Цаг үе
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын “Асуудал-шийдэл” аян хэрэгжиж байна
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын “Асуудал-шийдэл” аян хэрэгжиж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/203 тоот тушаал, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2025 оны А/749 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хүүхдийн эрхийг хангаж, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг чанартай үр дүнтэй хүргэх, кейс шийдвэрлэлтийг эрчимжүүлэх зорилгоор “Асуудал-шийдэл” аяныг 2026 оны нэгдүгээр сарын 06-ны өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдрийн хугацаанд дүүргийн 43 хорооны хамтарсан баг, холбогдох хэлтэс албадууд зохион байгуулан ажиллана.

Тус аяны хүрээнд 2026 оны нэгдүгээр сарын 15-ны байдлаар
- 2024–2025 оны хугацаанд 0–18 насны хүүхэд үрчилж авсан болон асран хамгаалагч тогтоосон дүүргийн Засаг даргын захирамжтай айл өрх-146,
- Архины хамааралтай өрх-10
- 108, 102-ны давтан дуудлагатай айл өрх-26,
- Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэний тэтгэмжид хамрагдсан айл өрхүүдийн хүүхдийн амьдрах орчин, асаргаа, хамгаалалт, нөхцөл байдалтай айл өрх-10
- Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний тэтгэмжид хмрагдсан айл өрх-13
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа айл өрх-16
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх дэмжлэг, тусламжид хамрагдаж байгаа айл өрх-22
- Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан айл өрхүүдийн хүүхдийн амьдрах орчин, асаргаа, хамгаалалт, нөхцөл байдалтай айл өрх-4
- Тэжээгч нь нас барсаны тэтгэмжид хамрагдсан айл өрхүүдийн хүүхдийн амьдрах орчин, асаргаа, хамгаалалт, нөхцөл байдалтай айл өрх-40
- Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсан тэтгэмжид хамрагдсан айл өрх-3
- Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид хамрагдсан айл өрх-6

Дүүргийн хэмжээнд 296 айл өрхөөр орж нөхцөл байдлыг тодруулан ажилласан байна.
Цаг үе
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Цаг үе
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.


Цаг үе
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.
Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.


