Цаг үе
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсын виз мэдүүлэгт орсон зарим шинэчлэлтийн талаар мэдээлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэдээлэлд:
"БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15(Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу.
1. Өмнө нь визны татгалзсан хариу авснаас хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг 3 сар болгон хугацааг богиносгож байна. Иймд монгол иргэд цаашид визны татгалзсан хариу авсан өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол дахин БНСУ-ын виз мэдүүлэх боломжтой.
2. Эмчилгээ(C-3-3)-ний визийг дангаараа хариуцан ажиллах цонхыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-д нээж ажиллуулахаар болов. Иймд цаашдаа монгол иргэд эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхдээ бусад 13 төлөөлөн гүйцэтгэх байгууллагад бус зөвхөн Солонгосын Виз Мэдүүлгийн Төвд хандан мэдүүлэх шаардлагатай.
3. Мөн өвчтөний яаралтай байдал, виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан эмчилгээ(C-3-3)-ний визийг цаг алдалгүй, хурдан олгох “Шуурхай гарц”(Fast Track)-ыг шинээр бий болгож буй тул монгол иргэд “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)” дэх эмчилгээ(C-3-3)-ний визний зөвлөгөөг өгөх хэсэгтэй холбогдохыг хүсэж байна.
4. Түүнчлэн өмнө нь эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхэд шаардлагатай эмнэлгийн тодорхойлолтыг 9 эмнэлэг олгож ирсэн бол энэ удаа шинээр Монгол Хьюндай Эмнэлэг, Агапе Христийн Эмнэлэгийг нэмснээр цаашид 11 эмнэлэгээс тодорхойлолт авах боломжтой боллоо.
5. Иймд дээрх агууллагуудыг тусгасан “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын шинэчилсэн журам(visa finder)” –ыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-ын албан ёсны цахим хуудас зэрэг холбогдох цахим хуудсуудад тавих тул тэдгээр цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье.БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь цаашид үргэлжлүүлэн монгол иргэдийн БНСУ-д зорчих визтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн БНСУ-д зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно" гэжээ.
Цаг үе
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
2025 оны 12 дугаар сард нийслэлд гурван байршилд халиа тошин үүсээд байна. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн халианы түвшингийн давтан хэмжилтийн хүрээнд дараах өөрчлөлтүүд бүртгэгдлээ. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Толгойтын үерийн хамгаалалтын сувагт халианы түвшин 35 см-ээр,
- Баянзүрх дүүргийн 29-р хороо, Сэлбэ голын Их тойруугийн гүүрний хэсэгт халианы түвшин 25 см-ээр тус тус нэмэгдсэн байна.
Ийнхүү халиа тошингийн хэмжээ нэмэгдэж буйтай холбогдуулан халианд өртөх эрсдэлтэй бүсэд оршин суугаа айл өрхүүдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эрсдэлгүй бүсэд нүүн суурьших, болзошгүй халиа тошинд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.
2025 оны арванхоёрдугаар сарын 13-наас 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Цаг үе
"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдааны удирдамжийг танилцуулж байна.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2025 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн 848 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний чиглэлд тусгагдаад буй эсээ бичлэгийн уралдааныг их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Зорилго:Энэхүү эсээ бичлэгийн уралдааны зорилго нь оюутан, сурагчдын дунд үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, мөн чанарыг таниулахад оршино.
Агуулга:Монгол Улсын байгалийн баялгийн өнөөгийн ашиглалтын нөхцөлд дүн шинжилгээ хийж, байгаль орчны хамгаалал, эдийн засгийн үр ашиг, иргэдийн хүртээмж, төрийн хариуцлага, ил тод байдлын зарчимд тулгуурлан “зохистой ашиглалт”-ын ойлголтыг тодорхойлно. Мөн Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалттай уялдуулан бодит шийдлийн хувилбарыг санал болгох.
Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч.
Хамрах сэдэв: Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?
Тавигдах шаардлага:
Эшлэл, зүүлт: Оюуны хулгай (плажиаризм)-аас ангид байх, бусад зохиогчийн бүтээлээс эшилж буй тохиолдолд эх сурвалжийг заавал дурдах;
Үгийн тоо: Сурагч: 1000-1500, оюутан: 1500-3000, үгтэй байх;
Текст: Мөр хоорондын зай single, Arial фонт, үсгийн хэмжээ 12, цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2.5 см хэмжээтэй байх;
Сэдэв: Зарласан сэдвийн хүрээнд, дурдсан хугацаанд багтаан ирүүлсэн байх;
Эх сурвалж: Эсээнд ашигласан эх сурвалжийн жагсаалтыг тодорхой, заавал бичсэн байх.
Хугацаа: Эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдийг 2026 оны 01 дугаар сарын 05-ны өдөр шалгаруулна.
Эсээг 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор info@prdi.mn мэйл хаягт хүлээн авна.
Шагналын сан:
Нэгдүгээр байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 1.500.000 төгрөг
Хоёрдугаар байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Гуравдугаар байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 500.000 төгрөг
Тусгай байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 300.000 төгрөг
*Хугацаа хожимдсон болон агуулга, хэлбэрийн шаардлага хангаагүй бүтээлийг хүлээж авахгүй болохыг анхаарна уу!
-
Цаг үе2024/09/18
Нийслэлд гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өсжээ
-
Цаг үе2021/03/31
Үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан хоёр боть бүтээл хэвлэгдэн гарлаа
-
Цаг үе2025/04/08
Жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон ...
-
Улстөр нийгэм2024/10/14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын ...
