Улстөр нийгэм
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон Монгол Улсын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг өнөөдөр (2026.03.12) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 16 үр дүнгийн хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлт, 620 зорилттой, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь үндсэн 4 бодлогын хүрээнд 620 зорилт, 1396 арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн 219 хяналт шинжилгээний шалгуур үзүүлэлттэй батлагдсан.
Үүнээс мэдээллийн эх сурвалж гараагүй 3 үр дүнгийн шалгуур үзүүлэлтээс бусад 13 үр дүнгийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1213 зорилт, арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнг зорилтот түвшинд хүрсэн эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжих хугацааны өссөн дүнтэй харьцуулан Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол “Хяналт-шинжилгээ хийх журам”-д заасан аргачлалын дагуу хяналт-шинжилгээ хийсэн байна.
Хяналт-шинжилгээний дүнгээр тус хөтөлбөрийн хавсралтаар баталсан бодлогын 13 үр дүнгийн 2025 оны хэрэгжилт 55.5 хувь, 2028 оны зорилтот түвшинтэй харьцуулахад өссөн дүнгээр 30.7 хувь, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хавсралтаар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн хэрэгжилт 64.1 хувь, өссөн дүнгээр 46.4 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилт 66.4 хувь, өссөн дүнгээр 38.0 хувь, арга хэмжээний хэрэгжилт 67.9 хувь, өссөн дүнгээр 38.8 хувь байна.
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулан, журамд заасан хэрэгжиж дууссан бодлогыг дүгнэх үнэлгээний арга зүйг ашиглан хяналт-шинжилгээ хийжээ. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн 59.7 хувь, хөтөлбөрийн үр дүн 57.1 хувь, нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэл дунджаар 61.0 хувийн гүйцэтгэлтэй гарсныг Эдийн засаг, хөгжлийн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.








Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.
Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Улстөр нийгэм
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж, Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ.

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ.


