Цаг үе
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын авто зам, түр байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцна. Энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох ажлын хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.
КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “КОП17 хурлын түр байгууламжийн харилцаа холбооны шилэн кабель сүлжээ таталт бүрэн дууссан. Ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгаан хангамж болон авто зогсоолын угсралтын ажил 45 хувьтай байна. Хурлын түр байгууламжийн төслийн талбайд нийт есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тохижуулна. Хурал дууссаны дараа хотын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой ногоон байгууламж болон үлдэх юм” гэв.
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Уг хурлыг зохион байгуулах Үндэсний хороог энэ оны хоёрдугаар сард байгуулсан. Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаагийн хувьд аливаа шийдвэрийг цаг тухай бүрт хурдан шуурхай гаргаж, олон улсын энэхүү томоохон хурлыг амжилттай зохион байгуулахын төлөө нийслэлтэй хамтран ажиллана” гэлээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцож, тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлийг хэлэлцэх юм.


Цаг үе
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгана
Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойд талаар Нарны хороолол хүрэх авто замыг барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээсэн.
Энэ авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцаж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүллээ.
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах юм.

Цаг үе
Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, цэнэглэх станцыг барих талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэл дэх “Ногоон өртөө” төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийн судалгааг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар зөвлөлдөв.
“Ногоон өртөө” төслийн үр дүнд авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулж, агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах юм.

Цаг үе
Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ
Үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хамтарсан уулзалт, эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөр барилга, байгууламжийн засварын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд оролцож, барилгын ажлын үеийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвшилцөв.
Мөн “Эрсдэлийг илрүүлж – Аюулгүй байдлыг хангая” сарын аяны хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд хамтран байгууллагын дотоод болон гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр дулаан, усны шугамын худгуудын бүрэн бүтэн байдал, автомашины орц гарц, налуу зам, шат, хашлага, явган хүний зам талбай, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн нөхцөл зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлов.
Хамтарсан үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
-
Цаг үе2025/05/29
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Цаг үе2022/06/09
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталла...
-
Цаг үе2024/04/08
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Урлаг спорт2024/11/15
“Miss Universe 2024” тэмцээнийг МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй
