Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 13-нд нутгийн хойд хэсгээр, ялангуяа газар тариалангийн бүс нутгаар, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, Их нууруудын хотгор, хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2025 оны аравдугаар сарын 14-нөөс 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Цаг үе
Стандартын бус дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж байна
Тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна. Нийслэл хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2026 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн, Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-д заасан “Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, зөрчилтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Цаг үе
xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани АНУ-ын Миннесота мужийн хиймэл оюунаар бодит хүмүүсийн хуурамч нүцгэн зураг бүтээх технологийг хориглосон шинэ хуулийг эсэргүүцэн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Миннесота мужийн хууль энэ оны тавдугаар сард батлагдсан бөгөөд наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр товлогдсон байна. Уг хууль нь хиймэл оюуны тусламжтайгаар бодит хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг, дүрс бичлэг бүтээх боломж олгодог технологийг хязгаарлах зорилготой бөгөөд АНУ-д ийм төрлийн анхны зохицуулалтад тооцогдож байна.
Харин xAI компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зөвшөөрөлгүйгээр ийм төрлийн дүрс бүтээж түгээхийг хориглохыг эсэргүүцэхгүй ч шинэ хууль нь үүнээс хэтэрч, хууль ёсны болон зөвшөөрөлтэй контент хүртэл хамарч, хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчдэд нэг зөрчил тутамд 500 мянган ам.долларын торгууль ногдуулах боломжтой гэж үзжээ. Мөн үйлчилгээ үзүүлэгчид хууль зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд чин шударгаар ажилласан тохиолдолд хамгаалах зохицуулалт байхгүй гэж мэдэгдсэн байна.
Миннесота мужийн Ерөнхий прокурор Кит Эллисон уг хуулийг хамгаалж, хиймэл оюунаар хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг бүтээх нь хүний нэр төр, сэтгэл зүй болон хувийн амьдралд ноцтой хохирол учруулдаг гэж мэдэгджээ.
xAI компани Грок хиймэл оюуны үйлчилгээнийхээ ашиглалтын нөхцөлд хүний хувийн нууцыг зөрчих, зөвшөөрөлгүйгээр хүний дүр төрхийг өөрчилж бэлгийн шинжтэй зураг бүтээхийг хориглодог бөгөөд ийм төрлийн зөрчил илэрвэл хэрэглэгчийн эрхийг хаах зэрэг арга хэмжээ авдаг гэж шүүхийн баримтдаа дурдсан байна.
Цаг үе
Эцэг эхчүүд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй контентын сөрөг агуулгыг хязгаарлахыг дэмжжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Боловсролын Ерөнхий газартай хамтран “Соёл, урлагийн салбарын уран бүтээл, тоглолт, концерт, цахим орчинд түгээгдэж буй контентын хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох” зорилгоор 21469 эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн дунд нээлттэй санал асуулга зохион байгууллаа.
Судалгааны үр дүнгээс харахад оролцогчдын дийлэнх нь өсвөр насны хүүхэд, залуучуудад чиглэсэн урлагийн тоглолт, концерт, цахим орчинд түгээгдэж буй контентын ёс зүй, нийгмийн хариуцлагыг сайжруулах шаардлага өндөр байна гэж үзжээ.
Оролцогчдын саналд нийтлэг дараах асуудлууд хөндөгдсөн байна.
Үүнд:
•Хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй дуу, дүрс, цахим контентод бүдүүлэг үг хэллэг, хүчирхийлэл, садар самуун, мансууруулах бодис, архидалт зэрэг сөрөг агуулгыг хязгаарлах
•Уран бүтээлчид, контент бүтээгчид олон нийтэд, тэр дундаа хүүхэд, залуучуудад үзүүлэх нөлөөгөө ухамсарлаж, ёс зүйн өндөр хариуцлагатай ажиллах
•Насны ангилал, агуулгын анхааруулгыг бодитоор хэрэгжүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн контентын хүртээмжийг нэмэгдүүлэх
•Цахим орчин дахь хүүхэд хамгааллын арга хэмжээг сайжруулж, эцэг эхийн дижитал боловсрол, хяналтыг дэмжих
•Хүүхэд, гэр бүл, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх хүмүүжил, эх оронч үзэл, ёс суртахуун, соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх уран бүтээлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Судалгаанд оролцогчид зөвхөн уран бүтээлчид бус, контент түгээгч платформууд, зохион байгуулагч байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалсан, ёс зүйтэй, аюулгүй мэдээллийн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж саналаа илэрхийлсэн байна.
Энэхүү судалгааны үр дүн нь хүүхдийн эрхийг хамгаалах, урлаг, соёлын салбарын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.
Соёл, урлагийн салбар нь нийгмийн үнэт зүйл, хүмүүжил, соёлын дархлааг төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй агуулга нь тэдний төлөвшил, зан төлөв, үнэт зүйлд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Иймээс төр, хувийн хэвшил, уран бүтээлчид, контент бүтээгчид, цахим платформууд, эцэг эх, иргэдийн хамтын оролцоо нь хүүхдэд ээлтэй, аюулгүй, ёс зүйтэй контентын орчныг бүрдүүлэхэд чухал хүчин зүйл болохыг судалгааны үр дүн харуулж байна.
-
Улстөр нийгэм2023/03/13
Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдэл гаргалаа
-
Цаг үе2026/05/27
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
-
Шударга мэдээ2023/05/05
Зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэн...
-
Шударга мэдээ2020/01/21
Баян-Өлгийн аймгийн Булган сум 5-50см цастай, өвөлжилт хүндэрч болзошгүй байна
