Шударга мэдээ
Б.Саранчимэг: Аз жаргалтай хотыг ногоон байгууламжаар нь дүгнэдэг
Зургаадугаар сарын 05-нд “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиолоо. Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас “Дэлхийн байгаль орчны өдөр” болон хүчирхийллийн эсрэг тэмцэгч, энх тайвныг эрхэмлэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жил, дэлхий дээрх тав дахь том шашин болох Сикхийг үндэслэгч Гүрү Нанак Дэв жи Багичигийн мэндэлсний 550 жилийн ойг тус тус тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгах үйл ажиллагааг өнөөдөр (2019.06.05) зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх болон Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав болон Монгол Улсад ажиллаж амьдарч буй энэтхэг иргэд, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж, Сити дээд сургууль, Улаанбаатар Элит дунд сургуулийн оюутан, сурагчид зэрэг нийт 130 гаруй хүн оролцов.

Улс орны хөгжил тэрдундаа аз жаргалтай хотыг илэрхийлэх гол зүйлийн нэг нь ногоон байгууламж юм. Үр хойчдоо тав тухтай, эрүүл орчныг үлдээхийн тулд одооноос төрийн бүхий л шатны байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарах ёстой. Өнөөдрийн үйл ажиллагаа хоёр улсын найрамдалт харилцааны нэг илэрхийлэл болохын сацуу хүүхэд залууст байгаль орчноо хайрлаж хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцох боломж олгож байна гэдгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлсэн үгэндээ онцлов.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 га орчим талбайд шилмүүст, бутлаг, навчит зэрэг зургаан зүйлийн 700 гаруй модыг суулгасан юм.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа “Эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ мод тарьж амралтын өдрөө өнгөрөөвөл хамгийн сайхан өгөөжтэй амралт болохоос гадна бидний хойч үе байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, өсөж өндийсөн газар орноо хайрлан хамгаалах сэтгэлтэй болж төлөвшинө. Дэлхийн байгаль хамгаалах өдөр тохиож байгаа энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгахаар хүүхэд, залуус олноороо ирсэн байгаад баяртай байна” гээд Монгол, Энэтхэг хоёр улсын харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгааг харуулсан арга хэмжээ болж буйг тэмдэглэсэн.

Дашрамд тэмдэглэхэд, 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн зургаадугаар сарын 05-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ.
Энэ өдөр нь байгаль орчны хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа бөгөөд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдөр юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг юм байна.





Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Шударга мэдээ
Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 “Морин-Нисэх”, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн замналд “Шатахуун хангалтын алба” урд, хойд зогсоолыг шинээр нэмэв.


Мөн Х:15 “Жаргалант партизан-5 шар”, Х:21 “5 шар-Ногоон толгойн эцэс” чиглэлийн замналд “361 гарам” урд, хойд зогсоолыг шинээр нэмж, дээрх хоёр чиглэлээс гадна Х:14 “Баруун түрүүн-5 шар” чиглэлийн замналд “Баруун түрүүн засвар 3” урд, хойд зогсоол шинээр нэмэгдлээ.



Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн замналд “Тэрэлж баруун салаа”, “Болор”, “Өгөөмөр”, “Монде тур”, “Шугуй” баруун, зүүн “UB 2”, “Ганц мод”, “Мэлхий хад” хойд, урд зогсоолуудыг нэмж, чиглэлийн нэршлийг Х:4 “Налайх(119-р цэцэрлэг)-Тэрэлж(шилжрээ)” болгон өөрчлөв.

Дээрх замналын өөрчлөлтийг долоодугаар сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
Шударга мэдээ
ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг өнөөдөр зохион байгуулна
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны зургаадугаар сарын 29ний өдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцсэн юм. Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр явуулахаар товыг шинэчлэн тогтоов. Сонсголд хэр бэлтгэсэн талаарх УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад, Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба түрүү долоо хоногт бэлтгэлээ бүрэн хангасан гэж хариуллаа. Гишүүдийн 90 гаруй хувь нь дэмжсэнээр тогтоолыг батлав.
Үргэлжлүүлэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан энэхүү хуулийн төсөл нь хоёр заалттай. Манай улс хөдөө аж ахуйн салбарын харилцааг зохицуулж буй 30 орчим хуультай. Гэхдээ эдгээрийг нэгдсэн зохион байгуулалт, уялдаа холбоогоор хангах шаардлага үүссэн. Тогтвортой хөгжүүлэхийн тулд төрөлжүүлж, бие даасан бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн Ажлын хэсгийг төлөөлж УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ч.Анар гишүүний асуултад хууль санаачлагч гишүүн М.Мандхай хариулахдаа сонгуулийн мөчлөгөөр хэмжих боломжгүй, урт хугацааны төлөвлөлтөөр хөгжих учиртай салбарын онцлогийг тайлбарласан юм. Байнгын хороо санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Уг төслийг Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн бөгөөд Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй томьёолол бүхий нэг санал гаргасныг хэлэлцэж, санал хурааж шийдвэрлэсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төслийг дэмжиж байгааг илэрхийлээд, Тосон уул дахь талбайгаас авах хэмжээг ижил тогтоох санал гаргасан хэмээв. Тэдний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.
Энэ өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Анар, Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, П.Батчимэг, Х.Булгантуяа, Б.Заяабал, Б.Жавхлан, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Л.Энх-Амгалан, Э.Одбаяр, Б.Пунсалмаа, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, А.Ундраа, Д.Үүрийнтуяа нар оролцсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2021/07/22
Элчин сайд Д.Билэгдорж Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Ву-тай уулза...
-
Шударга мэдээ2022/06/20
Хэт өндөр үнэд хяналт тавих журам боловсруулна
-
Шударга мэдээ2024/07/19
30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина
-
Цаг үе2022/02/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ
