй, үр ашигтай бүтэц, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогууд нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Дараа нь Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсонд талархал илэрхийлээд эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүссэнийг дурдав. Эрсдэл, сорилтыг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын үндсэн зорилт байх болно гэдгийг мэдэгдэв.

Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ. Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ. Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотголоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2026.09.07) эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлт 10.02 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 64.3 хувийн ирцтэй болов.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт улсын төсвийн тодотголыг нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч буйг онцолсон юм. Тэрбээр, геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны үр дагавар нь дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, эрчим хүч, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнээр дамжин улс орон, айл өрх, хүн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ эгзэгтэй цаг үед бидэнд улс төржсөн төсөв бус, улсаа бодсон хариуцлагатай төсөв, өнөөдрийг аргацаасан зохицуулалт бус харин маргаашийн тогтвортой байдлыг хамгаалсан бодлого хэрэгтэй гэлээ. Хувийн хэвшлийн орон зайг тэлж, тэдэнд эдийн засгийн эрх чөлөөг олгосон шиг олгох, амласан амлалт, баталсан хуулиндаа эзэн болоход анхаарахыг Улсын Их Хурлын дарга уриалаад, аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар Засгийн газрын төсөв санаачлах эрхийг хязгаарлах нь зохимжгүй гэдгийг сануулан хэлсэн юм.
Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сагийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.  Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний долоон сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгджээ. Энэхүү өсөлтийг айл өрх, ард иргэдийн амьжиргаанд шингээх зорилгоор 435 мянган ахмад настны дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149 мянган төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар тооцсон байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.

Ерөнхийлөгч В.В.Путин уулзалтын эхэнд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр талын харилцаа өнө эртний түүхтэй. ОХУ-ын хувьд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг тэмдэглэлээ. 

Мөн 9 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах өргөн хүрээний асуудлаар санал солилцсоныг онцлов. “Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд дөрөв гаруй хувиар өссөн. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны Түр хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд таатай нөхцөл үүснэ” хэмээн хэлэв. 

Ерөнхий сайд Н.Учрал Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг ахлан ажилласан бөгөөд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гаалийн тариф тэглэх, бууруулах, хөнгөлөх зэрэг эдийн засгийн нэн чухал эерэг зохицуулалт тусгасан байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,  ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.  

Мөн хоёр улсын өндөр, дээд түвшний яриа хэлэлцээ, уулзалт тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд ярилцсан аливаа асуудлыг ажил хэрэг болгоход Ерөнхий сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэв.

Талууд эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бензин, түлш, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын коридор хөгжүүлэх асуудлаар ярилцан тодорхой шийдлүүд гаргав. 

Монгол, Оросын түлш, эрчим хүч, уул уурхайн салбарт шийдэл хүлээж буй Дулааны цахилгаан станц-3, Асгатын уурхайн хамтарсан судалгаа, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төсөл, шатахууны хангамж зэрэг хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров. 

Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор малын гаралтай экспортыг нэмэгдүүлэхэд саад болж буй малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцинжуулалтын асуудлаар хамтран ажиллахаар болов.

Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд өрнөж, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Улсын Их Хурлын Дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, бусад албаны төлөөлөл оролцов. ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Шадар сайд А.Л.Оверчук, Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козлов, Тээврийн сайд А.С.Никитин, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Төв банкны орлогч дарга А.Г.Гузнов болон “Оросын төмөр зам” ХК, “Росатом” улсын атомын эрчим хүчний корпорац, “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлага зэрэг албаныхан байлцлаа.

Цаашид хоёр тал хамтран ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох