Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
2025 оны 11-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулахаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 хэм хүйтэн байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 12-ноос 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Цаг үе
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгана
Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойд талаар Нарны хороолол хүрэх авто замыг барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээсэн.
Энэ авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцаж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүллээ.
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах юм.

Цаг үе
Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, цэнэглэх станцыг барих талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэл дэх “Ногоон өртөө” төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийн судалгааг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар зөвлөлдөв.
“Ногоон өртөө” төслийн үр дүнд авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулж, агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах юм.

Цаг үе
Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ
Үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хамтарсан уулзалт, эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөр барилга, байгууламжийн засварын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд оролцож, барилгын ажлын үеийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвшилцөв.
Мөн “Эрсдэлийг илрүүлж – Аюулгүй байдлыг хангая” сарын аяны хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд хамтран байгууллагын дотоод болон гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр дулаан, усны шугамын худгуудын бүрэн бүтэн байдал, автомашины орц гарц, налуу зам, шат, хашлага, явган хүний зам талбай, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн нөхцөл зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлов.
Хамтарсан үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
