Улстөр нийгэм
ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагч Александр Викторович Усс тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хотуудын найрсаг харилцаа хамтын ажиллагааг тэлэх, нэг бүс нутагт оршдог хотуудын хувьд ижил төсөөтэй байдалд түшиглэсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх талаар талууд санал солилцлоо. Амбан захирагч А.В. Усс “Монгол Улсад хийж буй айлчлал үр дүнтэй байж, Улаанбаатар, Красноярск хот хооронд харилцааны шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр хотод ижил төстэй тал олон. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдардаг бол, Красноярскт Сибирийн бүс нутгийн иргэдийн дийлэнх олонх нь байна. Мөн хоёр хотын хөгжлийн боломж ижил учраас талууд харилцан ашигтай хамтран ажиллах бүрэн боломжтой...” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...Айлчлалын үеэр яригдсан ажил хэрэгч яриа, гэрээ хэлэлцээрийг эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлэхэд хотын зүгээс анхаарч, манлайлан ажиллах болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 1 тэрбум мод тарих хөдөлгөөн орон даяар өрнөж байна Сибирь бол дэлхийн уушги болсон ногоон бүс. Ийм туршлагатай хөрш манай хойно байгаад бид мөн олзуурхаж байгаа...“ гэдгийг онцоллоо. Мөн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалаараа олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэх өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, уулзалтаар яригдсан асуудлууд, байгуулсан санамж бичиг, хэлэлцээр үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгааг дурдлаа.
Уулзалтын үеэр Монголын талаас Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Ихбаяр, Ү.Оюунзул, Б.Мягмар, Б.Өнөбат болон Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, хэлтсийн дарга М.Халтар нар оролцсон бол нөгөө талаас ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К Азизов болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Улстөр нийгэм2024/08/19
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг бетоноор ...
-
Шударга мэдээ2025/04/15
Гадаадаас ажиллах хүч авах асуудлаар хамтарсан уулзалт зохион байгууллаа
-
Цаг үе2020/01/28
Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийлээ...
-
Улстөр нийгэм2020/12/14
Хүний эрхийн сургагч багш бэлтгэх цахим сургалт зохион байгуулна
