Цаг үе
Он гарсаар усны ослоор 23 иргэн нас баржээ
Он гарсаар усны ослоор 23 иргэн нас барсны долоо нь бага насны хүүхэд байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.Иргэд гол усны ослоос дараах байдлаар сэрэмжлэх боломжтой аж.
Усанд живэх осол нь хэнд ч, ямар ч гэр бүлд, хэдийд ч тохиолдож болох ба энэ нь агшин зуурт, чимээгүй тохиолддог. Хэдий та тогтоол усанд буюу бассейнд сайн сэлж чаддаг байсан ч урсгал ус буюу гол, мөрөн гэдэг бол тэс өөр. Голыг гүн, гүехэн гэж таах аргагүй. Харахад гайгүй гүехэн юм гэдэг байдлаар ордогт хамаг эрсдэл “нуугдаж” байна.
Хоёрдугаарт, тогтоол усанд буюу бассейнд ашиглах зориулалттай хийлдэг гудас, тоглоом, чанарын шаардлага хангахгүй бүрэн бус хийлдэг завь зэрэг нь иргэдийг хамгаалахаас илүү аюулд оруулдаг.
Гуравдугаарт, бага насны хүүхэдтэй хамт явж байгаа бол хүүхдээсээ хоромхон төдий ч хараагаа бүү салга. Хоол хийж байх хооронд, найзуудтайгаа хөзөр тоглож байхад, эсвэл утсаар ярьж байх хооронд хүүхэд маань усанд живчихлээ гэсэн нилээдгүй тохиолдлууд бүртгэгддэг.
Дөрөвдүгээрт, хэрэв голын эрэг дагуу амарч, завиар зугаалж байгаа бол эсвэл гол, устай ойр ямар нэгэн үйл ажиллагаа хийж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Учир нь согтууруулах ундаа хүний тунгаан бодох чадвар, тэнцвэртэй байдлыг алдагдуудаг ба шөрмөс татах, булчин нь зангирах зэргээр хөдөлгөөнд саад учруулах эрсдэлтэй байдаг.
Цаг үе
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2026 оны эхний хагас жилд 3 814.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 594.1 (18.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 485.1 (17.5%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 50.4 (22.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2026 оны эхний хагас жилд 3 342.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 439.0 (15.1%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 365.7 (13.8%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 43.3 (49.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас 2026 оны эхний хагас жилд 531.1 мянган хүнд 3 032.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс тэтгэвэр авагчид 12.3 (2.4%) мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 366.1 (13.7%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын 80.1 хувь нь өндөр настны, 11.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 4.4 хувь нь цэргийн, 3.9 хувь нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчид байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: 23-27-нд ихэнх нутгаар үргэлжлэн хална.
2026 оны долоодугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, Алтайн өвөр говиор 37-42 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4 -9 метр. 30-32 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 29-31 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 26-28 хэм дулаан байна.
2026 оны долоодугаар сарын 24-нөөс
2026 оны долоодугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24, 25-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 38-43 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
Цаг үе
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
-
Улстөр нийгэм2020/09/02
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МҮОНРТ-тэй Хамтын ажилл...
-
Улстөр нийгэм2025/10/07
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч э...
-
Улстөр нийгэм2023/09/19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд...
-
Улстөр нийгэм2023/09/04
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараа...
