Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ОХУ-ын Красноярскийн хязгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс-ыг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч В.В.Путинтай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал тохиролцоонд хүрснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэмдэглэв.

Хоёр орны Засгийн газар хоорондын комисс, мөн комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ илэрхийлэв.

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаар бүс нутаг, тэр дундаа Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ач холбогдол өгдөг гэдгийг амбан захирагч А.В.Усс хэллээ.

Уулзалтын үеэр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч ойн салбарт, тэр дундаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, үр тариа, рапс нийлүүлэх боломжтойг илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд хамтарсан үйлдвэр байгуулах, инновац, шинэ технологийг хамтран нэвтрүүлэх, Монгол Улсаас хайлуур жонш, ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтойг хэлэв.

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Монгол Улсын Шадар сайдад бараалхаж, нийслэлийн удирдлагуудтай уулзах бөгөөд Булган, Өвөрхангай аймагтай шууд харилцаа тогтоон, хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Г.Занданшатар: Хөдөө аж ахуйд суурилсан өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд орон нутагт ажиллаж байна. Тэрээр Улсын Их Хурлын 2022 оны Намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр орон даяар иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж, ажлаа тайлагнахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудаар санал, мэдээлэл солилцохыг уриалсан.

УИХ-ын дарга уг аяны хүрээнд Баянхонгор аймагт ажиллаж буй бөгөөд Жинст, Богд, Бууцагаан болон Бөмбөгөр сумдын малчид, иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Баянхонгор аймгийн хувьд малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, баг бүрийн төлөөлөл болсон малчин иргэд уламжлалт аж ахуй, өв соёлоо эрхэмлэсэн тэмцээн уралдаан, салбар хэлэлцүүлэг, чөлөөт уулзалтуудад оролцож байгаа юм. Малчдын зөвлөгөөний үеэр сумдын удирдлагууд өнгөрсөн онд орон нутагт хийж хэрэгжүүлсэн онцлох хөтөлбөрүүд, тэр дундаа малчдын нийгмийн хамгаалал, өрхийн үйлдвэрлэлд чиглэсэн зорилтот ажлуудаас танилцуулсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан зарим хуулиуд, ард түмний мэдэх эрхийг хангах, хянан шалгах чиг үүргийн хүрээнд хийсэн ажлууд, Зөвлөлдөх санал асуулгын зарчим, ач холбогдол, Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл цогц хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Түүнчлэн сумдын иргэдтэй уулзах үеэр олон нийтийн зүгээс тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой өөрчлөлтүүд,орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилтот ажлууд, эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээг сайжруулах талаар зарим санал санаачилгуудыг иргэд хэлж байв. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өглөөний уулзалтад оролцож, баялаг бүтээгчдийг бодитоор дэмжих шийдлүүдийн хүрээнд харилцан санал солилцлоо.

Орон нутагт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих, ажиллах хүчнийг төвлөрүүлэх талаар уулзалтад оролцогчид онцолж байсан юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Чан Син Жүн, тус нийгэмлэгийн Ирээдүйн бизнес (инновац) хөгжүүлэх хэлтсийн дарга Чон Хэ Ен тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2023.02.02) хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол Улсад сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл болон Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр, мөн Монгол Улсад сүрьеэгийн халдварын оношилгооны чадавхийг сайжруулах, бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал солилцов.  

Монгол Улсад сүрьеэгийн халдварын оношилгооны чадавхийг сайжруулах, бэхжүүлэх төслийн хүрээнд Монгол Улсад “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулж, үйл ажиллагаа явуулахаар яригдаж буй бөгөөд тус сургалтын төвийг БНСУ-ын сүрьеэ, ковид зэрэг халдварт өвчнийг илрүүлэх, эмчлэх тэргүүлэх туршлага, технологид суурилан, Азийн хөгжиж буй орнуудын сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор байгуулах юм байна.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, тус төслийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Баянзүрх дүүрэгт баригдах сүрьеэгийн шинэ эмнэлгийн үйл ажиллагаатай уялдуулах талаар байр сууриа илэрхийлэв. Мөн Монгол Улсад сүрьеэтэй тэмцэх эмч нарыг бэлтгэх, сүрьеэг илрүүлэх, тэмцэхэд үр дүн гаргах төслүүдийг хэрэгжүүлэх тал дээр Монгол Улсын холбогдох байгууллагууд хамтарч ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.

Уулзалтын үеэр мөн сүрьеэгийн тархалтыг илрүүлэх хиймэл оюун ухаан болон мобайл технологид суурилсан төслийг “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр талууд санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харилцах хэлтсээс мэдээлэв. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 1-нд болж, Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ.

“Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт байна. Эдийн засгийн бусад салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, хөгжүүлэх болон хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах шаардлага байсаар байна.

2021 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 83 хувийг БНХАУ, есөн хувийг  Швейцар болон Сингапур, зургаан хувийг БНСУ болон ОХУ; нийт импортын 33 хувийг БНХАУ, 26 хувийг ОХУ, долоон хувийг  Япон, таван хувийг БНСУ, гурван хувийг ХБНГУ тус тус эзэлж байна. Үүнээс үүдэн экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус экспортыг баримжаалсан, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн, худалдааны түнш орнууд (“Гуравдагч хөрш”-ийн зах зээл рүү нэвтрэх)-ыг нэмэгдүүлэх бодлого шаардлагатай байна.

Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагдсанаар хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ. Мөн төрийн бодлого, үйлчилгээг чанар стандартад нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй, богино хугацаанд хүргэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт, худалдааны үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтаар хангагдах юм.

Тус агентлаг нь 30 орон тоотой, таван хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох