Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, Улсын Их Хурлын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар холбогдох яамд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай”, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46,  “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолын биелэлттэй танилцах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 321 дүгээр захирамжаар байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахлан ажиллаж байгаа талаар оролцогчдод мэдээлэл танилцуулж, тус ажлын хэсгийн хүрээнд мэдээлэл солилцон цаашид хэрэгжүүлэх ажлын санал солилцохоор уулзалт зохион байгуулж буйг танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолын хүрээнд байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан 19 газрын хил зааг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд өнөөг хүртэл хил зааг батлагдаагүй байгаа хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Золбаяр дурдаад, өмнөх онуудад хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийв.

Улсын тусгай хамгаалалтад авахтай холбогдуулан өмнө нь олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар болон цаашид хил зааг тогтоох асуудалтай холбогдуулан зөвшилцөлд хүрч ажиллах асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж танилцуулсан юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс байгалийн нөөц болон дурсгалт газрын хил заагийг урьдчилж тогтоон, одоогоор ямар нэгэн маргаан үүсээгүй газар нутгийн хил заагийг Засгийн газрын нэгдсэн хуралдаанд танилцуулан шийдвэрлэх, ашигт малтмалын хайгуулын болон, ашиглалтын талбайг эргэн хянах, орон нутгийн  саналыг харгалзан салбарын яамд зөвшилцөн дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргав.

Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд байгалийн нөөц болон дурсгалт газрын хил зааг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэг өмнөх онуудад ажилласан аж. Энэхүү өмнөх ажлын хэсгийн дүгнэлтийг шинэчлэх чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран ажиллахаар төлөвлөж буй талаар тус яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Уранчимэг мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж, байгалийн нөөц болон дурсгалт газрын хил зааг, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбайн хил заагийг орон нутгийн саналыг харгалзан хамтран тогтоож нэгдсэн дүгнэлт гаргах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс биелэлтэд хяналт тавин, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллан, ажлын явцын талаар тухай бүр эргэн  танилцуулахаар тогтов.

УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох